Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 507

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, С.Одонтуяа, М.Баянсүх нарт  холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 13.354.06166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг    хянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1981 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Сэлэнгэ салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай

                                    Боржигон овгийн  Пүрэвсүрэнгийн Баттөр   

                                    регистрийн  дугаар: МЭ- 81022014

          Хариуцагч, хариуцагч М.Баянсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1974 онд төрсөн, бүрэн  дунд боловсролтой, ойжуулагч  мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Ногоон довын 2-56  тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй

                                    Боржигон  овгийн  Санвайдагвын Одонтуяа  

                                    регистрийн  дугаар: МЬ- 74061201 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван нар   оролцов.                                                  Тодорхойлох нь :

          Нэхэмжлэгч: Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  .... Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү алданги, торгуулийн төлбөр болох 13.354.06166 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

         Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч С.Одонтуяа, М.Баянсүх нар нь 2015 оны 03дугаар сарын 26-ны өдөр15/44 тоот Зээлийн болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй, тогтмол төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээлсэн юм.

          Гэтэл зээлдэгч өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч С.Одонтуяа, М.Баянсүх нараас үндсэн зээл 11.794.08642 төгрөг, хүү 1.541.17546 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 18.79978 төгрөг нийт 13.354.06166 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

          Хариуцагч С.Одонтуяа 2016 оны 09 дүгээр сарын 14-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

    ...С.Одонтуяа миний бие нь 2015 оны 6 дугаар сард  15.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар төрийн банкны Ерөө дэх салбараас барилгын материалын дэлгүүрийн бараа татан авалт хийсэн.

     Миний авсан зээлийн эрсдэл нь:

  1. 2012 онд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15.000.000 төгрөг аваад Барилгын материалын дэлгүүр нээн амжилттай ажиллаж байсан боловч 2014 оны 6 дугаар сард миний хань зуурдаар нас барж, миний хувьд гэнэтийн цохилтонд орж, сэтгэл санааны хувьд маш хямарч бизнесийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч 1 жил гаран эмчилгээ хийлгэж, бизнес  маань доголдож эхэлсэн.
  2. Төрийн банкнаас зээл нь нас барсан хүний нэр дээр байж болохгүй, өөрийн нэр дээр шилжүүл гэж шаардлага тавьсны дагуу үлдэгдэл 8500.000 төгрийг хийж, 2015 оны 6 дугаар сард 15.000.000 зээл авсан боловч иргэдийн худалдан авах чадвар муудаж, бараа бүтээгдэхүүн борлогдохгүй, улс орны хямрал миний хувьд илт мэдрэгдэж банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн.
  3. Уг зээлийн үлдэгдэл 13.252.200 төгрөгийг 3-н жилийн хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Өөрийн амьдралын боломж, эрсдэлийг тооцоолсон бодит хугацааг төлөвлөн гаргасан.  
  4. Миний  бие нь “Шинэ тариа” ХХК-д тогоочоор ажилд орж байгаа бөгөөд уг компаний үндсэн ажилчин болж байгаа.  Иймд баталгаатай сарын орлоготой байгаа учраас уг орлогоороо банкны өрийг барагдуулахыг хүсч байна.
  5. Миний өөрийн байр болох бизнесийн зориулалтай байрыг, мөн үйлчилгээний зориулалтаар ашиглан орлого олж банкны зээлийн өрөнд нэмэрлэхийг хүсч  байна. Өөр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлтгүй. Хүү М.Баянсүхийн  өмнөөс итгэмжлэл авсан болно...гэжээ. 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттөр шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

     ...Зээлдэгч С.Одонтуяа, М.Баянсүх нар нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15/44 тоот Зээлийн болон Хөдлөх, үл хөдлөх  эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй, тогтмол төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээлсэн. Зээлдэгч нар нь өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч С.Одонтуяа, М.Баянсүх нараас үндсэн зээл 11.794.086.42 мөнгө, хүү 1.541.175.46 мөнгө, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 18.799.78 төгрөг нийт 13.354.061.66 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.Одонтуяа, М.Баянсүх нартай байгуулсан 15/44 дугаартай зээлийн гэрээ,, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны  гэрээнүүдийг цуцлуулахаар санал гаргаж байна... гэв.

        Хариуцагч, хамтран хариуцагч М.Баянсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.Одонтуяа   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

    ...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би банкнаас зээл авснаас хойш тасралтгүй 8 сар банкны зээлээ хийж байгаад хүүхэд маань өвдөөд ажлаа хийх боломжгүй болсон учраас нэг хэсэг бизнес маань доголдоод 2016 оны 02 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлт төлөгдөөгүй. Миний хувьд зээлийн гэрээг цуцлуулахад татгалзах зүйлгүй мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна... гэв.

           Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж                          

                                                             Үндэслэх нь:

        “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, С.Одонтуяа, М.Баянсүх нарт  холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 13.354.06166 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Зээлдэгч С.Одонтуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч  М.Баянсүх  нар нь “Төрийн банк”-ны Ерөө тооцооны төвөөс нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15/44 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, , Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийн тус тус байгуулан 15.000.000 төгрөгийг С.Одонтуяагийн нэг хүний эзэмшлийн № 000313752 дугаартай, Ү-1304000499 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн Ногоон довын 2-56  тоотод байрлалтай  98.4  мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай барилга, нэг хүний эзэмшлийн № 000313751 дугаартай, Ү-1304000080 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн 4 дүгээр хэсгийн  2-56  тоотод байрлалтай, 55  мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай барилга, нэг хүний эзэмшлийн Ү-1304000103 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн  №000308085 гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн 4 дүгээр хэсгийн  2 дугаар гудамж 56  тоотод байрлалтай, 18619513576646 нэгж талбарын дугаартай, № 000308085 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 3851 м.кв талбайтай газар зэргийг барьцаалан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан боловч уг зээлийн төлбөрөө 2016 оны 01 сараас хойш төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдэл 11.794.08642 төгрөг, зээлийн хүү 1541.17546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.79978 төгрөг нийт 13.354.06166 төгрөгийн зээлийг төлөөгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Зээлийн болон, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зээлийн эргэн төлөлт хийж байсан банкны хуулга зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

    Нэхэмжлэгч, хариуцагч, хамтран хариуцагч нар нь  зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа  үнийн дүн зэрэг дээр маргаагүй  байна.

  “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ зээлдэгч нарт 3 жилийн хугацаатай зээл олгосон боловч, зээлээ төлөхгүй олон сараар хугацаа хэтрүүлсэн, цаашид зээл төлөгдөх эсэх нь тодорхойгүй, зээл төлөх талаар удаа дараа сануулж, мэдэгдэл өгч байхад арга хэмжээ аваагүй”  байх тул  зээлийн гэрээг цуцлах санал гаргасан нь  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д  зааснаар “...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй “гэснээр гэрээ цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын хооронд байгуулсан  авагдсан Зээлийн болон, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн зэргийг цуцалж, С.Одонтуяа, М.Баянсүх нараас зээлийн үлдэгдэл 11.794.08642 төгрөг, зээлийн хүү 1541.17546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.79978 төгрөг нийт 13.354.06166 төгрөг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж нээхэлжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 224.720 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар “Төрийн банк”-ны Ерөө тооцооны төв,  зээлдэгч С.Одонтуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч  М.Баянсүх  нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 15/44 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг тус тус цуцалсугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч зээлдэгч С.Одонтуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч  М.Баянсүх  нараас зээлийн үлдэгдэл 11.794.08642 төгрөг, зээлийн хүү 1541.17546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.79978 төгрөг нийт 13.354.06166 төгрөг гаргуулан  “Төрийн  банк”-ны Сэлэнгэ салбарт  олгосугай.

3. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Одонтуяагийн нэг хүний эзэмшлийн № 000313752 дугаартай, Ү-1304000499 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн Ногоон довын 2-56 тоотод байрлалтай 98.4 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай барилга, нэг хүний эзэмшлийн №000313751 дугаартай, Ү-1304000080 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн 4 дүгээр хэсгийн  2-56 тоотод байрлалтай, 55 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай барилга, нэг хүний эзэмшлийн Ү-1304000103 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 2 дугаар гудамж 56 тоотод байрлалтай, 18619513576646 нэгж талбарын дугаартай, №000308085 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 3851м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

5. Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч  “Төрийн  банк”-ны Сэлэнгэ салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 224.720 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 224.720 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ