Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатар би Э.Нинжбадамын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох “2017.08.09-ний өдрийн 158 дугаартай захирамж, 2017.09.19-ний өдрийн 178 дугаартай захирамжуудыг хууль бус үндэслэлгүй байх тул хүчингүйд тооцуулах, ажилд эгүлэн тогтоолгох, 2017.08.09-ний өдрийн захирамжийн дагуу цалингаас суутгал хийсэн 140.700 төгрөгийг гаргуулах, 2017.09.19-ний өдрөөс шүүхийн гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч Э.Нинжбадам шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Энэбиш овогтой Нинжбадам миний бие нь тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй хүн амын эрүүл мэндийн манаанд чин сэтгэлээ зориулан ажилласан төдийгүй үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй билээ. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаартай Сэлэнгэ Ерөө сумын Засаг даргын захирамжаар надад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг баримтлан эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй гэсэн үндэслэлээр албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай бууруулсугай гэсэн захирамж гарсан юм. Энэ захирамж нь үндэслэл муутай байсан учир нь Сахилгын шийтгэл оногдуулж байгаа талаар ямар ч үг өгүүлбэр байхгүй ерөнхийд нь хуулийн заалтаар нь сахилгын шийтгэл оногдуулж байна гэж миний бие ойлгосон. Энэ тагаар гомдол гаргах гэж байтал дахин 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 178 дугаартай захирамжаараа урьд нь гаргасан захирамжийнхаа үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулаагүй байсан гэсэн үндэслэлийг дахин давтан бичиж нэг зөрчил дээр давхардуулан арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.

Мөн энэ захирамжинд иргэдээс гомдол ирдэг эрхлэгчийнхээ ажлыг хийж чадахгүй байгаа талаар үндэслэлгүй зүйл бичсэнд маш их гомдолтой байна. Надад холбогдуулан иргэдээс нэг ч ажил үүрэгтэй минь холбоотой асуудал гарч байгаагүй тул худал зүйлээр тэр тусмаа нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж нэг зөрчилд 2 арга хэмжээг давхардуулан авч байгаа нь хуулийн зохих заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн үндэслэлээр миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд би төрийн жинхэнэ албан хаагч биш төрийн үйлчилгээний албан тушаалтан тиймээс төрийн албаны хуулиар надад арга хэмжээ тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Дээрхи 2 захирамж хуулийн шаардлага хангаагүй, баримталсан хууль тогтоомж нь сахилгын шийтгэл оногдуулж байгаа арга хэмжээтэй нийцээгүй хууль буруу баримталсан зэрэг олон зөрчил илэрч байгаа төдийгүй хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

            1.2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаартай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжийн захирамжлах хэсэгт баримталсан МУЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 нь засаг даргаас эрх хэмжээний хүрээнд гаргах эрх зүйн актыг тодорхойлсон заалт. Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20.1 заалт тусгай зөвшөөрлийг олгох байгууллагыг тодорхойлсон заалтыг баримталсан байна.

            2.2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 178 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт баримталсан заалт нь

            -Эрүүл мэндийн тухай хуулийн11.5 гэсэн заалт байхгүй.

            -Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3 дахь заалт нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг тус тус удирдлага болгон ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон байна.

Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх хуулийн заалтыг баримтлаагүй байж ажлаас чөлөөлсөн Тэгээд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтаар сум тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн томилж чөлөөлнө гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө энэ талаар Ерөө сумын Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүйгээр ажлаас чөлөөлсөн болно.

            Миний бие ажлаас чөлөөлөх захирамжийг хүлээн авч хуулийн хугацаанд Сэлэнгэ аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2017 лны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу өгөхгүй намайг хохироож байна. Би олон удаа очиж уулзсан боловч хугацааг нэг сараар сунгасан танд хариу өгөх хүн нь  ээлжийн амралттай байгаа гэх мэтийн цааргалсан хариу өгч байгаа учраас ЗХХШТХ-ийн 14 дүгээр зүйлийг удирдлага болгон тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Хариуцагч Ерөө сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Нинжбадамын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу 5 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Э.Нинжбадамын шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Ерөө  сумын Засаг даргад холбогдуулан “2017.08.09-ний өдрийн 158 дугаартай захирамж, 2017.09.19-ний өдрийн 178 дугаартай захирамжуудыг хууль бус үндэслэлгүй байх тул хүчингүйд тооцуулах, ажилд эгүлэн тогтоолгох, 2017.08.09-ний өдрийн захирамжийн дагуу цалингаас суутгал хийсэн 140.700 төгрөгийг гаргуулах, 2017.09.19-ний өдрөөс шүүхийн гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ерөө сумын Засаг дарга  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлж хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Нинжбадамын нэхэмжлэлтэй,        Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох “2017.08.09-ний өдрийн 158 дугаартай захирамж, 2017.09.19-ний өдрийн 178 дугаартай захирамжуудыг хууль бус үндэслэлгүй байх тул хүчингүйд тооцуулах, ажилд эгүлэн тогтоолгох, 2017.08.09-ний өдрийн захирамжийн дагуу цалингаас суутгал хийсэн 140.700 төгрөгийг гаргуулах, 2017.09.19-ний өдрөөс шүүхийн гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нинжбадамд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР