Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 667

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй  “Эрх зүйн ач холбогдол бүхий   үйл явдал”-ыг тогтоолгохыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг  нар   оролцов.                                          

 Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны 03 дугаар байрны 12 тоотод оршин суух 

            Улаантайж овгийн Бархасын Жаргалсайхан /регистрийн  дугаар МТ- 60031717/  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

  Миний бие нь Сэлэнгэ аймгийн Бугантын “Мод бэлтгэлийн аж ахуй”-д хуваарилагдан 1982 оноос 1993 оныг хүртэл хүнд техникийн жолоочоор ажиллаж байгаад,  1996 он хүртэл 3 жил ажилгүй байж байгаад Толгойтын /Бугант/алтны уурхайд, дараа нь Төв аймгийн Заамарын “Монголросцветмет” нэгдлийн ХХК-д буюу Алтны уурхайд, дараа нь Дорноговь аймгийн “Чулуун завод” ХХК-д 2014 он хүртэл ажиллаж байв. Энэ хугацаанд 1987 онд Ойн яамны улсын залуу аварга, 2006 онд Ойн яамны газрын хүндэт медаль зэргээр шагнагдаж байв. 2014 оноос одоог хүртэл Таван толгойн нүүрсний уурхайд хүнд техникийн жолоочоор ажиллаж байна.

           Иймд 1982 оны 03 дугаар сарын 25-нааас 1992 оны 4-р сар хүртэл хугацааны хүнд даацын жолоочоор ажиллаж байсныг “жолоочоор” гэж бичсэн байгаа тул  “хүнд даацын” нөхцөлийг тодорхойлж өгнө үү! гэжээ.

                      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь :

           Б.Жаргалсайхан нь 1982 оноос 1992 оны 4 дүгээр сар хүртэл хүнд даацын тээврийн хэрэгсэлийн жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

           Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь 1981 онд цэргийн алба хааж Ерөөгийн “Мод бэлтгэлийн аж ахуй”-д слесерээр ажиллаж байгаад, жолоочийн курст суралцан, төгсч 1982 оны 03 дугаар сарын 25-нд Мод бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 61 тоот тушаалаар тус баазад жолоочоор ажилд орж, 1992 оны 04 дүгээр сарын 25-ныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан байна.

           Б.Жаргалсайханыг жолоочийн курс төгсөж, Ерөөгийн “Мод бэлтгэлийн аж ахуй”-д мод тээвэрлэх хүнд даацын тээврийн хэрэгсэлийн жолоочоор ажилд ороход түүнийг ажилд авсан тушаалд “хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч гэж тодорхойлон бичээгүйгээс шалтгаалан “хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан” гэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох шаардлага гарсан байна.  .

           Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь Ерөөгийн “Мод бэлтгэлийн аж ахуй”-д хүнд даацын тээврийн хэрэгсэл “МАЗ-509” машины жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан “Сэлэнгэ Бугант” ХХК-ний захиралын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 тоот “Бархас овогтой Жаргалсайхан нь Ерөөгийн МБАА-н авто баазад 1981 оны 6 дугаар сараас 1982 он хүртэл хүнд даацын авто машины                засварчнаар ажиллаж байгаад хүнд даацын мод тээврийн МАЗ, Краз, Белаз автомашины жолоочийн курст суралцан төгсч 1982 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэл  туушийн мод тээврийн МАЗ-509 автомашины жолоочоор ажилласан болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, “Буян-Од” ХХК-ны захирлын 2003 оны 12 дугаар сарын 01-ний  өдрийн 34 тоот “Б.Жаргалсайханыг туушийн мод тээврийн МАЗ-509 маркийн машины жолоочоор ажиллуулсугай” гэх тушаал, мөн нэхэмжлэгчийн  №134717 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 23-27 дугаар хуудсанд бичигдсэн тэмдэглэлүүдэд  “Краз” машины жолооч, туушийн тээврийн жолооч, “HOWO”  машины жолооч, хүнд даацын машины жолооч” гэж тэмдэглэсэн байдал, нэхэмжлэгчийг хүнд даацын тээврийн хэрэгсэлийн жолоочоор ажиллаж байсан болохыг мэдэх хамт ажиллаж байсан гэх Б.Галбаатар, Л.Батцоож, Д.Баатарсүрэн нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчүүдийн  мэдүүлэг зэрэг бичгийн  бусад нотлох  баримтуудаар  нотлогдсон  байна.

         Иймд Улаантайж овгийн Бархасын Жаргалсайханыг  1982 оны 03 дугаар сарын 25-наас 1992 оны 04 дүгээр сарын 25-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Мод бэлтгэлийн аж ахуй”-д хүнд даацын “МАЗ-509” тээврийн хэрэгсэлийн жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь ... намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар  зүйлийн    115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар  зүйлийн 135.2.14-т зааснаар Улаантайж овгийн Бархасын Жаргалсайханыг  1982 оны 03 дугаар сарын 25-наас 1992 оны 04 дүгээр сарын 25-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Мод бэлтгэлийн аж ахуй”-д хүнд даацын “МАЗ-509” тээврийн хэрэгсэлийн жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар Б.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжинд   урьдчилан төлсөн  70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ