Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 561

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Т.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1966 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, Найрамдлын 2 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй                                       

                                 Боржигон  овгийн Тоомойн Оюунцэцэг             

                                 регистрийн  дугаар: ЙЗ- 66062205

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг  нар  оролцов.              

                                                           Тодорхойлох нь:

       Нэхэмжлэгч: Т.Оюунцэцэг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

       ...Миний бие  1974-1982 онд Есөнзүйл суманд 8 дугаар ангиа төгссөн. Тэгээд  ажил хийсэн. 1986 оны 09 сарын 01-нд “Тэжээлийн цех”-д ажилд орсон. 1986-1994 он хүртэл улсад 8 жил тасралтгүй ажилласан. 1986 оны лавлагаа Өвөрхангай аймгаас гарч ирсэн. Харин 1994 онд  ажлаас чөлөөлөгдсөн лавлагаа аймаг болон сумын архиваас шүүгээд гарч ирээгүй. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал баримт байхгүй тул Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Тэжээлийн цех”-д 1986 оны 09 сарын 01-нээс эхлэн ажиллаж байгаад 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.

            Нэхэмжлэгч: Т.Оюунцэцэг шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

      ... Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 8 дугаар ангиа төгсөөд 1986 оны 09 дүгээр сарын 01-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдлийн “Тэжээлийн цех”-д жижүүр, үйлчлэгчээр ажилд орж 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Миний хувьд тэтгэвэрт гарах нас маань болоод тэтгэвэртээ гарах гээд материалаа бүрдүүлтэл миний ажлаас чөлөөлөгдсөн гэх тушаал архиваас шүүгээд олдоогүй. Намайг ажиллаж байх үед манай нэгдэл өөр зохион байгуулалтанд орж “Хөгжил” ББХ компани болон өөрчлөгдөж байсан. Тэгээд би нөхрөө дагаад Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаалууд гарч л байсан байх. Би өөрөө тэр бүхний авч байгаагүй. Тэгээд тэтгэвэр тогтоолгох болоход тушаалууд нь архиваас шүүлгээд гарч ирээгүй.

             Иймд намайг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар   сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Тэжээлийн цех”-д ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож өгнө үү! гэв.

                      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                               Үндэслэх нь:

           Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1986-1994 онуудад ажиллаж байсан боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй болсон тул тухайн байгууллагуудад ажиллаж байсан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ.

          Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-нд “Хөгжил” Нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 09-р сарын 01-ны өдрийн 20 дугаартай “Тэжээлийн цехэд ажилчнаар авч ажиллуулав” гэх тушаалаар ажилд орж, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай “Есөнзүйл Хөгжил” ББХ компаний захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай “Өөр газар шилжин ажиллаж болсон тул “Тэжээлийн цех”-ийн туслах ажилчнаас чөлөөлөв” гэх тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь  нэхэмжлэгчид “Хөгжил” нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 05 дугаар сарын 05-нд № 212492 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж тус нэгдлийн тамга дарж баталгаажсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Ж.Төмөр-Очир, Г.Эрдэнэчимэг, Б.Даваа Ж.Отгон нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

           Иймд Боржигон  овгийн Тоомойн Оюунцэцэгийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдлийн Тэжээлийн цех, “Есөнзүйл Хөгжил” ББХ компаний “Тэжээлийн цех”-д 1986 оны 09 дүгээр сарын 01-нээс  1994 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Тоомойн Оюунцэцэгийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдлийн Тэжээлийн цех, “Есөнзүйл Хөгжил” ББХ компаний “Тэжээлийн цех”-д 1986 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ