Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 18

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Өгөөж төвд байрлах, РД:5922178, “Бэрс капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 04 тоотод оришн суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ77111172, Бөөгөд овогт Лхамын Хүслээд холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.209.725 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Хүслээ нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №УУ-2752 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.200.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн. Л.Хүслээ нь 1.200.000 төгрөгийг Хаан банкны өөрийн нэрийн дансыг гэрээнд бичиж, гарын үсэг зурж, дансаар авсан. Уг зээлийн гэрээнд барьцаанд 35-71 УВХ улсын дугаартай Hyundai-Grase маркын автомашиныг барьцаалсан болно. Зээлдэгч Л.Хүслээ нь зээл төлөх ёстой байсан графикт хугацаа хэтрүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 177.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 95.000 төгрөгийн төлөлт хийсэн ба үлдэгдэл төлбөр дээр 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай сунгалт хийлгэсэн байдаг. Мөн Л.Хүслээ нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нийт 38 хоног хугацаа хэтрүүлэн 2016 оны 2 дугаар 08-ны өдөр 229.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 50.000 төгрөг тус тус хийж дахин 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай сунгалт хийлгэсэн. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 130.000 төгрөг төлж, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 6 хувийн хүүтэй 30 хоног сунгуулав. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 70.000 төгрөгийн зээл төлж 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай сунгуулав. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 90.000 төгрөг төлж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай сунгуулав. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 100.000 төгрөг төлж үлдэгдэл дүн дээр 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгуулав. Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Компаний зүгээс 95116558 дугаараас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг зээлдэг Л.Хүслээд удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч авсан зээлээ төлөх ямар нэг үйлдэл хийгээгүйгээс гадна №УУ-2752 тоот барьцаат зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцаа хөрөнгө болох автомашиныг үрэгдүүлсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болгож, компанид дараах эд хөрөнгийн хохирол учруулсан болно. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 830.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 49.800 төгрөг, нийт 879.800 төгрөг, зээлийн гэрээний 1.1.6-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны 75 хоногийн алданги 329.925 төгрөг, нийт 1.209.725 төгрөгийг Л.Хүслээгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Л.Хүслээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Хүслээ нь “Бэрс капитал” банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн үлдэгдэл 1.209.725 төгрөг нэхэмжилсэнийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохироцсон бөгөөд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Бэрс капитал” ХХК-иас иргэн Л.Хүслээд холбогдуулан 1.209.725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Л.Хүслээ нь 1.209.725 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК нь хариуцагч Л.Хүслээд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.209.725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хариуцагч Л.Хүслээ нь нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.209.725 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч Л.Хүслээ нь “Бэрс капитал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.209.725 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-ийн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.583 төгрөг төлсөн ба тал хувь болох 16.791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 16.791 төгрөг, хариуцагч Л.Хүслээгээс 16.791 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй 1.209.725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Хүслээ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 33.593 төгрөгөөс 16.791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 16.791 төгрөг, хариуцагч Л.Хүслээгээс 16.791 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХК-д олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Хүслээ шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР