Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю:Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар /томилолтоор/,

яллагдагч Ю:Ц, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од,

хохирогч ..................,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 815 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ю:Цт холбогдох 201725020818 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.................. овогт Ю..................гийн Ц.................., 1984 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “..................” ХХК-ны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

Ю:Ц нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20-21 цагийн хооронд “..................” ХХК-ны 26-039 дугаартай том оврын автобус жолоодож явахдаа огцом тормозлон зогссоны улмаас зорчигч .................. унаж биедээ зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, уушигны няцрал, хэсэгчилсэн уналт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ю:Цын үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч ... яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчлан заажээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасан байна. Уг хэрэг гарах үед Ю:Ц нь “..................” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан гэх боловч уг компанитай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байсан эсэх нь тодорхойгүй байх ба “..................” ХХК-ийн тамга тэмдэггүй албан бичгээс өөр баримт хэрэгт хавсаргаагүй байна. Яллагдагч Ю:Ц нь “..................” ХХК-д жолоочоор ажилладаг талаарх баримтыг хэрэгт нотлох баримтын хэмжээнд хавсаргаж, “..................” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаагүй нь дээрх хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна гэх үндэслэлээр яллагдагч Ю:Цт холбогдох эрүүгийн 201725020818 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Ганбаатар Прокурорын эсэргүүцлийн талаар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Ю:Цт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш, дутуу хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Хэрэгт цугларсан “..................” ХХК-ны албан бичиг, түүнчлэн хохирогч Ж.Цын мэдүүлэг, гэрч Ш.Бямбаагийн мэдүүлэг, гэрч Ц.Дугарсүрэнгийн мэдүүлэг, гэрч Х.Амгаланбаатарын мэдүүлэг, Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Бямбаагийн “..................” ХХК-ны жолооч Ю:Цт шалгалт хийсэн материал зэрэг бичгийн баримтуудаар яллагдагч Ю:Ц нь тус компанид жолоочоор ажилладаг болох нь хангалттай нотлогдсон, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, 2-д “Иргэний хариуцагчаар татахдаа ....шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсан, заавал иргэний хариуцагчаар татахаар заагаагүй, түүнчлэн шүүхээс иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзвэл уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан баримтаар хохирогч Ж.Ц нь эмчилгээний 477.750 төгрөгийн баримт гаргаж өгсөн, энэ хохирлыг жолооч Ю:Цаас нэхэмжилсэн бөгөөд хэргийн мөрдөн байцаалт болон прокурорын шатанд иргэний хариуцагчаар зохих этгээдийг татуулах талаар хүсэлт, гомдол гаргаж байгаагүй, иргэний хариуцагчаар зохих этгээдийг татаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй болно.

Мөрдөгч Ю:Цт холбогдох хэрэгт цугларсан дээрх бичгийн баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зөрчилгүй нотлох баримтуудыг цуглуулж, нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоосон байна.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлууд болон хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн дүгнэлгүй прокурорт хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэснийг тус тус зөрчжээ.

2. Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн тус хуульд буцаан хэрэглэх талаар тусгаагүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хууль буюу хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэсэн, прокурорын яллах дүгнэлтийн аль хэсэг нь хуулийн шаардлага хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4, 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасныг тус тус ноцтой зөрчсөн, тус захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Ю:Цт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 815 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч Ж.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аливаа ажил хийж байгаа хүн бичиг баримт бүрэн, тухайн албан газартаа бүрэн бүртгэгдсэн, өглөө ажилдаа гарахдаа аюулгүй ажлын зааварчилгаа авсан, гарын үсэг зурсан байх ёстой гэж үзэж байна. Тийм учраас энэ хүнд өглөө ажилд гарахдаа хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаа өгдөг хүн байдаг юм уу үгүй юу, деспечир нь аюулгүй ажиллагааны хангасан гарын үсэг зуруулж зааварчилгаа өгсөн байх гэж үзэж байна. Энэ хүн олон хүн тээвэрлэж яваа болохоор өөрөө аюулгүй ажиллагаагаа хангаж явах ёстой. Тийм учраас энэ хүн ажил хийж явахдаа аюулгүй ажиллагаа хангаж явахдаа хоёр талын толиндоо бүрэн харж, зогсоолд зогсохдоо мөн хурдаа сааруулж явах байх гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Ю:Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Ю:Цын өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон үйл явдал тодорхой байгаа. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20-21 цагийн хооронд “..................” ХХК-ны 26-039 дугаартай том оврын автобус жолоодож яваад өнөөдрийн шүүхэд яригдаж байгаа асуудал үүссэн. Ялтан Ю:Ц автобусны зогсоолд ирээд огцом тоормослоод зогссон. Би гэнэт явж байгаад огцом зогссон зүйл байхгүй. Өөр хүн гэмтсэн зүйл байхгүй. Автобусны буудалд ердийн явдгаараа ирээд тоормослоод зогссон гэж тайлбарладаг. Ялтан Ю:Цын ар гэрийн байдал нь 2017 оны 8 дугаар сард нэг хүүхэд нь гарсан, 3-н сар гарантай нярай хүүхэдтэй. Энэ хэрэг болсноос хойш ажил төрөл хийгээгүй. Энэ компани өөр компанитай нэгдсэн процесс болсон. Өөрөө сайн мэдэхгүй байгаа. Үүнд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж энэ заалт зөрчигдсөн гэж анхан шатны шүүх үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. Үүнд иргэний хариуцагчаар Ю:Цыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан ажил олгогч татагдах ёстой гэж үзэж байгаа. Энэ компани өөр компанитай нэгдсэн ч гэсэн эрх нь залгамжлагдаад явж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүнээс хэллээ. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг тодруулах. Мөн хохирогч Ж.Цд хүнд гэмтэл учруулсан энэ үйлдэлд маргаагүй. Шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, иргэний хариуцагчаар татах этгээд татагдаагүй гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцааж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломж олгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд “Ю:Цт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасны дагуу Ю:Цт холбогдох 201725020818 дугаартай эрүүгийн хэрэгт Ю:Цыг ажиллуулж, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байсан гэх хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Ю:Ц нь “..................” ХХК-д жолоочоор ажилладаг байсан гэх боловч уг компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, одоо уг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Яллагдагч Ю:Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний ажиллаж байсан компани дампуурсан. Бичиг баримтаа шилжүүлж, өөр компанид нэгдсэн гэсэн. Захирлууд нь олдохгүй байгаа.” гэжээ. Уг мэдүүлгээс үзэхэд “..................” ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь мэдэгдэхгүй, мөн компанийн эрх, үүрэг бусдад шилжсэн бол хэнд шилжсэн нь тодорхойгүй байх бөгөөд шүүхээс эрэн сурвалжлах замаар хэргийн иргэний хариуцагчийг олж тогтоох ажиллагаа хийх боломжгүй юм. 

Мөн яллагдагч Ю:Ц нь “..................” ХХК-ны 26-039 дугаартай том оврын автобусыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа автобусыг огцом зогссоох үйлдлийг хийсний улмаас уг автобусаар зорчиж явсан иргэн Ж.Ц унаж биедээ хүнд гэмтэл авсан гэх хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байхад Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 73 дугаартай яллах дүгнэлтээр Ю:Цын үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан.

Хуулийн дээрх заалтуудаас дүгнэхэд яллагдагч Ю:Цын үйлдлийг юун түрүүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, хэрэв тухайн этгээдийн эрх зүйн байдал дээрдэхээр бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн зохих зүйлээр яллагдагчаар татаж хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэх талаар үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой.

Гэтэл прокурорын хяналтын шатанд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлахгүйгээр Ю:Цыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу болжээ.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэргийн диспозиц шинж шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөгдөн тусгагдсан байхад уг заалтын чухам аль шинжээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэхийг яллах дүгнэлтэд тодорхой, ойлгомжтой тусгахгүйгээр “Ю:Ц нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20-21 цагийн хооронд “..................” ХХК-ны 26-039 дугаартай том оврын автобус жолоодож явахдаа огцом тормозлон зогссоны улмаас зорчигч Ж.Ц унаж биедээ зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, уушигны няцрал, хэсэгчилсэн уналт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг зөв зүйлчилж, яллагдагчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх, хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг оролцуулах шаардлагатай байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 815 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл Ю:Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ