Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 662

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

             Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1965 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Тавин 1 дүгээр баг, 1-15 тоотод оршин суух, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ий төмөр замд үйлчлэгч ажилтай                  

                                      Хачид овгийн  Насандэлгэрийн Уранчимэг             

                                      регистрийн  дугаар: МЕ- 65040101

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг  нар  оролцов.                

                                                         Тодорхойлох нь:

       Нэхэмжлэгч: Н.Уранчимэг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

                 ...Н.Уранчимэг миний бие нь 1983 онд Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангиа төгсөж 1983-1989 он хүртэл Ерөө сумын “Сангийн аж ахуйн  үтрэм”-д нормчноор, 1990 оноос “ХААН” засварын газар цэвэрлэгчээр 1991 онд Ерөө Сангийн аж ахуйн клубт үйлчлэгчээр ажиллаж байгаад 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажилгүй болсон. Энэ хугацаанд ажил эрхлэлт маань хөдөлмөрийн дэвтэрт бүгд бичигдсэн байсан. Хөдөлмөрийн дэвтэр маань 1990 онд Сангийн аж ахуйн архив шатахад шатсан. Н.Цэцэгээ, Ш. Дарьсүрэн, Ц.Наранцэцэг нарын тодорхойлолт, аймгийн төрийн архивын лавлагаа, Сангийн аж ахуйн архив шатаж устсан болохыг нотолсон баримт зэргийг үндэслэн миний 1983-1991 он хүртэл хугацаанд Ерөө сумын Сангийн аж ахуйд  ажиллаж байсныг тогтоож  өгнө үү! гэжээ

 Нэхэмжлэгч: Н.Уранчимэг  шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

        ... Би 1983-1989 он хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “сангийн аж ахуйн”  үтрэмд нормчноор ажиллаж байгаад 1990 оноос Хөдөө аж ахуйн засварын газар гэж байхад тэнд цэвэрлэгчээр ажилд ороод 1991 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сангийн аж ахуй”-н клубт үйлчлэгчээр ажилд ороод 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа гарсан. Тухайн үед миний ажилд орсон гарсан гэх бичилтүүд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдэж байсан боловч архивын материалууд шатсан гээд хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй болсон байна. Иймд намайг 1983-1991 Ерөөгийн “Сангийн аж ахуйн үтрэм”-д нормчин, “Сангийн аж ахуйн”, “Хөдөө аж ахуйн засварын газар”-т цэвэрлэгч, сумын клубт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэв.

      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                          Үндэслэх нь:

          Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-д 1983-1991 онд ажиллаж байсан боловч “Сангийн аж ахуй”-н архив шатахад хөдөлмөрийн дэвтэр шатсан тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

          Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н үтрэмд 1983 оны 04 дүгээр сарын 01-нээс нормчиноор ажилд орж, 1990 оны 07 дугаар сарын 20-ныг хүртэл ажиллаж байгаад энэ өдрөөс тус “Сангийн аж ахуй”-н “Хөдөө аж ахуйн засварын газар”-т цэвэрлэгч, сумын клубт үйлчлэгч зэргээр 1991 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл  ажиллаж байсан болох нь иргэний хэрэгт авагдсан  Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н даргын 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “Хаврын тариалалтын бэлтгэл үр хордуулалт болон үтрэмийн ажилд Н.Уранчимэг... нарыг 4 дүгээр сарын 1-ээс ...” гэх, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрйин 358 дугаар ээлжийн амралт олгосон тухай, 1986 оны 05 дугаар сарын 06-ны “Ажилд түр томилох тухай” 149 дүгээр тушаал, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” 134 дүгээр тушаалд “ Насандэлгэр овогтой Уранчимэгийг Хөдөө аж ахуйн засварын газарт цэвэрлэгчээр” гэх,  мөн “Сангийн аж ахуй”-н даргын 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Шилжүүлэх тухай” 182 дугаар тушаалд “ Засгийн газрын 1991 оны тогтоолыг үндэслэн тушаах нь: 1. Тус Сангийн аж ахуйн МАА-н мэргэжилтэн болон клубын доорх нэр бүхий ажилчдыг 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тасалбар болгон АДГ захиргааны мэдэлд шилжүүлсүгэй... Үйлчлэгч Н.Уранчимэг” гэх тушаалууд болон тухайн Сангийн аж ахуйд ажиллаж байх үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Ш.Дарьсүрэн, Н.Цэцэгээ, Ц.Наранцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

       Иймд Хачид овгийн  Насандэлгэрийн Уранчимэгийг 1983 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл  Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуйн үтрэм”-д нормчин, Хөдөө аж ахуйн засварын газарт цэвэрлэгч, Сумын клубт үйлчлэгч зэргээр ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хачид овгийн Насандэлгэрийн Уранчимэгийг Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуйн үтрэм”-д нормчин, “Хөдөө аж ахуйн засварын газар”-т цэвэрлэгч, Сумын клубт үйлчлэгчээр  1983 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 25-ныг  хүртэл  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ