| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00552/И |
| Дугаар | 666 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 666
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Б.Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй Д.Батдоржид холбогдох “4.460.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Б.Эрдэнэсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2015 оны 5-6 сард Дансран овогтой Батдоржид нийт 4600.000 төгрөг хүлээлгэн өгсөн.
Д.Батдорж нь “аж ахуй эрхлэх хэмжээний 5 га газар нэр дээр минь шилжүүлж өгнө гэж тохиролцоод, 2015 оны 3.4 сард мөнгөө шилжүүл” хэмээн зогсоо зайгүй утсаар нэхсэн, хэлсэн мөнгийг нь өөрт нь өгсөн болно.
5 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, 3 дугаар сарын 8-ны өдөр 3960.000 төгрөгийг Шаамарт гэрт нь очиж тус тус хүлээлгэн өгсөн юм.
Гэвч өнөөдрийг хүртэл Т.Мөнх-Учрал, Д.Батдорж нар нь утсандаа хариу өгөхгүй, эхнэрийн дүүг нь гуйж ярих гэтэл “зөгийндөө явсан, хөдөө явсан” гэх мэт хариу хэлүүлээд холбоо барихгүй удлаа. 1 жил 3 сарын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр 3,4 удаа Шаамарт очсон боловч “2015 оны 9 дүгээр сарын дундуур шилжүүлээд өгнө” гэсэн боловч өвөл болж өнгөрлөө.
Хавраас хойш мөн л хариу өгөхгүй, утсаа авахгүй, миний утасны дугаарыг авахааргүй болгоод блоклосон, хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Шаамарт гэрч нь очиж уулзсан. Энэ уулзалтаар 10 дугаар сарын 1-ний өдөр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон боловч мөн л урьдын адил хариу өгөхгүй, газар олж өгөх, эсхүл мөнгөө буцааж өгөх эсэх нь тодорхойгүй болоод байна. Ингээд 2 жил гаран хүлээлээ, холбоо барихгүй, хэлсэн амандаа хүрэхгүй, хэл чимээгүй байгаа учраас хуулийн байгууллагад хандаж байна.
Иймээс Д.Батдоржоос 4460.000 төгрөг, шүүхэд улсын тэмдэгтийн хураамж болох 86950 төгрөгийг тус тус нөхөн төлүүлж хохиролоо барагдуулахад минь туслалцаа үзүүлнэ үү! ... гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Д.Батдорж нар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Д.Батдорж бид хоёр 4.460.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрлээ.
2000.000 төгрөгийг дансаар шилжүүлж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авсан.
100 шил /1 шил нь 1 килограмм/ буюу 100 килограмм зөгийн балыг 1 шилийг 15000 төгрөгөөр тооцож 1500.000 төгрөгийг төлөх,
960.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ах Ж.Мөнхбаяраас шилжүүлж авч өгөлцөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Д.Батдорж гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд нь Д.Батдоржид холбогдуулан “4.460.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 4.460.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр зохигчид эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгний 50 хувь болох 43475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 43475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй Д.Батдоржид холбогдох “4.460.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгний 50 хувь болох 43475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 43475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ