Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 697

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         04          16                                       2020/ШЦТ/697

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Э.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Э.гийн Т.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 01481 0788 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хажуу-Уул суманд 1979 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, “Сайн тавилга” ХХК-д ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, А. овогт Э.гийн Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т. нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Булгачины 14-220а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Г.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/,

- 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эрүүгийн мөрдөгч, А.Насанжаргалын илтгэх хуудас /хх-ийн 11/,

- Хохирогч Ш.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр болоод гэртээ хамтран амьдрагч Э.Т.ийн хамт 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад, би согтуу, Э.Т.ийг ажлын эрэгтэй хүмүүстэй хий хоосон хардаж, хэрүүл маргаан болсон чинь хамтран амьдрагч Э.Т. ширээн дээр тортны хажууд байсан жижиг хутга аваад миний зүүн өвдөгний хэсэгт эсгэсэн. Тэр үед өвдөгнөөс цус гараад тогтохгүй байхаар нь би цагдаа, Түргэн хоёр дуудсан. Удалгүй Түргэний эмч ирж үзээд, өнгөц эсгэлт байна гээд 3 оёдол тавиад, намайг гэр лүү явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3704 тоот:

1. Ш.Г.ийн биед зүүн өвдөгний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

- Э.Т.ийн яллагдагчаар өгсөн: “...өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш.Г.той хамт төрсөн өдөр тэмдэглэж, сүүлдээ маргалдаж, би уурандаа ширээн дээр байсан жижиг хутга авч, Ш.Г.ийн зүүн  хөл хэсэгт нэг удаа хатгаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн нь үнэн. Миний буруу, би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Т. нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Булгачины 14-220а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Г.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Э.Т. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Ш.Г. гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Т.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Т. нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Булгачины 14-220а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Г.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Г.ийн мэдүүлэг, Э.Т.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3704 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Т.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Т.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 55/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Э.Т.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Т. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Э.Т.т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А. овогт Э.гийн Т.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т. нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА