| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0297/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 664
2020 04 10 2020/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Н.Дуламсүрэн,
хохирогч Б.Мөнхтулгын өмгөөлөгч Д.Алтангэрэл /ҮД:3135/,
шүүгдэгч Ц.Д., түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /ҮД:0726/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ц.ийн Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06039 2563 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцагаан суманд 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б. овогт Ц.ийн Д..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д. нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр “надад гааль дээр таньдаг хүн байгаа, гааль дээр хураагдсан автомашинуудыг хямдхан авах боломжтой, 2 ширхэг Тоёота Приус-20 маркийн автомашин, 1 ширхэг Тоёота Приус-30 маркийн автомашин байна, гаалийн татварын үнээр нь авчих боломжтой, Приус-20 маркийн автомашиныг 6.500.000 төгрөг, Приус-30 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой, та авах уу, би авах гэсэн надад мөнгө алга байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж итгүүлэн, иргэн Д.Б.аас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, иргэн Б.М.ас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 8.000.000 төгрөгийг иргэн Д.Б.аар дамжуулан авч, бусдад нийт 21.500.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Ц.Д. нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн, хохирлын зохих хувийг барагдуулсан тул Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Иймд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б. гэдэг таньдаг ах “гааль дээр хураагдсан машин байна. Тэнд Приус-20 2 ширхэг, Приус-30 1 ширхэг байна, тэрийг хямдхан авъя” гэж хэлэхээр нь би “за” гэсэн. Анх Д.Б. ах надад хэлэхдээ гаалийн татварын үнээр авна гэж хэлсэн. Би Приус-30 маркийн автомашиныг нь 9.000.000 төгрөгөөр авахаар тохирсон юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхлээд 1.000.000 төгрөгийг Д.Б. ахын “Хаан” банкны 5733027047 гэсэн данс руу шилжүүлсэн. Дараа нь буюу хоёр дахь удаагаа шилжүүлэхдээ 2019 оны 07 дугаар сарын 02-ны орой 18:00 цагийн үед найз болох Энх-Амгалангийн данснаас 8 сая төгрөгийг мөн адил дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд Приус-30 автомашин авахаар тохирсон юм. Гэхдээ анх Д.Б. ах надад хэлэхдээ манай хамаатны хамт тоглож өссөн сайн дүү Ц.Д. гэдэг хүн байгаа тэрэнд гааль дээр таньдаг хуурай ах нь байгаа гэсэн. Тэгээд гаальд хураагдсан машин байгаа, татварыг нь төлөөд хямдхан автомашин авъя гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б. ахын яриад байсан дүү гэх Ц.Д.тай “Хүннү молл”-ын хажуу талд машин дотор уулзсан чинь “хяналт шалгалт ихтэй байна, гаргаж болохгүй байна, наадмын дараа болъё” гэхээр нь би “за, яг бат биз дээ” гээд салсан. Тэгээд Д.Б. бид хоёр наадмын дараа Ц.Д. луу залгаад мөнгөөд авъя гэж хэлсэн чинь Ц.Д. нөгөө гаальд ажилладаг хүн маань ээлжийн амралтаа авсан байна. Ажилдаа орохоор нь нөгөө хүнээсээ хөөцөлдөж байгаад мөнгөө аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сард Ц.Д.гийн гэрт Д.Б. ах бид хоёр очиж уулзсан чинь нөгөө гаальд ажилладаг хүнийг мал зарж мөнгийг чинь гаргаж өгнө гэж байна лээ гэсэн. Тэгээд дараа нь Ц.Д. гэгч нь Д.Б.ийн данс руу 2.000.000 төгрөгийг хийгээд сая саяар нь хувааж авсан. Мөн Д.Б. бас Ц.Д.д 14.000.000 төгрөг анх надтай хамт шилжүүлсэн байсан болохоор нэг саяар нь авсан юм. Тэрнээс хойш би Ц.Д. луу 98004242 гэсэн дугаар луу залгахаар нэг бол утсаа авахгүй, нэг бол утсаа авахаараа мөнгийг чинь хөөцөлдөөд явж байгаа гэдэг, эсвэл би эмнэлгээр явж байна гэж хэлсээр байгаад өдийг хүрч байна. Би Ц.Д. гэгчээс 5.500.000 төгрөг авахаар байгаа. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний утас руу мессэж бичээд “мөнгийг чинь долоо хоногийн дараа өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за долоо хоног шүү” гэж хэлсэн чинь “за” гэж хэлсэн. Тэгээд долоо хоног нь болсон. Ер нь бол Ц.Д. надад худлаа яриад алга болсон. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш утсаа авахгүй, холбоо барихгүй алга болсон. Ер нь бол хохирлоо барагдуулж авмаар байна. Энэ Ц.Д. гэгч нь дандаа худлаа яриад байгаа. Өдийг хүртэл надад машин гаргаж өгнө гэж залилсан. Дээрээс нь дандаа өвчтэй гэдгээрээ түрүү бариад яваад байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй ингээд байгаа болохоор би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
- Хохирогч Д.Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 06 дугаар сарын сүүлээр Ц.Д. манай хүүхдийн шатрын дугуйлангийн хажуу 10 дугаар хороололд надтай утсаар ярьж байгаад ирж уулзсан. Уулзахдаа “Гаальд хураагдсан машинууд байгаа, надад гаалийн байгууллагад таньдаг хүн байна, тав зургаан автомашинуудаас хямдхан тал үнээр нь авч болох юм байна. Нэг автомашиныг 6.5 сая төгрөгөөр бодож авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр Приус-20 автомашиныг 12.500.000 төгрөгөөр авахаар болж, Ц.Д. надад нэг данс өгсөн ба тэр дансаа надад анх өгөхдөө гаалийн байгууллагын ажилтны данс гэж ойлгуулж хэлсэн юм. Тэгээд би 12.500.000 төгрөгийг Ц.Д.тай уулздаг өдрөө шлжүүлсэн. Тэгсэн Ц.Д. бас нэг Приус-30 автомашин байна гээд надад хэлэхдээ “би авах гэсэн мөнгө болохгүй байна, өөр авчихаар хүн байна уу” гэж хэлэхээр нь би “нэг хуурай дүү байдаг, хэлээд үзье” гэж хэлээд Б.М.д “гааль дээр хураагдсан автомашин байна, хямдхан тал үнээр нь зарж байна” гэж хэлсэн. Тэгсэн Б.М. “найдвартай юу?” гэж асуухаар нь “найдвартай, манай нутгийн дүүд таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Харин Б.М. “таны дүү юм чинь гайгүй байлгүй дээ” гэж хэлээд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхлээд миний “Хаан” банкны 5733027047 данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд дараахан нь 8.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд Б.М.ас мөнгө шилжиж ирэхээр нь Ц.Д.гийн өгсөн данс руу шилжүүлсэн. Тэр дансыг одоо санахгүй байна. Тэр дансыг нь сүүлд сураглаад үзсэн чинь Ц.Д.гийн хэлээд байсан шиг гаалийн байгууллагад ажилладаг гээд яриад байсан хүнийх нь данс биш болж таарсан. Надад анх Ц.Д. гаалийн байцаагч гээд байсан хүнийгээ бараг хамаатан садан гэж хэлж байсан. Ц.Д. надад хэлэхдээ 2019 оны 07 дугаар сард наадмын өмнө автомашинаа өгнө гэж хэлж байсан. Тэгээд наадмын өмнө 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автомашинаа авахаар 98004242 гэсэн дугаар луу залгасан чинь “нөгөө машиныг гаалиас гаргах гэж байсан чинь цагдаа энэ тэр болоод гаалиас гаргаж чадахгүй байна, ах” гэсэн. Тэгээд наадмын дараа дахиад залгасан чинь “45 хоног хүлээж байж авдаг юм байна” гэж хэлээд “хаашдаа 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авахаар боллоо, тэр хүртэл хүлээчих” гэхээр нь итгээд хүлээсэн. Тэгж ингэж байгаад цаг хугацаа яваад өдийг хүрсэн. Гаалийн байгууллагад Ц.Д.д таньдаг хүн бол байхгүй юм байна лээ. Анх Ц.Д.д өөрөөсөө 12.500.000 төгрөг өгсөн ба 9.000.000 төгрөгийг увуулж цувуулж авсан. Харин Б.М.ас би 8.000.000 төгрөгийг шилжүүлэн аваад Ц.Д.д шилжүүлэн өгсөн. Харин тэр үед би Б.М.ас 1.000.000 төгрөгийг тусад нь зээлж авсан байж байгаад буцаагаад нээх удаагүй өгсөн байгаа. Тэгээд би Б.М.д Ц.Д.гаас 2.500.000 төгрөгийг буцааж авч өгсөн. Энэ нь болохоор Б.М. надад “ах мөнгөө бөөнөөр авмаар байна” гэхээр нь би Ц.Д.гаас мөнгө увж цувж орж ирээд байхаар нь өөртөө авч байсан. Би нийтдээ Ц.Д.гаас увж цувж байгаад 11.500.000 төгрөгийг буцааж авсан байгаа. Одоо надад Ц.Д. нь 3.500.000 төгрөг, Б.М.д 5.500.000 төгрөг өгөх ёстой. Би яг одоо л Ц.Д.д залилуулсан гэдгээ мэдэж байна. Мөн мөнгөө л хурдхан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Яллагдагч Ц.Д. луу мөнгө шилжүүлсэн тухай “Голомт” банкны баримтууд /хх-ийн 47-54/,
- Хохирогч Д.Б., Б.М. нарын мөнгө шилжүүлсэн, мөнгө хүлээн авсан тухай “Хаан” банкны дансны хуулгууд /хх-ийн 55-69/,
- Д.Нансалмаагийн гэрчээр өгсөн: “Ц.Д.гийн онош нь диализын гуурсны халдвар, халдварын шалтгаант үржил, үржлийн шалтгаант уушигны үрэвсэл, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн байдаг. Анх бөөрний түүдгэнцэр үрэвслийн улмаас бөөрний дутагдалд орсон. Эмчилгээ хийх арга нь нэг бол бөөрөө солино, нэг бол диализ хийлгэх байсан. Диализ хийлгэсэн боловч тэрийг 06 дугаар сард солих ёстой байж байгаад үрэвсэл болсон. Ер нь бол их хүнд өвчин. Магадлал бага. Ц.Д.гийн хувьд нааштай юм мэдэгдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Б.Ц.ийн гэрчээр өгсөн: “Ц.Д. нь айлын том хүүхэд. Миний хүү Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 10 дугаар сард хэвтсэн. Тэнд сэхээнд эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Ц.Д.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-38/,
- Гэрч Ц.Д.гийн гэрчээр өгсөн: “2019 оны 07 дугаар сарын эхээр хуурай ах болох Д.Б. ахтай уулзахаар болж 10 дугаар хороололд шатрын дугуйлангийн хажууд уулзаад, миний нэг таньдаг ахад гааль дээр хураагдсан Приус маркийн автомашинууд байна гэж хэлээд, хямдхан 6.5-7.5 саяар авч болохоор байна гэж хэлсэн юм. Уг автомашинууд гааль дээр хураагдсан автомашинууд гэж хэлээд, хоёулаа авах уу гэж Д.Б. ахад хэлсэн. Би Д.Б. ахыг авто засвартай болохоор мөнгөтэй гэж бодоод хэлсэн юм. Тэгсэн Д.Б. ахын хуурай дүү гээд Б.М. гэдэг залуу бас Приус-30 автомашин 1 ширхгийг авна гээд Б.М. 8.000.000 төгрөгийг Д.Б. ахаар дамжуулан шилжүүлсэн юм. Мөн Д.Б. ах надад 12.000.000 төгрөг, бас Приус-20 автомашин 2 ширхгийг авна гэж надад өөрөөсөө шилжүүлсэн. Тэгээд би нийт 20.000.000 төгрөг Д.Б. ахаас авсан юм. Гаалийн байгууллага дээр Приус маркийн 3 ширхэг автомашин байгаа гэж би Б. ахад хэлсэн юм. Би анх тэр машинуудын мөнгийг авчихаад, 2019 оны 07 дугаар сарын эхээр авчирч өгнө гэж хэлсэн. Би Д.Б. ахаас 8.000.000 төгрөг л авсан, 9.000.000 төгрөг бол аваагүй. Д.Б. ахад 9.000.000 төгрөг буцааж өгсөн, надаас машин бүтэхгүй гээд мөнгөө авсан. Тийм хүн байхгүй, би худлаа ярьсан юм. Зүгээр нэг таван цаас нухачихъя гэж бодсон юм. Надад гаалийн байгууллагад ажилладаг хамаатан садан байхгүй. Би Д.Б. ахад тэгж худлаа хэлсэн юм. Б.М.д би санаа зовоод тэгээд хэлсэн юм. Цагдаагийн байгууллагад бол ямар нэгэн байдлаар өргөдөл гаргаагүй. Би Б.М. гэдэг залууд одоо 5.500.000 төгрөг өгөхөөр байгаа, энэ мөнгийг нь удаахгүй өгнө дөө” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Ц.Д.гийн яллагдагчаар өгсөн: “Одоогоор Төв аймгийн эмнэлэгт сэхээнд эмчилгээ хийлгэж байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл алга. Өмнө гэрчийн мэдүүлэгт бүгдийг хэлсэн. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна. Гэхдээ одоогоор биеийн байдал сайнгүй байна. Хөл дээрээ босож байгаад эмчилгээ дуусахаар барагдуулна. Надад өөр үйлдэл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нь барагдуулна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ц.Д. нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр “надад гааль дээр таньдаг хүн байгаа, гааль дээр хураагдсан автомашинуудыг хямдхан авах боломжтой, 2 ширхэг Тоёота Приус-20 маркийн автомашин, 1 ширхэг Тоёота Приус-30 маркийн автомашин байна, гаалийн татварын үнээр нь авчих боломжтой, Приус-20 маркийн автомашиныг 6.500.000 төгрөг, Приус-30 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой, та авах уу, би авах гэсэн надад мөнгө алга байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж итгүүлэн, иргэн Д.Б.аас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, иргэн Б.М.ас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 8.000.000 төгрөгийг иргэн Д.Б.аар дамжуулан авч, бусдад нийт 21.500.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны өгсөн хохирогч Б.М., Д.Б. нарын мэдүүлэг, Ц.Д.д мөнгө шилжүүлэх тухай “Голомт” банкны баримтууд, хохирогч Д.Б., Б.М. нарын мөнгө шилжүүлсэн, мөнгө хүлээн авсан тухай “Хаан” банкны дансны хуулгууд, Ц.Д.гийн гэрчээр, яллагдагчаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Д.г зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Д.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.М.д 8.000.000 төгрөгийн хохирол учирснаас 2.500.000 төгрөг төлөгдсөн, хохирогч Д.Б.ид 13.500.000 төгрөгийн хохирол учирснаас 10.000.000 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгч Ц.Д.гаас 5.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М.д, 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б.ид тус тус олгож, уг хохирлыг тодорхой хугацаанд төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хүнд өвчтэй байдлыг онцгой нөхцөл байдалд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Д. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Ц.ийн Д.г зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д.д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Ц.Д.д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Д.д тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д.гаас 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Булгадар овогт Баянмөнхийн М. /РД:ОО95112318/-д, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Бүрд овогт Дуламын Б. /РД:НЗ88032178/-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хохирлыг нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА