Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

 

 

 

  2020         04          10                                     2020/ШЦТ/663

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,  

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Э.Э.

шүүгдэгч Б.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ийн Т.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00519 0632 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, Б. овогт Б.ийн Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т. нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн урд талын авто зогсоол дээр байсан Э.Э.ын эзэмшлийн 17-80 УНМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн урд багана, зүүн талын толийг гараараа цохин хагалж, гэмтээсний улмаас 597.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч Б.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хохирлыг барагдуулна” гэв.

     Хохирогч Э.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үлдэгдэл хохирлын мөнгөө гаргуулмаар байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зөрчлийн талаар утсаар мэдээлэл өгсөн бүртгэл, түүнийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4/,

- Хохирогч Э.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” нэртэй бааранд ДиЖй хийдэг бөгөөд тэр орой ажлаа дуусаад өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 17-80 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ халаагаад зогсч байхад Б.Намсрай гэх зүс таних охин ирээд цуг хороолол ороод, намайг иргэний үнэмлэхээ хорооллоос очиж авах гэсэн юм, хүргээд өгөөч гэхээр нь “за” гээд хөдлөх гэтэл нэг үл таних залуу хүрч ирээд “хөдөлвөл ална шүү” гээд миний машины копут хэсэгт ирээд нэг удаа гараараа цохисон. Нөгөө Б.Намсрай гэх охиныг “буугаад ир” гэхэд нөгөө охин буухгүй байсан ба тэр үедээ маргалдаад, миний машин луу өшиглөж байсан ба нөгөө залуу “явган хүний зам дээр машинаа тавьдаг ямар овоо юм” гээд миний машины урд салхины шилийг гараараа 2 удаа цохиод цуулчихсан. Намайг машинаас буухад миний машины зүүн талын толийг шууд өшиглөөд гажаачихсан. Б.Намсрай эхлээд над дээр ирэхдээ найз гээд нэг охин дагуулж ирж байсан ба нөгөө залуу “наад охидуудаа буулгаад ир” гээд уурлаад ийм асуудал үүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

- Гэрч Б.Намсрайн өгсөн: “Тухайн өдөр Хаш-Эрдэнэ над руу 23:00 цаг өнгөрч байхад чатаар “сайн уу, найзынхаа ажил руу явах гэж байна, чи гарах гэж байгаа бол би машинтай явж байгаа, дөхүүлээд өгье” гээд уулзахаар болоод Хаш-Эрдэнэ өөрийн 3 найзаа дагуулаад Өнөрцэцэгийн гэрт ирсэн. Бид 6 нийлээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” нэртэй бааранд очиж, Э.Э.той уулзсан. Нөгөө хэд гадаа машиндаа үлдсэн боловч ардаас орж ирээд ширээнд суугаад, нөгөө хэд пиво ууж байсан. Би лаазтай кола 1 ширхэгийг уусан. Э.Э.той 01 дүгээр сарын 02-ны өдөр хорооллын эцсийн “Титэм” нэртэй буудалд хоноод, би иргэний үнэмлэхээ үлдээсэн байсан тул явж авахаар болоод Э.Э.ын ажлыг тарахыг хүлээсэн. Ажил тараад Э.Э., манай найз бид 3 нийлээд явахаар болоод, баарнаас гараад Э.Э.ын Приус-30 маркийн машинд суусан. Машинд суухаас өмнө би Хаш-Эрдэнэд “найз нь гэртээ харилаа, баяртай” гээд салсан байсан боловч Б.Т. ирээд  “машинаас буу, бид нартай хамт яв” гээд байсан. Би “буухгүй” гэхэд машины буфер хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод байсан ба удалгүй ирээд салхины шил рүү нь гараараа 1-2 удаа цохиод хагалчихсан. Э.Э. буугаад машины шил хагалчихлаа гээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

- Гэрч Б.Өнөрбаяны өгсөн: “Би найз Б.Намсрайтай өөрийн гэртээ байхад Б.Намсрайн найзууд нь бид хоёрыг гэрээс ирж авсан. Тухайн үед 4 залуу байсан бөгөөд тэд нар архи, согтууруулах ундаа хэрэглэчихсэн ирсэн байсан ба бид нар нийлээд Кино үйлдвэрт байрлах “Ибиза” нэртэй бааранд орсон. Б.Намсрай өөрийнхөө бичиг баримтыг авна гээд тухайн баарны ДиЖй гэх залуутай хамт бид 3 явахаар болоод машинд нь суусан. Тухайн үед хамт явж байсан залуучуудын нэг нь ирээд Б.Намсрайг буугаад ир гээд уурлаад байсан. Б.Намсрай буухгүй гэсэн боловч дээрх залуу жолоочийг хэл амаар доромжилж орилоод байсан ба бид нарын суусан байсан машины урд гупер хэсэгт нь цохиод, өшиглөөд, салхины шилийг нь цохиод хагалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнийй тайлан /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.Т. нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн урд талын авто зогсоол дээр байсан Э.Э.ын эзэмшлийн 17-80 УНМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн урд багана, зүүн талын толийг гараараа цохин хагалж, гэмтээсний улмаас 837.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Э.ын мэдүүлэг, гэрч Б.Намсрай, Б.Өнөрбаян нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т.ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Э.Э.д шинжээчийн дүгнэлтээр 797.500 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 40.000 төгрөг, нийт 837.500 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч нь 400.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь “Хаан” банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс үлдэгдэл хохирол 437.500 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт Б.ийн Т.ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т.т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т.т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т.өөс 437.500 төгрөгийг гаргуулан хохирогч Адуучин овогт Энхжаргалын Э. /РД:УУ92031752/-д олгосугай. 

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т. болтол Б.Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА