Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 683

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй С.Солонгод холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 637.400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                              Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч: “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   Нэхэмжлэлийн шаардлага: Сүнжидмаа овогтой Солонгоос 637.400 төгрөг гаргуулах тухай            

   Нэхэмжлэлийн агуулга: ...Иргэн Сүнжидмаа овогтой Солонго нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703120 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх  зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3.2%-ийн хүүтэй зээлж авсан.

   Зээлдэгч С.Солонго нь үндсэн зээл 457.400, хүү нь 168.700 төгрөг, нотиаратын хөлс 11.300, нийт 637.400 төгрөгний төлбөртэй байна. Зээлээ төлөөгүй хугацаа хэтрээд 494 хоног болсон мөн зээлийн гэрээний хугацаа дууссан учир зээлийг яаралтай төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

          Хариуцагч С.Солонго 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд  гаргасан хүсэлтдээ:

        ...“Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Солонго надад холбогдуулан 637.400 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны 04 дүгээр сарын 28-ныг хүртэл сард 150.000 төгрөг төлж нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

                                                                Үндэслэх нь:

               Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь С.Солонгод холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 637.400 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Солонго нь 637.400 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар  хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.772 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 19772 төгрөгний 50 хувь болох 9886 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 9886 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Солонгод холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 637.400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.772 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 19772 төгрөгний 50 хувь болох 9886 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 9886 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                                      ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ