Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ад холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймаг ******* суманд төрсөн 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Э.А

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.А нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэр байрлах авто замын явган хүний уулзвараар гарч байсан иргэн Л.А ХАС банкны эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад мөргөж Л.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

     ...”*******” худалдааны төвийн урд талын явган хүний гарцтай гэрлэн дохион дээр иртэл улаан гэрэл ассан байхаар нь зогсож гарцаар 2 хүүхэд явж өнгөрөхөөр нь би ногоон гэрэл ассан байна гэж бодоод гэрлэн дохиогоо харалгүй хөдөлсөн чинь гэнэт л баруун талаас явган хүн миний машины урдуур орж ирээд би урд талаараа тулаад зогссон чинь газар унасан. Би арагшаа бага зэрэг ухарч зогсоод би өөрөө машинаас бууж тэр эгчийг дүү Д хамт машинд суулгаад эмнэлэг дээр авчирч үзүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 77-78 /          

            Хохирогч Л.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

            … би явган хүний гарцаар зам хөндлөн гараад яв байсан чинь зогсож байсан машин гэнэт хөдлөөд миний зүүн талын хөл руу мөргөсөн би газар унасан машинаас хүн гарч ирээгүй такси хүлээж байсан залуу намайг босгохоор нь би тэр залуугаас намайг сургуульд оруулаад өг гэсэн чинь та эмнэлэг явж зургаа авахуулсан нь дээр гэж хэлсэн. Тэгтэл машинд сууж явсан эмэгтэй хүн бууж ирээд намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Намайг явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед явган явж болох ногоон гэрэл ассан байхаар нь би зам хөндлөн гарсан зогсож байсан машин намайг мөргөж гэмтээсэн. Би Э.А гэх хүнээс 377.000 төгрөгийн хүлээн авсан надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 37-41 

            Иргэний нэхэмжлэгч Ц.******* мөрдөн байцаалтад өгсөн

            ... Манайд зээлээ хэвийн төлж байгаа тул бид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 03 дугаар шинжээчийн

1.Л.Аийн биед зүүн хөлийн шагай, шилбэ, тавхай хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 56/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн №37 дугаар шинжээчийн нэмэлтээр

1 Л.Аийн биед өмнө нь гарсан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 03 тоот дүгнэлтэнд зүүн хөлийн шагай, шилбэ, тавхай хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад зүүн хөлийн шаантын арын булчингийн шөрмөс болон ахиллын шөрмөсний бүрэн бус урагдал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 60-61/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаар шинжээчийн

1.Явган зорчигч Л.А нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

2.Тухайн зам тээврийн осол нь Приүс-20 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Э.Агийн буруутай үйлдлээс болж гарсан ба Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.

Үүнд:

2.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д зааснаар..гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч зогс шугамийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийш тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.

3. Тухайн зам тээврийн осолд автозамын зохион байгуулалт, авто замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

  4. Тухайн зам тээврийн осол нь Toyota prius-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Агийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 54-55/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дугаар шинжээчийн

1. Toyota prius-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 7.000.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 65/ зэрэг болно.

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 01-02/, яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлсэн тэмдэглэл /хх-ийн 57-58/, зам тээврийн ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 19-21/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-29/, Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32-34/, Улаанбаатар хот цэргийн төв эмнэлгийн карт /хх-ийн 62-63/, хохирлын баримт /хх-ийн 79-80/, шүүгдэгч Э.Агийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 91/, шүүгдэгч Э.Агийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 92/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 93-94/, шүүгдэгч Э.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Э.А нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэр байрлах авто замын явган хүний уулзвараар гарч байсан иргэн Л.А ХАС банкны эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад мөргөж Л.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Э.Агийн ... би ногоон гэрэл ассан байна гэж бодоод гэрлэн дохиогоо харалгүй хөдөлсөн чинь гэнэт л баруун талаас явган хүн миний машины урдуур орж ирээд би урд талаараа тулаад зогссон чинь газар унасан... гэх мэдүүлэг / хх-ийн 77-78 /     

            Хохирогч Л.Аийн,… явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед явган явж болох ногоон гэрэл ассан байхаар нь би зам хөндлөн гарсан зогсож байсан машин намайг мөргөж гэмтээсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 37-41 /

            Иргэний нэхэмжлэгч Ц.*******,... манайд зээлээ хэвийн төлж байгаа тул бид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шинжээчийн...Л.Аийн биед зүүн хөлийн шагай, шилбэ, тавхай хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,... гэх дүгнэлт /хх-ийн 56/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 37 дугаар шинжээчийн нэмэлтээр... Л.Аийн биед өмнө нь гарсан 2019.12.11-ний №03 тоот дүгнэлтэнд зүүн хөлийн шагай, шилбэ, тавхай хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлэгийн бичиг баримтаас харахад зүүн хөлийн шаантын арын булчингийн шөрмөс болон ахиллын шөрмөсний бүрэн бус урагдал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,...гэх дүгнэлт /хх-ийн 60-61/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаар шинжээчийн... Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т... гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч зогс шугам-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийш тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно..заалтыг зөрчсөн... гэх дүгнэлт /хх-ийн 54-55/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №31 дугаар шинжээчийн.... Toyota prius-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 7.000.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 65/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Э.Аг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Аг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А нь насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч Л.Ад гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 867000 төгрөг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.А бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Агийн эзэмшлийн “...Toyota prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Ад буцаан олгож, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг Э.Ад буцааж олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Аг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Аг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу дөрвөн сарын хугацаанд буюу сар бүр 125.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Э.Ад буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Э.Агийн эзэмшлийн... ******* Тоёото приус маркийн автомашин...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Ад буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ад хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.БАЙГАЛМАА