| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0116/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/116 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/116
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш
Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Хт холбогдох эрүүгийн 1921007690025 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Х. /РД: .../
Шүүгдэгч Х нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд “Приус-10” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг “*******” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 3.4б/-д хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 3.1-д заасан “...дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн гэсэн...”/ гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан о нас барж, зорчигч А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай сургуулийн нярав Э надад “хүмүүс унаандаа багтахгүй байна, чи хамт явчих” гэсэн. Улмаар би хамт явж байгаад аймгийн төвөөс 70 гаруй км яваад осолд орсон...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад гэртээ ирсэн. Манай ээж тухай үед “маргааш Цагаан-Овоо сум руу ажлаар явна” гэсэн. Би ээжийг явуулмааргүй байна, настай хүн замдаа ядарна гэж хэлсэн. Гэтэл ээж цаанаас зохион байгуулж байгаа ажил, явна гэж маргасан. Тэгээд би ажилдаа явсан. Өглөө гэртээ ирээд усанд орж байхад эхнэр залгаад “11 дүгээр сургуулийн машин онхолдсон байна, яаралтай эмнэлэг яв” гэсэн. Намайг эмнэлэг очиход ээж маань нас барчихсан байсан. Сургуулийн захирал надад болсон үйл явдлын талаар хэлсэн. Шүүгдэгч надад оршуулгын зардал төлж барагдуулсан...гэв.
Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө манай сургуулийн жижүүр ажилтай Хын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу явсан. ... хойд талын сандал дээр нярав Э, үйлчлэгч ******* нар суусан. ... миний хувьд замдаа унтчихсан бөгөөд машин онхолдож байхад сэрсэн. ... би машинаас гараад харахад үйлчлэгч ******* ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2 метр зайд шидэгдсэн байсан. ... би жижүүр Х-ыг жолоочоор яв гэж үүрэг өгөөгүй...” гэжээ. /хх-ийн 25-26, 139 тал/
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...аймгийн төвөөс 70 орчим км газарт явж байхад гэнэт машин замаас гарч онхолдсон ... миний хувьд осол юунаас болж гарсаныг мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 27-28 тал/
- Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 65 тоот дүгнэлтэд:
Хариулт-1: “Жолооч Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4б/-д хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 3.1-д заасан дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн гэсэн дүрмийн заалтуудын тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Хариулт-2: Жолооч Х нь замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүйгээс осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.
Т.... улсын дугаартай автомашины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.
Хариулт-3: Т.... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, байх боловч дугуй бүрэн бус, гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл бүрэн бус гэж тэмдэглэсэн байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д жолооч дараах үүргийг хүлээн:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан байна.
Харин хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүний засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө гэснээс үзэхэд замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна гэжээ. /хх-ийн 46-47 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 144 тоот дүгнэлтэд:
1. О-гийн цогцост суурь ясны шугаман болон үйрч бяцарсан хугарал, зулай дагз ясны заадсын салсан хугарал, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хүзүүний 3, 4-р нугалмын их биеийн мултрал, хамрын яс, зүүн хацар яс, хоншоор яс, эрүү ясны үүрч бяцарсан хугарал, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, элгэний язрал, дэлүүний бяцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, 2 талын бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн хөмсөгний дотор болон гадна төгсгөл, духны зүүн тал, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний ооч хэсэг, уруулын баруун дээд хэсгийн няцарсан шарх, хүзүү, цээж, баруун, зүүн сарвуу, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Суурь ясны шугаман болон үүрч бяцарсан хугарал, зулай дагз ясны заадсын салсан хугарал, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хүзүүний 3, 4-р нугалмын их биеийн мултрал, хамрын яс, зүүн хацар яс, хоншоор яс, эрүү ясны үүрч бяцарсан хугарал, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, элэгний язрал, дэлүүний бяцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас нас баржаа.
5. Талийгаачийн цусанд спиртын зүйл илэрсэнгүй гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-58, 59-61 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 тал/
- Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13-15 тал/
- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 тал/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-58 тал/
- Хохирол холбоотой баримтууд /хх-ийн 115-128 тал/
- Х-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24, 76-77 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт Х нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд “Приус-10” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг “*******” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4б/-д хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 3.1-д заасан “...дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн гэсэн...”/ гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч А, гэрч Э, гэрч Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 65 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 130 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирол холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Шүүгдэгч Х-ын үйлдлийн улмаас О-гийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын болон бусад зардалд нийт 11.101.369 /арван нэгэн сая нэг зуун нэг мянга гурван зуун жаран есөн/ төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж иргээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х-ын ЖГ ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, “В” ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.101.369 /арван нэгэн сая нэг зуун нэг мянга гурван зуун жаран есөн/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Хын ЖГ ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, “В” ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ