Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 550

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй О.Хишгээд холбогдох “Зээл, зээлийн хүү алданги болох 1.985.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                               Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Д.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэлийн  шаардлага: 1.985.000 төгрөг гаргуулах тухай,

   Нэхэмжлэлийн үндэслэл: О.Хишгээ нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр надаас 1.500.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлээч хэрэг болоод цалингийн зээл аваад өгье гэхээр нь 1500.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлүүлэхээр болж нотариатаар 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж өгсөн. Үүнээс хойш О.Хишгээ нь зээлсэн мөнгөө өгөхгүй худал хэлсээр байгаад 6 дугаар сард сайн хувьцааны мөнгөө аваад 100.000 төгрөг, дараа нь бас л утсаа салгаад алга болж 7 сард утсаар холбогдоод ... “би чамайг шүүхэд өгсөн” гэж хэлэхэд ... “наад Зүүнхараагийн шүүх чинь надад хамаагүй би Сэлэнгэ  шилжсэн надад мөнгө байхгүй шүүх дээ өг” гэж хэлээд уурлаж байж 8 дугаар сарын эхээр 300.000 төгрөгийг өгсөн.

   О.Хишгээгийн өгсөн 400.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 10 хоногийн хүү 100.000 төгрөгийг хасаад үлдсэн 300.000 төгрөгийг үндсэн зээлнээсээ хасч 1200.000 төгрөг зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 0.5 хувь тооцож алдангид 98 хоногийн 735.000 төгрөг нийт 1.935.000 төгрөг мөн миний бие Мандал сумын нэгдсэн эмнэлэгт өдрийн 8 цагаар ажилладаг Сэлэнгэ явахад хүндрэлтэй зардал гарч байгаа тул зардлын мөнгө болох 50.000 төгрөг нийт 1.985.000 төгрөгийг О.Хишгээгээс гаргуулах хүсэлтэй байгаа тул энэ хэргийг шийдэж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.                             

           Хариуцагч О.Хишгээ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

     ... Д.Энхмаагийн О.Хишгээ надад холбогдуулан 1.985.000 төгрөг нэхэмжилснийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна. 1.985.000 төгрөгийг О.Хишгээ миний бие Д.Энхмаад төлөхөд татгалзах зүйлгүй. Уг үнийн дүн дээр маргаан байхгүй. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.

                                                                 Үндэслэх нь:                                                                          

               Нэхэмжлэгч Д.Энхмаа нь О.Хишгээд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 1.985.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.985.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

             Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 46.710 төгрөгний 50 хувь болох 23.3355 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 23.355 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй О.Хишгээд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 1.985.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 46.710 төгрөгний 50 хувь болох 23.355 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 23.355 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Энхмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                                   ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ