Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 704

 

Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй С.Бямбасүрэнд холбогдох  “Зээл, зэлийн хүү 8200.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах”-ыг   хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд: 

                Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1970 онд төрсөн,  тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг,  Сүхбаатар сум, 7 дугаар баг, 1 дүгээр  хэсэг, 044 тоотод оршин суух, хувийн бизнес эрхэлдэг   

                                          Хангай овгийн  Бямбаагийн Мэндбаяр    

                                           регистрийн  дугаар:МЮ- 70100266

               Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1976 онд төрсөн,  тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг,  Сүхбаатар сум, 3 дугаар баг, 1 дүгээр  хэсэг, 69 тоотод оршин суух, Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай   

                                           Шинэ жинст  овгийн  Сүхбаатарын Бямбасүрэн    

                                           регистрийн  дугаар: МЬ- 76101627

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Бүүвэйцэцэг нар оролцов.                  

                                                   Тодорхойлох нь:

        Нэхэмжлэгч: Б.Мэндбаяр шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: ... С.Бямбасүрэн нь 2014 оны  11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 1 сарын 4 хувийн хүүтэй 20.000.00 төгрөгийг Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар баг, 7 дугаар хэсэг, 10 дугаар байрны 05 тоот Ү-1317000626 улсын бүртгэлийн дугаартай, 0061905 гэрчилгээний дугаар бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж албан ёсны зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно.

        2015 оны 10 сард 15.000.000 төгрөгийг хүүгийн хамт, төлж үлдсэн мөнгөө удаа дараа нэхсэн боловч  хашаа байшингаа зарж байгаа удахгүй өгнө, цалингийн зээл авч байгаа та хүлээж байгаач  гэж худлаа хэлж хойшлуулсаар өдий хүртэл төлөхгүй намайг хохироож байна.

        Иймд хариуцагч С.Бямбасүрэнгээс үлдсэн зээл болох 5.000.000 төгрөг, 2015 оны 6 сараас 2016 оны 10 сар хүртлэх хүү 3200.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулах барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү! ... гэжээ. 

           Хариуцагч:  С.Бямбасүрэн 2016 оны 11 дүгээр сарын 07-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

        ...Б.Мэндбаярын С.Бямбасүрэн надад холбогдуулан 8200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 8200.000 төгрөгийг өгнө. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барьцааны орон сууц нь манай гэр бүлийн дундын хөрөнгө. Би улсын бүртгэлд өөрийн нэрээр дур мэдэн бүртгүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-нд мөнгийг өгөх учир энэ хүртэл хугацаанд хүлээнэ үү!...гэжээ.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мэндбаяр, хариуцагч С.Бямбасүрэн нар нь харилцан тохиролцон дараах Эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

                                                          Эвлэрлийн гэрээ

           Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй С.Бямбасүрэн надад холбогдох 8200.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийн талаар нэхэмжлэгч Б.Мэндбаяр, хариуцагч С.Бямбасүрэн нар нь дараах байдлаар эвлэрсэн.

           1. 2017 оны 01 дүгээр сарын 20-нд хариуцагч С.Бямбасүрэн нь 6200.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мэндбаярт хүлээлгэн өгөх

           2. 2017 оны 06 дугаар сарын 02-нд 1300.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мэндбаярт хүлээлгэн өгөх

           3.Нэхэмжлэгч Б.Мэндбаяр миний бие С.Бямбасүрэнд холбогдуулан 8200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох 700.000 төгрөгнөөс  сайн дураараа татгалзаж байна.

           4. Хариуцагч С.Бямбасүрэн нь эвлэрлийн гэрээнд дурдсан хугацаанд мөнгө өгөөгүй бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 7 дугаар хэсэг, 05 тоот Улсын бүртгэлийн Ү-1317000626 дугаартай гэрчилгээний 0061905 дугаартай орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. гэжээ.     

                                                        Үндэслэх нь:

        Нэхэмжлэгч Б.Мэндбаяр нь С.Бямбасүрэнд  холбогдуулан   “8200.000  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр харгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        Нэхэмжлэгч Б.Мэндбаяр, хариуцагч С.Бямбасүрэн нар нь  шүүх хуралдаанд  нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 700.000 төгрөгнөөсөө татгалзаж,   7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг төлүүлэхээр, хариуцагч дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрч “... 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 6200.000 төгрөг,  2017 оны 06 дугаар сарын 02-нд 1300.000 төгрөгийг  тус тус төлж барагдуулахаар...” гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 7 дугаар хэсэг, 05 тоот Улсын бүртгэлийн Ү-1317000626 дугаартай гэрчилгээний 0061905 дугаартай  орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар...” сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө,  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.    

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 146.150  төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдид  нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох 7500.000 төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлага  дээр эвлэрсэн байх тул 7500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж  134950 төгрөгний тал хувь болох 67475 төгрөгийг С.Бямбасүрэнгээс гаргуулан  үлдэх 67475 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх зааснаар хуралдаанаар Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй С.Бямбасүрэнд холбогдох  “Зээл, зэлийн хүү 8200.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 700.000 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, зохигчид нь 7500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 146.150  төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчдид  нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох 7500.000 төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлага  дээр эвлэрсэн байх тул 7500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж  134950 төгрөгний тал хувь болох 67475 төгрөгийг С.Бямбасүрэнгээс гаргуулан  үлдэх 67475 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч С.Бямбасүрэн нь гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 7 дугаар хэсэг, 05 тоот Улсын бүртгэлийн Ү-1317000626 дугаартай гэрчилгээний 0061905 дугаартай  орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

                           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ