Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 676

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Д.Мөнхцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ш.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд холбогдох  “Гэм хор учруулснаас үүссэн 1894.900 төгрөг” гаргуулахыг    хүссэн хэргийг хэлэлцэв.

    Шүүх  хуралдаанд

      Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сант суманд 1990 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 2 дугаар  баг, 3 дугаар хэсэг, 169 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч ажилтай

                               Таканхан овгийн Алтангэрэлийн Ариунзаяа

                                регистрийн дугаар:МЛ- 90030506 

 

       Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотод 1969 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 09 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай

                                Гэндэн овгийн Дашнямын Алтанцэцэг

                                регистрийн дугаар:ЦБ- 69030460 

 

     Хариуцагчийн өмгөөлөгч:Л.Доржпүрэв

                Иргэдийн төлөөлөгч: Д.Болормаа  

                Шүүх хуралдааны нарийн   бичгийн   дарга Э.Бүүвэйцэцэг   нар  оролцов.

 

                                                  Тодорхойлох нь:

                Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

            ...Ш.Үүрийнтуяа миний бие 2004 онд Гантөмөр овогтой Батбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 тоот шийдвэрээр Г.Батбаатарыг 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ү.Болортуяагийн  төрсөн эцэг мөн болохыг тогтоож, сар бүр 11 нас хүртэл хүн амын амжиргааны доод түвшингийн тал хувиар, 11-16 нас хүртэл суралцаж байгаа тохиолдолд 18 нас хүртэл хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн.

    Уг шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд харъяаллын дагуу 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхамд хуваарилагдсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр цалин хөлс  бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдэл хүргүүлэн ажиллагаа хийж эхэлсэн.

              Эхний хэдэн саруудад шийдвэр гарсан өдрөөс  хойш тэтгэлэг гаргуулах ёстой гээд 70.000 төгрөгөөр нилээн хэдэн сар төлбөр гаргуулсан. Хэдэн сар хэдэн төгрөг гаргуулсныг мэдэхгүй. Тэгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэхээс өмнөх саруудыг нөхөн гаргуулж дууссан гээд Ү.Болортуяаг 11 нас хүртэл буюу 2011 оны 11 сар хүртэл сар бүр 36000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сараас хойш сар бүр 91.200 төгрөг гаргуулж олгодог байсан.

 Хүүхдийн тэтгэлгээ хуульд зааснаар буюу хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээгээр авахгүй байгаа гэдгээ сүүлд мэдсэн.

 2008 оноос эхлэн хүүхдийн тэтгэлгийн мөнгийг “ХААН” банкан дахь дансаар шилжүүлж өгдөг болсон бөгөөд өөрийн дансны хуулгын баримтаас шүүн үзэхэд:

 2008 онд 42000 төгрөг, 2009 онд 114.600 төгрөг, 2010 онд 117.450 төгрөг, 2011 онд 234.750 төгрөг, 2012 онд 374.100 төгрөг, 2013 онд 449.700 төгрөг, 2014 онд 533.100 төгрөг, 2015 онд 29.200 төгрөгийг тус тус дутуу гаргуулан олгосон байна. Нийт 1.894.900 төгрөг  болж байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна. 2016 оны 2 сарын 29-ний өдөр Г.Батбаатартай тохиролцон шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагааг хаалгах хүсэлт гарган хаагдсан байгаа.

 Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандсан бөгөөд шүүхээс 65.1.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тогтоол гарсан. Түүний дагуу одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргахаар ажиллагааг дуусгавар болгосон. Гомдол гаргах эрхгүй гэсэн хариу өгч байгаа.

           Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдахаас өмнө энэ асуудал үүссэн мөн нэгэнт надад бодитой 1.894.900 төгрөгийн хохирол учирсан байх тул энэхүү хохирлыг буруутай этгээдээс буюу Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү! гэжээ.

             Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д. Алтанцэцэг  2016 оны 06-р сарын 30-нд  шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар,

            Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяа нь тус шүүхэд хандаж, Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол гэж 1.894.900 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай албанаас энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа шүүхэд гаргаж байна.

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 460 тоот шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багын иргэн Г.Батбаатараас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ш.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэгдсэний дагуу 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний орлогоос суутгал хийгдэж тэтгэлэгийн мөнгийг Ш.Үүрийнтуяагийн дансанд шилжүүлэн ажиллаж тэтгэлэг төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тасралтгүй явагдаж байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэлэх хугацааны хоорондох мөнгийг ч нөхөн төлүүлсэн байсан.

           Тэтгэлэг авагч Ш.Үүрийнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа нь 2015 оны 4            дүгээр сарын 8-ны өдөр тус албанд хандан: шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалтай танилцан Г.Батбаатараас гаргуулж байгаа хүүхдийн тэтгэлэгийн мөнгө дутуу байгаа, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу хүүхдийн тэтгэлэгийн тооцоог хянаж үзэн дутуу мөнгийг олгуулахаар тэтгэлэг төлөгч Г.Батбаатарыг дуудан ирүүлж тайлбар авахад “би төлж үлдэгдэлгүй болгоё” гэсэн тайлбар өгсөн ба 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн газарт Г.Батбаатарын цалин хөлснөөс 50 хувиар суутгах мэдэгдэлийг өгсөн. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэлэг төлөгч Г.Батбаатарын хаягаар очиж “эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг” хийсэн ба хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг эд хөрөнгөөр албадан гаргах зорилготойгоор 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор 4 нэрийн эд хөрөнгийг битүүмжилсэн. 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цалингийн суутгалын мөнгө шилжигдэн хүүхдийн тэтгэлэгийн зөрүү мөнгийг нөхөн гаргах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байтал Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1161 тоот захирамжаар Г.Батбаатарт явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1616 тоот захирамжаар ажиллагааг түдгэлзүүлж, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 644 тоот захирамжаар ажиллагааг сэргээсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүртэл хугацааны нийт 8.628.300 төгрөг төлөхөөс 6.947.308 төгрөг төлөгдөж 1.680.992 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

          2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр тэтгэлэг авагч Ш.Үүрийнтуяа тус албанд өөрийн биеэр хандан: Г.Батбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас татгалзаж байна. Цаашид энэ асуудлаар гомдол гаргахгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтыг хааж өгнө үү! гэснээр тэтгэлэг төлөгч Г.Батбаатарын цалингийн суутгалыг зогсоож битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 71/1 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон болно.

          Өмнө нь Ш.Уүрийнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа шүүхэд нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын мөнгө 2.842.350 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний 28 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа.

          Одоо Ш.Үүрийнтуяа өөрөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан гэм хорын хохирол гэж 1.894.900 төгрөгийг  шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжилсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол гэж 1.800.000 төгрөг шаардах Үүрийнтуяад эрх байна уу? байхгүй ээ, ямар үндэслэл, хуулийн ямарч заалт байхгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг төлөгч Г.Батбаатар нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргийг нь шүүх 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 тоот шийдвэрээрээ баталгаажуулсан. Иймээс хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг манай албанаас нэхэмжлэх биш харин тэтгэлэг төлөгч Г.Батбаатараас нэхэмжлэх үндэслэлтэй юм. Шүүхийн шийдвэрээр тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн эцэг Г.Батбаатараас гаргуулахгүй, цалингаас суутгаагүй мөнгийг тэтгэлэг төлөгчийн өмнөөс үүрэг хүлээж, тус албахариуцах хуулийн зохицуулалт байхгүй.

            Шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа явуулж, гэм хор учруулсан үйлдэл байхгүй тогтоогдоогүй. Үүрэг гүйцэтгэгч бол тэтгэлэг төлөгч Г.Батбаатар, гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол гэж нэхэх хуульзүйн үндэслэл байхгүй. Харин: манай албанаас нэхэмжлэгч тэтгэлэг авагч Ш.Үүрийнтуяад хүүхдийн тэтгэлэгийн зөрүү мөнгийг олгохгүй гэсэн ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй бөгөөд харин ч тус зөрүү мөнгийг нөхөн олгож /шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тэтгэлэг төлөгч Г.Батбаатарт тэтгэлэгийн зөрүүг танилцуулан тайлбар авахад Г.Батбаатар нь би төлнө гэснийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан, мөн Г.Батбаатарын цалингийн суутгалын хэмжээг нэмэгдүүлсэн, Г.Батбаатарын эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийсэн, эд хөрөнгөнөөс тэтгэлэгийн мөнгийг албадан гаргуулах зорилготойгоор эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан гэх мэт/ явж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй явагдаж байсан юм.

             Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үед нь тэтгэлэгийн мөнгийг дутуу, олгосон гэдэг шалтгаанаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тэтгэлэг төлөгч Г.Батбаатар нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс бүрэн чөлөөлөгдөх үндэслэлгүй харин шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа явдал бөгөөд түүний үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн байгууллагаас мөнгө авна гээд байгаа нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан 4 үндэслэлээс бусад тохиолдолд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь дуусгавар болохгүй тул Г.Батбаатар хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг төлөх үүрэгтэй.

             Хамгийн гол анхаарах зүйл бол: Тэтгэлэг авагч Ш.Үүрийнтуяа нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр манай албанд хандаж “тэтгэлэг төлөгч Г.Батбаатартай эвлэрсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас татгалзаж байна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж өгнө үү, цаашид энэ асуудлаар гомдол гаргахгүй болно” гэж бичгээр хусэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу манай алба нь төлбөр авагч, төлөгч нараар гарын үсэг зуруулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 71/1 тоот тогтоол гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1-д зааснаар дуусгавар болгосон билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон тул нэхэмжпэгчийн 2016 оны 5         дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэм хорын хохирлын мөнгө гэж 1.894.900 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө уү.

          Шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, эрүүгийн журмаар шалгаж гэм хор учирсан гэж тогтоосон зүйлгүй, хүүхдийн тэтгэлэгийн дутуу төлөгдсөн мөнгийг гэм хорын хохирол гэж үзэхгүй тул Ш.Үүрийнтуяагийн тус албанаас гэм хорын хохирлын мөнгө гэж 1.894.900 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэжээ.

         Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа шүүхэд гаргасан тайбартаа:

         Ш.Үүрийнтуяа нь 2004 онд Гантөмөр овогтой Батбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гарган улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугартай шүүхийн шийдвэрээр Г.Батбаатар нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Ү.Болортуяагийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна. Улмаар 2006 онд Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхамд анх хуваарилагдан очсон бөгөөд өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна.

Хүүхдийн тэтгэлгийг шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээний тал хувиар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа тохиолдолд 18 нас хүртэл/ хэмжээгээр тус тус тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байгаа бөгөөд нэхэмжлэгч  Ш.Үүрийнтуяагийн хувьд “амжиргааны  доод  түвшингийн хэмжээний тэтгэлэг авахгүй байна” гэдгээ 2014 оны намар 10 сард анх олж мэдсэн. Өмнө нь хүүхдийн тэтгэлгийн  хэмжээний талаар шийдвэр гүйцэтгэгчээс /Долгорлхам/ асууж тодруулахад “хүүхдийн тэтгэлгийг нэмэх тухай хууль гарах ёстой одоогоор хууль гараагүй байгаа” гэсэн хариулт өгдөг байсан байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баримт бичигтэй танилцаж үзэхэд Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд /12.1/ гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна мөн хуулийн 12.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон  гүйцэтгэх баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулна гэж заасан байхад 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гарч 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн баримт бичигт 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үүсгэх 608 дугаартай тогтоол үйлдсэн нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм. Мөн 6 дугаар сард тогтоол үйлдэн  ажиллагааг үүсгэсэн хэдий ч шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч этгээдэд буюу Г.Батбаатарт  2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 зарлан дуудах хуудас, 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 зарлан, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 зарлан дуудах хуудас хувийн хэрэгт  авагдаж 2007 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр анхны цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Үүнээс харахад шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан өөрийн үүрэгт ажилдаа илтэд хайнга хандсан болох нь харагдаж байна.

     ... Цагдаагийн  байгууллагаас авсан баримтаас үзэхэд хүүхдийн тэтгэлгийг сар бүрийн эцэст тогтмол шилжүүлж байгааг харж болно гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн огноог харахад 2014 оны 2- 4 сарын мөнгийг 5 дугаар сард 2 хуваан хийсэн мөн 5-6 сарын мөнгийг 7 сард, 7 сарын мөнгийг 8 сард, 8 сарын мөнгийг 10 сард тус тус хийсэн байгаа юм. Тухайн үед мөнгөө орсон эсэхийг лавлан асуухаар ... “цагдаагаас ороогүй байна. Цагдаагийн байгууллагыйн нягтлангаас асуухаар  манайхаас цаг тухайд нь  сарын сүүлээр мөнгийг нь хийж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас асуу” гэх мэт байдлуудыг удаа дараа гаргадаг байсан байна. Ийнхүү төлбөр авагчийн хууль эрх зүйн мэдлэг тааруу байдлыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хийх ёстой ажиллагааг цаг хугацаанд нь хийхгүй байсны улмаас буюу санаатай эс үйлдлээр төлбөр авагчийг хохироож байсан учир төлбөр авагчид учирсан хохирлыг нэхэмжлэхээр шүүхэд хандаж байна.

 Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар 23-ны өдрийн А/181 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 2.3-т зааснаар ... “хүүхдийн тэтгэлэг бусдын амь бие эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр, торгох болон эд хөрөнгө хураах ялаас урамшуулал суутгахгүй” гэж заасан байх бөгөөд төлбөр авагч иргэнд энэ талаар буруу ойлголт төрүүлэн 2014 оны11 сар хүртэл хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр олгож байгаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан хохирол гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар  “шийдвэр гүйцэтгэгчээс иргэн байгууллагад учирсан хохирлыг хуульд заасан журмыг баримтлан барагдуулна” гэж заасан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар  ... “хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцана” гэсэн үндсэн зарчмын дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол “төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхийн улмаас бусдад  гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэсний дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанаас нэхэмжлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

           Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар энэ хуулийн 498.2-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан учир төр дараа нь буруутай албан тушаалтнаас хохирлыг барагдуулах бүрэн боломжтой юм. Ямар учраас төлөгдөөгүй тэтгэлгийг төлбөр төлөгчөөс нэхэмжлэхгүй байгаагийн учир гэвэл Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч бусад иргэн холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан байх бөгөөд тухайн төлбөр төлөгч нь сар бүр шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийн дагуу тэтгэлгийг шилжүүлж үүргээ сайн биелүүлж байхад төрийн албан хаагчийн буруутай хайхрамжгүй илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирох ёсгүй гэж бодсны үндсэн дээр хариуцагчаа төр хэмжээн тодорхойлсон болно.

      ... Иймд 2008 оноос 2015 он хүртлэх хугацааны хүүхдийн тэтгэлгийн зөрүү болох 1.894.900 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү! …гэв.

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д. Алтанцэцэг  шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа:

          ...Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяагийн гэм хорын хохиролд 1.894.900 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг манай албанаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.Батбаатараас Ш.Үүрийнтуяад 1 хүүхдийн тэтгэлэг олгуулахаар заасны дагуу 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Тэтгэлэг төлөгч Г.Батбаатар цалингийн суутгалаас тэтгэлэг төлдөг байсан. 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад тэтгэлгийн мөнгө төлөгдөөд цалингийн тодорхой хувиар суутгал хийгээд явж байсан. Тэтгэлэг төлөгч Батбаатараас тэтгэлэг гаргуулах үед миний хүүхэд биш гэж маргаж байсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэлэг авагч Ш.Үүрийнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай танилцъя гэсэн хүсэлт гаргасаны дагуу танилцаад хүүхдийн тэтгэлэг дээр хуримтлал үүссэн байна гэж ярилцаад энэ асуудлыг яаж шийдэх вэ? гэсэн хүсэлт гаргасаны дагуу материал хянагдаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цалингийн суутгалыг Г.Батбаатарын цалин орлогоос хийх суутгалыг нэмэгдүүлсэн байдаг. Тухайн үед Батбаатарт цалингаас нь суутгал хийх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгийг нь битүүмжилсэн. Ингээд Батбаатарын цалингийн суутгалаас хүүхдийн тэтгэлгийн мөнгө шилжигдэн нөхөн гаргагдаж байтал Батбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн үед Ш.Үүрийнтуяа нь өөрийн биеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзаж байна гэсэн хүсэлт гаргасан. Цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй 888 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож 71/1 тоотоор ажиллагаа дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх хугацааны 6 сая төгрөг төлөгдөж үлдэгдэлтэй байгаа боловч тэтгэлэг авагчийн өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болсон. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эх хоёр нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу манай албанаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлгүй Батбаатараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Манай албанаас хууль бус ажиллагаа хийсэн зүйлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүүхдийн тэтгэлгийн зөрүү мөнгийг өгөх боломжгүй. Батбаатараас мөнгийг төлүүлэх ямар үндэслэл байна гэхээр манай талаас цалингийн суутгал хийгээд явж байхад өөрсдөө хүсэлт гаргаж тэтгэлгийг зогсоосон. Тэтгэлэг авагч нь Батбаатартай эвлэрсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.

 

                  Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад  

   Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяа шүүхэд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд холбогдуулан  “Төрийн албан тушаалан гэм хор учруулснаас үүссэн 1.894.900 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа “...Хүүхдийн тэтгэлгийг шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээний тал хувиар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа тохиолдолд 18 нас хүртэл/ хэмжээгээр тус тус тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байгаа бөгөөд нэхэмжлэгч  Ш.Үүрийнтуяагийн хувьд “амьжиргааны  доод  түвшингийн хэмжээний тэтгэлэг авахгүй байна” гэдгээ 2014 оны намар 10 сард анх олж мэдсэн. Өмнө нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар шийдвэр гүйцэтгэгчээс /Долгорлхам/ асууж тодруулахад “хүүхдийн тэтгэлгийг нэмэх тухай хууль гарах ёстой одоогоор хууль гараагүй байгаа” гэсэн хариулт өгч  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн тогтоол шийдвэр гарсан цаг тухайд нь нэмэгдүүлэн олгоогүйгээс “...2008 оноос 2015 он хүртлэх хугацааны хүүхдийн тэтгэлгийн зөрүү болох 1.894.900 төгрөг дутуу төлөгдсөн байна. Үүнийг шийдвэр гүйцэтгэх ажилтаны ажлын хайнга хариуцлагагүйгээс болсон хохирол гэж тус байгууллагаас нэхэмжилж байна...” гэжээ.

          Хариуцагчийн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Алтанцэцэг “... Ш.Үүрийнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа нь Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр  тус албанд хандаж: шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай танилцан Г.Батбаатараас гаргуулж байгаа хүүхдийн тэтгэлэгийн мөнгө дутуу байгаа,  үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цалингийн суутгалыг Г.Батбаатарын цалин орлогоос хийх суутгалыг нэмэгдүүлж тэтгэлэгийг нэмж авч байтал Ш.Үүрийнтуяа, Г.Батбаатар нар нь харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тэтгэлэг төлөгч Г.Батбаатар нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймээс хүүхдийн тэтгэлэгийн зөрүү мөнгийг манай албанаас биш тэтгэлэг төлөгч Г.Батбаатараас нэхэмжлэх нь зүйтэй байх.

            Шүүхийн шийдвэрээр тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн эцэг Г.Батбаатараас гаргуулахгүй цалингаас суутгаагүй мөнгийг тэтгэлэг төлөгч Батбаатарын өмнөөс үүрэг хүлээж тус албанаас хариуцах хуулийн заалт байхгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа явуулж гэм хор учруулсан зүйл огт байхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.Батбаатараас Ш.Үүрийнтуяад Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  хүүхдийн тэтгэлэг олгуулахаар заасны дагуу 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтэгэх албаны  71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Долгорлхам шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх хугацаандаа “Хүн амын амьжиргааны доод  түвшинг  тодорхойлох тухай” хуулийн дагуу Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалын дагуу жил бүр  өсөн  нэмэгдэж, өөрчлөлт орж байдаг хүн амын амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр нэхэмжлэгчид олгох тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэн суутгал хийх ажиллагаагаа цаг тухайд нь хийгээгүй, тэтгэлэг төлөгчийн ажиллаж буй албан байгууллагад тэтгэвэр төлөгчийн төлөх тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа эсэх талаар албан ёсоор мэдэгдэж байгаагүйгээс тэтгэлэгийг 2008-2015 он буюу тэтгэлэг авагч гомдол гаргах хүртэл хугацаанд нийт 1.894.900 төгрөг дутуу төлөгдсөн, дутуу тооцон олгож байсан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан “... суутгал хийлгүүлэх мэдэгдэлийг түүний ажиллаж байгаа байгууллага буюу тэтгэвэр тэтгэмж олгож байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтаны буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан “ ...Шийдвэр гүйцэтгэгчээс иргэн, байгууллагад учруулсан хохирлыг хуульд заасан журмыг баримтлан барагдуулна” гэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтэгх албыг хариуцагчаар татан оролцуулсан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан “ шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө  шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэх...” гэсэн хуулийг баримтлан ажиллах байтал нэхэмжлэгчийн нотлох баримтын хүрээнд шүүхэд ирүүлсэн 2008-2014 оны 07-р сар хүртэл хугацаанд төлбөр төлөгчөөс суутган авч байсан төлбөрийн мөнгийг 1-3 сар сарын дараа төлбөр авагчид шилжүүлдэг байсан болох нь хэрэгт авагдасан баримтаар нотлогдож байна.

         Дээрх баримтуудаас үзэхэд А.Үүрийнтуяагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

           Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2005-2015 он хүртлэх хүүхдийн тэтгэлгийн зөрүү мөнгөний тооцоог үндэслэн 1.894.900 төгрөгийг  Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай   хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1.894.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 -д зааснаар нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяагаас улсын тэмдэгтийн хураамж 45.268 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 45.268 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.СОЁЛМАА

                                           ШҮҮГЧИД                                 Л.ЭНХТАЙВАН 

                                                                                             Д.МӨНХЦЭЦЭГ