Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Ж.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Болдбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

Хариуцагчийн төлөөлөгч: Э.Зол-Эрдэнэ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Банзрагч

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.Цуурай

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч иргэн Ж.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би эхнэр Ш.Батгэрэлийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинг 576.2 мкв газрын хамт 2004 онд М.Бахтжан гэдэг залуугаас худалдаж авсан. Тухайн үед газар байшинг худалдаж авахад М.Бахтжан гэдэг залууд газар болон байшингийн гэрчилгээ байхгүй байсан ба улмаар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 576.2 мкв газартаа 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээг эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр авсан. Манайх энэ газар дээр байшин барьж 12 жил амьдарч байгаа юм. Эхнэр Ш.Батгэрэл нь 2012 онд нас барсан ба би 13 настай өнчин хүүхдийнхээ хамт үлдсэн.

            Улмаар миний бие нь өвчин тусч харвалт өгсөн ба хөдөлмөр чадвар алдалтаар группт гарсан. Цаашид өвчний байдал ямар ч байдлаар эргэх магадлалтай тул ганц хүүгийнхээ нэр дээр талийгаач ээжийнх нь газар эзэмших гэрчилгээг болгохоор хууль ёсны дагуу буюу өв нээгдсэн үеэс нь хойш нотариатчид хандаж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авсан байсан юм.

            Гэтэл манайхтай олон жил айл хөрш явсан эхнэр, нөхөр болох Б.Мөнхдалай н.Банзрагч нар нь огт чимээгүй байж байгаад эхнэр нас барснаас хойш буюу 2016 оноос гэнэт энэ газар чинь манай эзэмшлийн байшин газар байгаа юм. Манайх 1996 онд энэ газар дээр гэрчилгээ авсан байсан гээд хүүхэд бид 2-ыг хөөж туух болсон. Энэ байдлыг лавлахаар худалдаж авсан М.Бахтжанаас асуухад “Би энэ газар байшинг тухайн үед Б.Мөнхдалай, н.Банзрагч нараас худалдаж авсан. Намайг худалдаж авахад гэрчилгээгүй гэж байсан, тэгээд сүүлд танайхад зарсныг тэр 2 мэдэж байсан. Яагаад ингээд байгаа юм бол” гээд гайхаад байсан. Гэтэл Б.Мөнхдалай, н.Банзрагч нар нь гэрт дайран орж ирэн Засаг даргын захирамжийг үзүүлж газар эзэмших эрх манай нэр дээр шилжсэн тул одоо гар гэж хөөх болсон. Энэ талаар миний бие нь огт мэдээгүй явсан ба одоо болтол надад албан ёсоор ирсэн бичиг байхгүй байна.

            Дээрх хүмүүс ямар учраас 12 жилийн хугацаанд айл хөрш явж байхдаа энэ асуудлаар ярьдаггүй байсан байж эхнэрийг минь нас барж намайг харвалт өгч хүнд өвчин туссан хойно гэнэт энэ асуудлыг сөхөөд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 1996 онд энэ газар өөр хүний нэр дээр байсан юм бол яагаад тухайн үед буюу 2008 онд миний эхнэрийн нэр дээр захирамж гарч гэрчилгээг олгосон юм бэ, сумын эрх мэдэлтнүүд болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд нэг газарт давхардаж газар олгосноор эцэст нь хүү бид 2 орох оронгүй очих газаргүй үлдэх болчихоод байна. Дээрх хүмүүс болон Б.Мөнхдалай нар нь газар эзэмших эрх өөрсд нь шилжсэн учраас удаа дараа гэрт дайран орж ирж газар чинь манайх болсон юм чинь байшин чинь бас манайх болсон гээд хөөгөөд яах ч учраа олохгүй байтал Б.Мөнхдалай нь Цагдаагийн байгууллагад хандсан ба Цагдаагийн газар очин байцаагдахад байшингийн гэрчилгээ Б.Мөнхдалайгийн нэр дээр олгогдсон байхыг мэдсэн. Надад гэрчилгээний хувийг харуулсан ба албан ёсоор өгөөгүй юм.

            Сэлэнгэ аймгийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс нь зөвхөн газар эзэмших гэрчилгээг харснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзэж гэрчилгээ олгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад энэ байшинд хэн хэдэн жил амьдарч байгаа талаар судлахгүйгээр гэрчилгээ олгосныг ойлгохгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Бат-Очирын Мөнхдалай /РД: МЭ-40052035/ нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан бүртгэлийн мэдүүлэг, нотлох баримтууд нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийн шаардлагыг хангасан байх тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болно.  

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1 Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүнд өмчлөх эрх баталгаажна. Мөн хуулийн 4.2 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заагдсан тул иргэн Ж.Болдбаатарын тус хувийн сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Э.Зол-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 болон 5 дугаар зүйлд заасан зарчмын дагуу нотлох баримтыг үндэслэж хууль журмын дагуу бүртгэлийг хөтөлдөг. Үүний талаар мөн хуулийн 5.1-д “Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө”, 5.2-д “Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан Улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө” гэж заасан. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасны дагуу нотлох баримт бүрдүүлэхийг шаарддаг. Иргэн Мөнхдалай нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр гаргасан мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь дээрх нөхцөлтэй таарч байсан тул улсын бүртгэлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004267 гэсэн дугаарт бүртгэж улсын бүртгэлийн  гэрчилгээ олгосон гэв.

           Гуравдагч этгээд Б.Мөнхдалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Болдбаатар нь маш худалч зальтай дээрэлхүү түрэмгий хүн болохыг бид сайн мэддэг боллоо. Захиргааны хэргийн шүүх шүүгчид ирүүлсэн нэхэмжлэлд бичигдсэнийг үзэхэд маш худалч болох нь тодорхой байна. Бид энэ айлд 2004 оны 06 дугаар сард энэ хашаа байшингаа зараагүй шүү газрын бичиг баримт бидэнд байгаа гэдгээ хэлж байсан тэр ч байтугай 2005 оны 03 дугаар сард газрынхаа хуучин гэрчилгээг шинэчилэх гэж кадастрын зураг авахуулах гэхэд эхнэр Ш.Батгэрэл охин Номингийн хамт бидэнтэй хэрүүл хийж газрынхаа гэрчилгээг өг гэж тулган шаардаж байсан нь бидэнд газар ба байшингийн 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01825 тоот гэрчилгээ байгааг мэдсэн гэсэн үг. Түүнээс хойш Ж.Болдбаатар, Ш.Батгэрэл нар нь манайхаас байшин хашааг чинь худалдаж авъя гэж ч орж ирээгүй мөн байшинд чинь засвар хийхээр байна гэж ч юу ч хэлээгүй, нэг өдөр үүрээр байшингийн минь орой дээврийг буулгачихсан байсан нь дэндүү дээрэлхүү байдал гэж үзэхээс өөр арга байгаагүй, бид нэгэнт эвдүүлчихсэн байшинг бүтэн болохыг харах нь зөв гэж бодоод яаж засав ямар материал оров гэдгийг бүгдийг харж байв. Манай хуучин байшингийн бүх л материалыг эргүүлэн ашиглаж хэлбэрийг нь бага зэрэг өөрчилж баруун талынхаа айлын хашаа руу оруулсан нь огтхонч таалагдахгүй байгаа. Энэ нь Ж.Болдбаатарын дээрэлхүү түрэмгий болохыг гэрчилж байгаа юм. Ж.Болдбаатар нь ямар нэг хууль бус зүйлийг мөнгөөр шийдэх дуртай хүн байна. Манай байшинд 1 жил амьдарсан М.Бахтжаныг ажилд нь хүргэж өгдөг байсан улмаар дотносож найзалсан хуйвалдаан зохиож түүнд 450.000 төгрөг өгч өөрөө түүнийг нүүлгээд бидэнд юу ч мэдэгдэхгүй дараа нь Ж.Болдбаатар өөрөө нүүж ирсэн нь тэр байсан энэ тухай өөрөө бидэнд хэлсэн юм. Ж.Болдбаатар 2004 онд сумын газрын албаны жолооч хийж байсан гэдэг.

            Тийм учраас ямар аргаар бүү мэд 2008 онд 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг /нэрсийн жагсаалтанд орж баталгаажаагүй/ авсан нь биднийг дээрэлхэж, түрэмгийлэх шалтгаан нь болж байсан байх. Үхэл өвчин, өнчирлөөрөө далайлган, өтөлсөн биднийг дэндүү элэг барьж байгаад их гомдолтой байна. 2012 оноос хойш хамтран амьдарч буй Сувдаа хүүхнээсээ салсан гэж заль хэрэглэн Буурын голд шинээр барьсан орон сууцандаа орохгүй байгаа нь мөн л биднийг элэг барьж 2004-2016 оны өнөөг болтол ямар ч үнэ хөлсгүй сууж байгаа байдлаа үргэлжлүүлэх гэсэн түрэмгий санаархал юм. Миний газар байшингийн бүх бичиг баримт нь хүчин төгөлдөр болох нь нотлогдчихоод байхад өмгөөлүүлэхээр 350.000 төгрөг төлсөн гэдэг нь хууль бус зүйлийг төгрөгөөр шийдэх гэсэн санаа л байх. Би өөрийнхөө эзэмших ёстой газар орон сууцдаа эдлэх эрхээ Ж.Болдбаатар гэдэг энэ хүнээс болж, эдэлж чадахгүй байна. Бид 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөг  болтол өөрийнхөө мэдлийн хашаа байшиндаа эзэн нь мөн гэдгээ улс, аймаг, сумын газрын алба болон гэрч олон түмнээрээ нотлуулчихаад байхад Ж.Болдбаатар яагаад миний мэдлийн байшинг өөрийн болгох гээд байгаа нь хууль бус юм. Хууль, шүүхийн байгууллагаар ч орлоо. Маш их хугацаанд зардал чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Ж.Болдбаатар нь манай хашаа байшинд амьдарч буй хугацаандаа 2 байшин бариад түүнийгээ зарсан одоо Буурын голд шинэ, хуучин 2  байшинтай орох оронгүй гэдэг нь худлаа шүү дээ. Миний байшин газрын гэрчилгээ нь 1996 оноос 2056 он хүртэл 60 жил эзэмших гэрчилгээтэй байхад 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүүхдэд өв залгамжлуулах ёсгүй тул мөн л хууль бус асуудлыг баталгаажуулдаг нотариатч байхгүй байх. Мөн л худлаа хэлж байна.

            Сэлэнгэ аймгийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс буруу юм огтхон ч хийгээгүй бүх бичиг баримтыг хуулийнхаа дагуу бүрдүүлж Б.Мөнхдалай миний нэр дээр 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 57м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-1317004267 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болно. Иймд Ж.Болдбаатарын шаардлагыг хүлээж авахаас эрс татгалзаж байна гэжээ.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Банзрагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 1996 оноос 60 жил эзэмших эрхтэй байсан гэрчилгээг Засаг даргын захирамж гарч баталгаажуулан үүний дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Ж.Болдбаатар хүчин төгөлдөр бус газрын гэрчилгээтэй. Аймгийн Газрын харилцаа геодези хот байгуулалтын газраас Ж.Болдбаатарын газрын гэрчилгээг хурааж, хүчингүй болгох тухай албан бичиг өгсөн. Хуурамч гэрчилгээг хурааж авах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байна. Шинэ байшин барьсан гэсэн нотолгоо хаана байна вэ? шинжээчийн дүгнэлт хаана байна. 2014 онд дөнгөж засвар хийснээ шинэ байшин барьсан гэдэг. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдэд үг нь зөрж байна. 04 сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт “барьцаанаас авсан байшиндаа засвар хийсэн нь тогтоогдлоо” гэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхэд 2008 онд шинэ байшин барьсан гэж худлаа мэдүүлэг өгдөг. Бид Бахтжанд байшингаа зараагүй. Яагаад гэвэл аав нь хүүдээ гал голомтоо үлдээсэн, анхны хүүхэд маань төрсөн тэр байшинг бид зарна гэж бодохгүй. Бахтжан манай байшинг сард 15.000 төгрөгөөр гэж тооцоод бэлнээр 120.000 төгрөг өгч, үлдсэнийг нь арай гэж цувуулж өгсөн. Бид ажилгүй, жирэмсэн эхнэртэй, оюутан байсан байдлыг харж үзээд байшиндаа оруулсан. Ж.Болдбаатар, Бахтжантай хуйвалдаж шөнөөр нүүж орсон байдаг. Бид нар байшингаа худалдаагүй гэдгээ хэлсэн боловч тоогоогүй. Өөд болсон эхнэрийнх нь ээж аавтай нь хөрш зэргэлдээ байсан. Би өөрөө хүүхдийн эмч хүн хүнлэг чанартай, хүмүүнлэг сэтгэлтэй гэтэл энэ байдал яагаад хуулинд байхгүй болсон юм бэ? Бид энэ айлын өвчтэй зовлонтой байдлыг нь хүндэтгэж байсан ч хөөж гаргаагүй, тийм ухамсар бидэнд байхгүй. Шинэ байшин барьсан гэж яагаад худлаа ярьдаг юм бэ?

Газрын гэрчилгээг хүчингүй болгосон газрын албаны 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 244 тоот албан бичиг байна. Гэтэл энэ хүн гэрчилгээгээ өгөхгүй байгаа гэсэн. Шинэ байшин барьсан гэсэн ямар ч нотолгоо байхгүй. Биднээс энэ байшинг булааж авах ямар шалтгаан байгаа юм бэ? Бид өөрийнхөө газар дээр байшин барьж өмчлөх эрхээ авсан. Шинэ байшин барьсан гэвэл манай хуучин байшин хаана байна. Би энэ хүнд гэрчилгээгээ өгөхгүй. Засвар хийсэн асуудлынхаа талаар эдийн засгийн тооцоо гарсан байх. Шинэ байшин барьсан гэдэг нь нотлогдоогүй байхад 3 шатны шүүх яагаад энэ хүнд гэрчилгээ олгоод байдаг юм бэ? Захиргааны хэргийн шүүхэд итгэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Болдбаатараас Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан  “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ.   

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

          Хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийг хүлээн авч мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 10 дугаар сарын 14-нд Ү-1317004267 дугаарт улсын бүртгэлд бүртгэн 000381157 дугаартай гэрчилгээг иргэн Б.Мөнхдалайд олгосон байна.

          Түүнчлэн гуравдагч этгээд Б.Мөнхдалай нь иргэний хэргийн шүүхэд хандаж, Ж.Болдбаатарт холбогдуулан “Хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх”, “хувийн орон сууцны байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай Ж.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлтэй Б.Мөнхдалайд холбогдох” Хувийн орон сууцны байшингийн өмчлөгч болохыг тогтоолгох “тухай нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй, Ж.Болдбаатарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоот газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй “хашаа байшингийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоот  хаягт байршилтай, 57 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Болдбаатар болохыг тогтоож шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч Б.Мөнхадалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгийн давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалаар   шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж  шийдвэрлэжээ. Дээрх магадлалыг Б.Мөнхдалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/01235 дугаар тогтоолоор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар магадлалын 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаар шийдвэрийн удирдлага хэсгээс  ... гэснийг хасч, тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг ... Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй, Ж.Болдбаатарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоот газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрийн 2 дахь заалтад ... Ж.Болдбаатарт холбогдуулан гаргасан хашаа, хувийн сууцны өмчлөгч болохыг тогтоолгох Б.Мөнхдалайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоотод байрлах хувийн сууцыг Ж.Болдбаатарын өмч болохыг тогтоож, Б.Мөнхдалайд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангасугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн уг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.             

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бахтжаны “...би тухайн үед Сүхбаатар сумын Буурын голын 4 дүгээр багийн 3 дугаар хэсгийн 161 тоотод байрлах хашаа байшинд  2003 оны 04 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар хүртэл нэг жил гаран түрээслэж байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Б.Мөнхдалай гуайнх надад зарсан хашаа байшингийн хажуу хашаа байшинд байсан болохоор би итгээд худалдаж авсан. Тухайн үед Б.Мөнхдалай гуай газрын гэрчилгээ аваагүй чи хөөцөлдөөд аваарай гэж байсан. Би зарсан хашаа байшингийнхаа мөнгөөр 60 айлд найз н.Мөнхбаатараасаа хашаа байшин худалдаж авсан. Хэрвээ маргаж буй хашаа байшин Б.Мөнхдалай гуайн хөрөнгө байсан бол намайг зараад нүүдэл суудал хийж байхад яагаад маргаан гаргаагүй юм бэ. Б.Мөнхдалай гуайнх маргаан бүхий хашаа байшингийн хамар хашаа байшинд амьдарч байсан бүгдийг харж мэдэж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Отгонбаяр “... Би 2004-2008 онд Буурын голын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Намайг Засаг даргаар ажиллаж байхад одоогийн маргаж байгаа хашаа байшинд Б.Мөнхдалай гуай амьдарч байгаад хажуу талдаа шинээр газар аваад өөрсдөө тусдаа хашаа байшин бариад тэндээ амьдрах болсон. Маргаан бүхий хашаа байшинд эхлээд Өлзий гэдэг айл түрээслэн сууж байсан дараа нь аймгийн Холбоонд ажилладаг Бахтжан байж байгаад Ж.Болдбаатарынх орсон. Бахтжан нь түрээслэж байсан уу, худалдаж авсан уу гэдгийг мэдэхгүй харин Ж.Болдбаатарынх худалдаж авсан гэдгийг Ж.Болдбаатарын талийгаач эхнэр надад хэлж байсан. 2007 онд газрын өмч хувьчлалын бүртгэл явагдсан. Энэ үеэр аймгийн газрын албанаас кадастрын хүмүүс ирж айл өрхүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээг хэмжиж бүртгэл хийсэн. Маргаан бүхий 2 айлууд тус тусдаа бүртгэлд орсон байгаа” гэх мэдүүлэг,

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрч Ч.Саранчимэг “...Би 2015 оны 3 дугаар сараас одоог хүртэл Сүхбаатар сумын 8 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байна. Хашаа байшинг түрээслэж байгаа бол бүртгэл байх ёстой гэхдээ Ж.Болдбаатарынх 161 тоотод байнгын оршин суугчийн бүртгэлтэй байдаг. 2013 онд Ж.Болдбаатарын эхнэр нас барсан. Охин Номин над дээр орж ирээд хашаа байшингаа зармаар байна гэхээр нь Ж.Болдбаатар гуай амьдарч байгаа шүү дээ чи ингэж болохгүй гээд гаргасан. Б.Мөнхдалай гуай 161 тоотын газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураглалтай орж ирэхээр нь хашаа байшингаа зарсан юм байх гэж бодоод 161 тоотод Б.Мөнхдалай нь ам бүл 1 оршин суудаг гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч Ж.Болдбаатар нь 2008 онд хувийн байшинг шинээр дахин барьж өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа болох нь тогтоогдож байна.

          Гуравдагч этгээд Б.Мөнхдалай нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтыг  зөрчсөн  байна гэж дүгнэв.   

          Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Б.Мөнхдалайд холбогдох эрхийн улсын бүртгэлийг хааж, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  улсын бүртгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн V-1317004267 дугаарт бүртгэж 000381157 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож  шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоот хаягт байршилтай 57 мкв хувийн сууцыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн  Бат-Очирын Мөнхдалайгийн нэр дээр Y-1317001267 дугаарт бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу  шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.БУРМАА