Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 702

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Мөнхцэцэг даргалж,  шүүхийн хурлын  танхимд хаалттай  хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар О.Цэцэгбаярын нэхэмжлэлтэй Б.Оюунболдод холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

  Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1986 онд төрсөн, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Булган аймгийн Түшиг сум, Хилийн цэргийн  0286 дугаар ангийн 1 дүгээр заставт албаны бэлэн байдлын сургалт эрхэлсэн орлогч ажилтай

                          Мэнд овгийн  Баясгалангийн Оюунболд      

                                     регистрийн дугаар:ЙГ - 86121916  

             Шүүх   хуралдааны нарийн  бичгийн  дарга  Э.Бүүвэйцэцэг  оролцов.           

                                                            Тодорхойлох нь:

               Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 2 дугаар баг, 2 дугаар гудамж, 02 тоотод оршин суух хаягтай, Рашаантынхан овгийн Очирбатын Цэцэгбаяр  /регистрийн дугаар МЮ-89092760/  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

           ...Миний бие нь 2009 онд Б.Оюунболдтой танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Улмаар бидний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 25-нд хүү О.Уранхас төрсөн. Хэдийгээр бид гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч хүүгээ өөрийх нь эцгийн нэрээр овоглуулсан.

              Гэвч эцэг Б.Оюунболд нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон ба хүүтэйгээ уулзах нь хүртэл эрс багассан. Одоо бид тусдаа амьдарч байгаа ба  хүү маань одоо 6 настай, сургуульд орох болсон учир хүүгийн эцэг болох Б.Оюунболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

              Нэхэмжлэгч: О.Цэцэгбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ:

           ...О.Цэцэгбаяр миний бие Б.Оюунболдод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүн дээр нэмээд хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймээс О.Уранхасын эцэг нь Б.Оюунболд мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

               Хариуцагч: Б.Оюунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ...Би 2009 онд хилийн цэргийн дээд сургуулийг төгсөөд ажиллаж байхад О.Цэцэгбаяр нь миний салаанд тангараг өргөх бэлтгэлд хамтдаа явж байх хугацаанд хамт амьдарч байсан юм.

 

 

             Миний хувьд нэхэмжлэгч О.Цэцэгбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Хүү О.Уранхас миний төрсөн хүүхэд мөн. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй...гэжээ.

 

                   Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж     

                                                       Үндэслэх нь :

             Нэхэмжлэгч О.Цэцэгбаяр нь шүүхэд Б.Оюунболдод холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “эцэг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.   

            Зохигчид нь 2009 онд танилцан улмаар гэр бүлийн харьцаатай байснаар 2010 оны 11 дүгээр сарын 25-нд хүү О.Уранхас төрсөн бөгөөд хариуцагч Б.Оюунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...О.Цэцэгбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Хүү О.Уранхас миний төрсөн хүүхэд мөн. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

             Иймд Б.Оюунболдыг 2010 оны 11 дүгээр сарын 25-нд хүү О.Уранхасын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах, бага насны хүү О.Уранхасыг насанд хүртэл эх О.Цэцэгбаярын асрамжинд  үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  “Эцэг, эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ” гэж  заасан байх тул зохигчид нь үр  хүүхдээ  асран  хамгаалах,  тэжээн  тэтгэх, эрүүл  чийрэг   бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэхийг дурьдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгч О.Цэцэгбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “...Оюунболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд ажлын шаардлагаар оролцох боломжгүй тул намайг байлуццлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү”  гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 100 дугаар  зүйлийн  100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ нь:

 

          1. Гэрбүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар  Б.Оюунболдыг 2010 оны 11 дүгээр сарын 25-нд хүү О.Уранхасын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

         2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  зааснаар бага насны хүү О.Уранхасыг  насанд хүртэл эх О.Цэцэгбаярын асрамжинд үлдээсүгэй.

 

         3. Гэр бүлийн  тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 25-нд хүү О.Уранхасыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16  нас /суралцаж  байгаа бол 18  нас/  хүртэл тухайн  бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  баталгаажих түвшингийн  хэмжээгээр эцэг Б.Оюунболдоос  сар бүр  тэтгэлэг гаргуулан тэжээн  тэтгүүлсүгэй.

 

         4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар О.Цэцэгбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Оюунболдоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Оюунболдоос нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг гаргуулж Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

       

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

 

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

         10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ