Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 660

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар   Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй Д.Урангоод холбогдох  “2626.000 төгрөг гаруулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

               Хариуцагч: Завхан аймгийн Шилүүстэй суманд 1976 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 098 тоотод оршин суух хаягтай, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сэлэнгэ Салбарт нярав ажилтай  

                                        Нарванчин гэгээн овгийн  Дашдондовын Урангоо  

                                        регистрийн  дугаар:МЮ- 74061401 

             Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагийн  өмгөөлөгч: М.Гансүх

             Хариуцагч  Д.Урангоогийн   өмгөөлөгч: Г.Амартүвшин            

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар   оролцов.                                       

                                                          Тодорхойлох нь:

               Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 4 дүгээр баг,  2 дугаар хэсэг, 002 тоотод оршин суух хаягтай, “Итгэлт- Агь” ХХК-ий захирал ажилтай,

               Баатар овгийн Эрдэнэцогтийн Эрдэнзаяа  /регистрийн  дугаар МЬ-82121202/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

               Д.Урангоо нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Э.Эрдэнэзаяа надтай албан ёсны гэрээ байгуулан 1000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл хүү, алданги, үндсэн зээлийг төлөхгүй намайг хохироож байна.

               Иймд Д.Урангоогоос зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болох 1000.000 төгрөг, түүний 3 сарын хүү болох 300.000 төгрөг, мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар төлөгдөхгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0.3 хувиар нийт 340 хоногийн алданги болох 1326.000 төгрөг, нийт дүнгээр 2626.000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

               Нэхэмжлэгч: Э.Эрдэнэзаяа 2016 оны 11 дүгээр сарын 16-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
               Э.Эрдэнэзаяа миний бие Д.Урангоогоос зээл, зээлийн хүү, алданги гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл Д.Урангоо нь уг мөнгийг төлсөн, мөнгө төлөхгүй, хуурамч гэрээ байгуулсан мэтээр тайлбар гаргасан байна. Үүнийг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй.

             Учир нь: Д.Урангоо нь надад хүсэлт гарган 2014 оны 07 дугаар сарын 03-нд 1000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн.

Хүү сар бүр 10 хувийн хүүтэйгээр тооцож бодохоор тохиролцсон. Ингээд 2 сарын хүү 200.000 төгрөгийг өгөөд үндсэн зээл болон бусад хүүг өгөөгүй олон сараар зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн. Гэрээний хугацаа дууссан учраас миний зүгээс үндсэн зээл болон сарын хүүг удаа дараа шаардаж байсан.  Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Урангоо надтай дахин тохиролцож ярилцан гэрээндээ өөрчлөлт оруулж 1000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, хүүг сар сард нь төлөхөөр дахин гэрээ хийж хугацааг сунгасан. Уг гэрээг Урангоо бид хоёр сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний зүгээс Урангоог хуурч мэхлэн ямар нэгэн байдлаар гэрээнд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Улмаар гэрээний хугацаа дуусаж Урангоогоос үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг утсаар байнга нэхэж байсан юм. Ингэхэд “төрийн банкнаас 5000.000 төгрөгийн зээл авна, тэгээд чиний мөнгийг өгнө, эсвэл чамд өгөх ёстой 2500.000 төгрөгөнд BSB электрон барааны дэлгүүрээс бараа лизингээр авч өгнө” гэж   хэлсээр өдийг хүрсэн. Иймд миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

         Хариуцагч Д.Урангоо  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     … Би 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1000.000  төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж Э.Эрдэнэзаяагаас авсан. Гэтэл Эрдэнэзаяа “таниас би мөнгөө авахдаа 10 хувийн хүүтэйгээр авна. Хэрвээ хугацаа нь хэтэрвэл өдрийн 0,3 хувийн алданги тооцно” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 18-нд “ХААН” банкнаас цалингийн зээл авч сая төгрөгийг нь өгсөн. Тухайн үед би зээлсэн мөнгөний хүү гэж хангалттай мөнгө Эрдэнэзаяад төлж байсан. 2015 оны 06 дугаар сарын 19-нд Эрдэнэзаяа  надыг мөнгө зээлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.  Би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр өдөр энэ гэрээн дээр гарын үсэг зуруулсан боловч би мөнгө аваагүй.  Тэр гэрээнд гарын үсэг зуруулахдаа “би таньд 8 хувийн хүүтэй өгсөн мөнгийг 10 хувийн хүүтэй гэж гэрээ хийх хэрэгтэй байна” гэсэн юм ярьж гарын үсэг зуруулсан. Би өмнө нь хүний газрын гэрчилгээ авч зээл авсан байсан учир тэр гэрээнд нь гарын үзэг зураад л нөгөө хүний газрын гэрчилгээг Эрдэнэзаяагаас авсан.  Түүнээс биш 2015 оны 6 дугаар сарын 19-нд би Эрдэнэзаяагаас ямар ч мөнгө төгрөг  аваагүй... гэв.

 

                      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                           Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь Д.Урангоогоос “Зээл, зээлийн хүү, алдангийн хамт 2.626.000 төгрөг гаруулах  нэхэмжлэл гаргасан  байна.

            Хариуцагч Д.Урангоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Э.Эрдэнэзаяа нь шүүхэд “2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Урангоо нь “зээлийн гэрээ“ байгуулж үндсэн дээр 1000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн” гэснээр үндсэн зээл 1000.000 төгрөг, хүү 300.000 төгрөг,  хугацаа хэтэрсэн алданги 1326.000 төгрөг нийт 2626.000 төгрөг” нэхэмжилсэн байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч “...Тэр өдөр энэ гэрээн дээр гарын үсэг зуруулсан боловч би мөнгө аваагүй. Тэр гэрээнд гарын үсэг зуруулахдаа “би таньд 8 хувийн хүүтэй өгсөн мөнгийг 10 хувийн хүүтэй гэж гэрээ хийх хэрэгтэй байна” гэсэн юм ярьж гарын үсэг зуруулсан...” гэх тайлбар болон шүүхэд нэхэмжлэгчийн ирүүлсэн “...Д.Урангоо нь надад хүсэлт гарган 2014 оны 07 дугаар сарын 03-нд 1000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Хүү сар бүр 10 хувийн хүүтэйгээр тооцож болохоор тохиролцсон...”  гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нь бичгээр хийгдэж, гарын үсэг зурж баталгаажсан хэдий боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэсэн хуулийн дагуу уг гэрээгээр зохигчдын хооронд ямар нэгэн мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

             Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь “...Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Урангоо надтай дахин тохиролцож ярилцан гэрээндээ өөрчлөлт оруулж 1000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, хүүг сар сард нь төлөхөөр дахин гэрээ хийж хугацааг сунгасан...” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч түүнийгээ нотлоогүй, харин хариуцагч зээл авсан гэх гэрээ байгуулсан өдөр буюу  2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  “ХААН” банкны Сэлэнгэ салбараас 7500.000 төгрөгийн зээл авсан баримт хэрэгт авагдсан нь  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  “...Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 18-нд “ХААН” банкнаас цалингийн зээл авч сая төгрөгийг нь өгсөн...” гэх мэдүүлгийг давхар нотолж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

             Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяад шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцохгүй тухай “... миний бие ... Улаанбаатар хотруу эмчлүүлэх шаардлагатай болсон тул шүүх хуралд оролцох боломжгүй байгаа учраас миний өмнөөс өмгөөлөгч маань шүүх хуралд оролцох болно” гэсэн хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй Д.Урангоод холбогдох  2626.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 56.966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурьдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн  дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Д.МӨНХЦЭЦЭГ