| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0074/Э/ |
| Дугаар | 64 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн ******* овогт ******* *******ид холбогдох эрүүгийн 2036000590076 дугаартай, 178/2020/0074/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мөнххайрхан сумын Байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд галч, харуулын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт оршин суух, аминдаа 100 толгой мал, гэр нэг, ачааны авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 365000 төгрөг , урьд ял шийтгэлгүй гэх ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэр “Нарийн хаг” хэмээх газраас иргэн Б.Ахытханы өмчлөлийн бог мал болох 10 тооны сэрх, 10 тооны эм ямаа нийт 20 тооны бог малыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух иргэн Г.Мөнхтулгад худалдан борлуулж иргэн
Б.Ахытханд 1900000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Малд үзлэг хийсэн...Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Б.Ахытханы мал байх газар нь Бая-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Торны эхэн” гэх нэртэй газарт байх бөгөөд уг мал байх газарт ирэхэд иргэн Б.Ахытханы өөрийн байшин байв. Уг байшингийн ертөцийн зүгээр баруун зүгт харсан байх бөгөөд уг байшингийн ард талд малын хашаа байлаа. Уг хашаанд Б.Ахытхан нь бог малаа хашдаг гэх бөгөөд уг малыг тоолоход нийт 520 тооны бог мал байв. Үүүнээс 226 хонь, 304 ямаа байв. Иргэн Б.Ахытханаас энэ мал хаана өвөлжсөн талаар асуухад бүгдээрээ Мөнххайрхан сумын Хаг багт Б.*******ийн малтай өвөлжсөн гэж хариулсан. 2020 оны 01 сарын 25-нд төрдөг малаа очиж авсан. 2020 оны 02 сарны 27-нд төрдөггүй малаа авсан. Малаа авсанаас хойш манай малнаас үхэж хорогдсон мал байхгүй гэж ярьсан . Иргэн Б.Ахытханы мал нь зүүн чих нь урдаасаа ухам баруун чих нь сод имтэй байх бөгөөд Б.******* иргэн Б.Ахытханы 3 настай эр ямаа 8, эм ямаа 8, хонь 4-ийг өгсөн байх бөгөөд уг мал нь баруун чих нь сод, зүүн чих нь Гөлөм имтэй бүгд баруун чихэндээ шар даавуутай байв. Үзлэгийг дуусгав Үзлэгийн явц байдлыг кадр зургаар бэхжүүлж авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-10-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мөнхтулгын гэрчээр өгсөн...2019 оны 12 сарын 08-ны орой Б.******* нь манай гэрт ирээд “ мал авч байна уу гэж асуухаар нь мал авч байгаа “ гэж хэлсэн. Мал зарна гэхээр нь аваад ир гэж хэлсэн. Тэгтэл манай мал Хагт өвөлжөөнд байна гэсэн. Б.******* нь 10 л бензин хийж өгөөд Хагт гараад ир гэхээр нь А.Батхуягийн хамт очсон. Б.******* малаа туугаад ирсэн байсан. Надад 20 ямаа, 3 хонь өгсөн. 5-аас дээш насны 10 сэрх, 10 эм ямаа байсан. 3 хонь өгсөн. Нэг сэрхийг 110000 төгрөгөөр , эм ямааг 70000 төгрөгөөр, 1 төлөгийг 80000 төгрөгөөр бодож авсан. 2019 оны 12 сарын 10-ны өдөр Б.*******ийн дансруу нь 1850000 төгрөг, А.Батхуягийн данс руу 140000 төгрөгийг шилжүүлсэн. Б.******* нь надад 50000 төгрөгний өртэй байсан тул түүнийгээ өрөндөө авсан. Би 2019 онд 25 тонн мах бэлдэж ачуулсан. Б.******* нь миний мал гэж зарсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Батхуягийн гэрчээр өгсөн...2019 оны 12 сарын 08- ны өдөр Б.******* нь сумын гудманд надтай таараад “мал авч байгаа хүн байна уу” гэж асуухаар нь Г.Мөнхтулгатай уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд Б.*******ийн хамт Г.Мөнхтулгын гэрт очсон. Б.******* нь манай мал Хагт байгаа маргааш өглөө хагт гараад ир гэж хэлээд Г.Мөнхтулгад 10 л бензин хийж өгөөд явсан. 2019 оны 12 сарын 09- ний өдөр Г.Мөнхтулга над руу утасдаад хоёулаа хамт яваад Хагаас мал аваад ирье гэхээр нь хамт очиход Б.******* нь Хагт малаа туугаад ирсэн байсан. Тэгээд 20 ямаа, 3 хонь өгсөн. Б.******* нь өөрийн мал гэж байсан. 5-аас дээш насны 10 сэрх, 10 эм ямаа, 3 хонь байсан. Чихэндээ шар даавуутай байсан. Аль чих байсныг сайн санахгүй байна. Тухайн малыг мал нядалгааны газарт нядалсан...гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Жанахасарын гэрчээр өгсөн... 2019 оны 12 сард Мөнххайрхан сумын Артвай гэдэг газарт Б.*******ийн өвөлжөөнд ах И.Оразбекийн хамт өвөлжсөн. 2019 оны 12 сарын 08-нд Б.******* ганцаараа мал дээрээ ирсэн. Би И.Оразбек ахыг аваад сумын төв ороод ирнэ гээд явсан. Манай ах И.Оразбек хэд хоногийн дараа зүсээр хэдэн ямаа дутаж байна гэхээр нь малаа тооллоход 20 ямаа дутсан. Тэгээд аавдаа утсаар хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Б.******* ирээд манай мал зарсан гэдгээ хүлээгээд манай малны оронд өөрийнхөө малнаас өгсөн. Манай малтай хамт хадам аавынх нь малтай нийлээд 200 гаруй толгой мал өвөлжиж байсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд И.Оразбекийн гэрчээр өгсөн...Манай хадам ах Г.Ахытханы мал Мөнххайрхан суманд өвөлжиж байсан. 2019 оны 12 сарын 08- ны орой Б.******* нь мал дээрээ ирсэн. Манай дүү бид хоёр сумын төв ороод, дүү орой нь буцсан. Маргааш нь Б.*******ийн хамт ирээд бид хоёр мал руугаа буцсан. Мал алга болсон талаар 12 сарын 11- ний өдөр малаа хариулж байх үедээ мэдээд ах Г.Ахытханд хэлсэн. Манай ах 12 сарын 30-нд ирж мал тоолоход 20 ямаа дутсан...гэх мэдүүлэг / хэргийн 21 дүгээр хуудас/
Мал үнэлсэн тухай шинжээчийн... эр ямаа- 10 х 110000- 1100000 төгрөг, эм ямаа- 10х80000- 800000 төгрөг, нийт 1900000 төгрөг / хэргийн 23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багт оршин суух, 1976 оны 01 сарны 23-ны өдөр төрсөн,бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ******* регистрийн дугаартай, 43 настай, эрэгтэй, ******* ******* овогт ******* Ахытханы өгсөн...2019 онд манайх бог малаа Мөнххайрхан сумны иргэн Б.*******ийн өвөлжөөнд өвөлжүүлсэн. Манайх Мөнххайрхан суманд сүүлийн 10 гаруй жил Б.*******ийн өвөлжөөнд хамт өвөлжиж байна. Б.******* манай малаас 10 тооны сэрх 10 тооны эм ямаа зарсан байсан. 2019 оны 12 сарын сүүлд мэдсэн.Тэгээд Мөнххайрхан суманд очоод малаа тоолоход 20 тооны ямаа дутсан. Б.******* болон манай мал хариулж байсан манай дүү И.Оразбек миний хүү Жанахасар нар тухайн үед мал дээр байж байхад Б.******* манай мал дээр байсан 2 хүнийг Мөнххайрхан сумын төв рүү явуулсаны дараа зарсан байсан. Манай дүү И.Оразбек зүсээр цагаан сэрх алга байна гэж над руу утсаар хэлсэн. Тэгээд би Мөнххайрхан орж малаа тоолж мэдсэн. Надад 20 тооны малын оронд 8 тооны гунан сэрх 8 тооны эм ямаа 4 тооны эм хонь өгсөн. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн малчин ******* *******ийн “ 2019 оны Мал тэжээвэр амьтад хашаа худгийн тооллого “ хонь- 146, ямаа 103, бүгд 271 толгой мал / хэргийн 30 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Мөнххайрхан сумын Хаг багийн иргэн бөгөөд мал маллаж, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би Хаг багийн нутаг Артвай гэх газарт байнгын өвөлжөөтэй бөгөөд манай хадам ааваас өвөлж ирсэн өвөлжөө байгаа юм. Тэгээд жил болгон Баян-Өлгий аймгийн Булган сумаас малчид Мөнххайрхан сумын нутагт малаа өвөлжүүлж хавар болохоор буцааж авдаг уламжлалтай отор хийдэг. Тэгээд тэр уламжлалын дагуу хуучны танил байнга хамт нутаглаж таньдаг болсон Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн малчин Б.Ахытхан гэдэг хүн өөрийнхөө 526 тооны бог малыг манай хотонд өвөлжүүлэхээр тохиролцож улмаар мал нь 2019 оны 10 сарын эхээр ирсэн. Тэгээд миний хажууд хамт мал маллаж Б.Ахытханы хүү болох Хасар, хүр дүү болох И.Оразбек нар хамт мал маллаж байсан. Тэгээд надад мөнгө хэрэг болоод байхаар нь өөрийнхөө малнаас борлуулах гэтэл миний мал дутаад байхаар нь Г.Мөнхтулга гэдэг хүнд Б.Ахытханы 10 сэрх, 10 эм ямаа нийт 20 тооны ямаа зарсан. Мөн дээр нь өөрийнхөө малнаас 3 тооны хонь зарсан. Тухайн үед 2019 оны 12 сарын 09-ний өдөр Жанахасар, И.Оразбек нар Мөнххайрхан сум руу усанд орох хувцсаа угаахаар явсан. Тэгээд 2019 оны 12 сарын 09-ний өдөр Жанхасар буцаж ирсэн бөгөөд Розбек нь 2 хоногийн дараа ирсэн. Тэгээд Жанахасарт танай малнаас 20 ямаа зарсан талаараа хэлсэн. Тухайн үед би малын эзэнтэй утсаар холбогдож малыг нь зарах талаар хэлэх гэсэн боловч утсаар ярих боломжгүй байсан тул хэлж чадаагүй. Тэгэхдээ урьд нь буюу 2019 оны 12 сарны 02-ны үед сумын төвд байхдаа Б.Ахытхантай утсаар яриад “таниас хэдэн сэрх сольж зарах” гэсэн юм. Миний сэрх бие нь бага залуу болохоор үнэ хүрэхгүй байна. Дараа оронд нь жижиг сэрх өгье” гэж хэлсэн чинь Б.Ахытхан нь “тэг тэг” гэж зөвшөөрч байсан юм. Тэгээд хэлээд зөвшөөрсөн юм чинь гэж бодоод 2019 оны 12 сарын 09-ний өдөр 20 тооны ямаа зарсан. Би малыг малаар нь өгсөн. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг / хэргийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Хаг” багийн нутаг дэвсгэр “Нарийн хаг” хэмээх газраас хамт өвөлжиж байсан Б.Ахытханы бог малаас 10 тооны сэрх, 10 тооны эм ямаа нийт 20 тооны ямааг Б.Ахытханд мэдэгдэхгүйгээр нууцаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн иргэн Г.Мөнхтулгад өөрийн 3 тооны хонины хамт 1800000 төгрөгөөр худалдан борлуулж иргэн Б.Ахытханд 1900000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллаганы явцад 8 тооны гунан сэрх, 8 тооны эм ямаа, 4 тооны эм хонь өгч хохирлыг төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн өөрийнх нь мэдүүлснээр “надад мөнгө хэрэг болоод байхаар нь өөрийнхөө малнаас борлуулах гэтэл миний малын нас бага, бие жижиг , үнэ багатай байсан тул Б.Ахытханы хотноос 10 сэрх, 10 эм ямаа нийт 20 тооны ямааг Г.Мөнхтулгад нууцаар зарсан гэх үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь нууцаар, хууль бусаар, бусдын 20 тооны ямааг зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын мал хулгайлсан...гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ахытханы өгсөн...Мөнххайрхан суманд очоод малаа тоолоход 20 тооны ямаа дутсан. 20 тооны ямааны оронд 8 тооны гунан сэрх, 8 тооны эм ямаа, 4 тооны эм хонь өгсөн. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх / хэргийн 26-27-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг хохирогч Б.Ахытханд учруулсан хохирол 1900000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 52 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Г.Ганболдын...Б. ******* нь урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Манай багийн шилдэг залуу малчдын нэг...гэх мэдүүлэг / хэргийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Г.Даваадалайгийн...Б.******* нь даруухан дуу цөөтэй, хүнд тусархаг ямар нэгэн муу зуршилгүй, 2007 онд цэргийн алба хаасан, 2014 онд гэр бүл болсон, эхнэр, хүүхдүүдийг хамт амьдардаг, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Засаг даргын 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 11 дугаартай...Тус сумын Хаг багийн малчин Б. ******* нь 1986 онд төрсөн, 34 настай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн...гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь хохирогчид учруулсан хохиролоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь бусдын 20 тооны ямаа хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар ,ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг...хүлээлгэж, цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Vingang” маркийн улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 сарын 01- ний өдрийн 5/50 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэх саналтай гэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирол төлсөн зэргийг харгалзан тэнсэж өгнө үү? гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрийнх нь дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хохирогчид учруулсан 1900000 төгрөгийн хохирол төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Vingang” мркийн улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 5/50 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000590076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 2036000590076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 1900000 төгрөгийг бодит байдлаар төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ...оршин суух газар ,ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******ид тайлбарласугай.
6. Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Vingang” мркийн улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 сарын 01- ний өдрийн 5/50 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Б.*******ид“хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА