| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00678/И |
| Дугаар | 701 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 701
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар А.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1962 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, модны үйлдвэрийн суурь машинч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 25 дугаар байрны 06 тоотод оршин суух, группт байдаг
Буурчийнхан овгийн Авирмэдийн Саранцэцэг
регистрийн дугаар:МЮ-62020407
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: А.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие анх 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах үйлдвэр”-т нормчноор “фанерийн завод”-д ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.
Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч “Мод боловсруулах үйлдвэр”-ийн боловсон хүчин миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Мөн үйлдвэрчний эвлэлийн батлахаа 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр доторх эд хогшил шатсаны улмаас үрэгдүүлсэн тул намайг 1980 оны 06 дугаар сарын 30-наас 1988 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл “Мод боловсруулах үйлдвэр”-т нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч А.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 1969 онд Бумцэндийн нэрэмжит сургуульд орсон. 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд “Ойн техник мэргэжлийн сургууль”-д фанерийн зовадын ангид элсэн орсон. Тэгээд сургуулиа төгсөөд “Мод боловсруулах үйлдвэрийн фанерийн цех”-д 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуваарилагдан очсон боловч би тэр жилдээ ажилдаа орж чадаагүй, дараа жил нь буюу 1980 оны 6 дугаар сард ажилдаа орсон юм. Тэгээд 8 жил гаруй ажиллаж байгаад 1988 оны 06 дугаар сарын сүүлчээр манай нөхөр хөдөө ажиллах болоод нөхрөө дагаж явахаар болж, ажлаасаа гарсан. Би ажиллах байхдаа боловсон хүчнээр хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн боловч ажлаасаа гарсны дараа хөдөлмөрийн дэвтэрээ авахаар очиход миний хөдөлмөрийн дэвтэр олдоогүй. МҮЭ-ийн батлах байсан боловч манай гэр 1988 оны 7 дугаар сарын 18-нд шатахад хамаг бичиг баримт маань хамт шатаж устсан юм. Иймд намайг 1980 оны 06 дугаар сарын 30-наас 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах үйлдвэрийн фанерийн завод”-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.Саранцэцэг нь Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинатад 1980-1988 онд ажиллаж байсан боловч түүний ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр олдохгүй болсон гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
А.Саранцэцэг нь “Ой модны Аж үйлдвэрийн Яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын фанерын цех”-д 1980 оны 5 дугаар сарын 15-нд ажилд орж, 1988 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл ажиллаж байсан болох нь Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 119 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтанд “Авирмэдийн Саранцэцэг 1962 онд төрсөн, эм, Фанерын цех, фанер хатаагчаар 5 дугаар сарын 15-наас эхлэн ажиллуулж, хийснээр цалинжуулахаар” гэсэн ажилд авсан тушаалын хуулбар, нэхэмжлэгч нь 1988 оны 06 дугаар сарын 30-нд ажлаасаа чөлөөлөгдсөн гэх боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа боловч 1988 онд тухайн ажиллаж байсан байгууллагынхантайгаа хамт авахуулсан гэрэл зураг, мөн 10 жилийн дараа мөн тухайн хамт олонтой авахуулж байсан гэрэл зураг, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Ж.Алтанцэцэг, Д.Батжаргал, С.Баянжаргал нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иймд Буурчийнхан овгийн Авирмэдийн Саранцэцэгийг “Ой модны Аж үйлдвэрийн Яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын фанерын цех”-д 1980 оны 05 дугаар сарын 15-наас 1988 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл фанер хатаагчаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буурчийнхан овгийн Авирмэдийн Саранцэцэгийг “Ой модны Аж үйлдвэрийн Яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын фанерын цех”-д 1980 оны 5 дугаар сарын 15-наас 1988 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл фанер хатаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Саранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2341 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ