Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 656

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй С.Сарантуяад  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 8.850.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                          Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Нэхэмжлэлийн шаардлага: 7500.000 төгрөг, түүийн алданги 1.350.000 төгрөг, нийт 8850.000 төгрөгийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах

 Сүхбаатар сумын иргэн С.Сарантуяа нь аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр “Шарсан төмсний үйлдвэр байгуулах”-аар зориулалтын дагуу ашиглах, зээлийг график хугацааны дагуу 3 жилийн хугацаанд эргэн төлөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулж санхүүжилт авсан. 

 С.Сарантуяа нь зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 7500.000 төгрөгийг хийгээгүй, гэрээний ерөнхий хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр олгосон 7500.000 төгрөг болон түүний алданги болох 1350.000 төгрөг нийт 8850.000 төгрөгийг барьцааны гэрээний 5.1, 5.2-т заасны дагуу барьцаа хөрөнгөнөөс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү!

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү!

Алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх заалтанд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн тооцов...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Загдсүрэн 2016 оны 12 дугаар сарын  05-ны өдөр шүүхэд гаргасан  хүсэлтдээ:

       ... Аймаг хөгжүүлэх сангаас зээл авсан С.Сарантуяа нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул С.Сарантуяад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Жич төлбөрийн баримт хавсаргав гэжээ.

                                                          Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь С.Сарантуяад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 8.850.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр С.Сарантуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Загдсүрэн нь сайн дураараа татгалзаж байгаа  болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хуулиар хамгаалагдсан гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 156.550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын нэхэмжлэлтэй С.Сарантуяад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 8.850.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн ирэгний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 156.550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                    ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ