Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00024/И |
Дугаар | 23 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 23
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, 2 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОМ66052406, Бурд овогт Шавганцын Онжилмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Онжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 51 настай, ам бүл 5. Би 16 настайгаасаа буюу 1982 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Онжилмаа нь 1982 оны 1 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд архивын цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, ажиллаж байхдаа шагнуулсан сайшаалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг үндэслээд Ш.Онжилмаагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Онжилмаа нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Шавганцын Онжилмаагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шагнуулсан “Сайшаалын үнэмлэх”,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Н.Хулнайгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1971 оноос Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд агент, малчнаар ажилд орж 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм. Ш.Онжилмаа нь багаасаа ээжийнхээ хамтаар сааль сааж байгаад өөрөө бие даан нэгдлийн саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед манайх Ш.Онжилмаагийнхтай айл хоршоо амьдарч байсан учраас би түүнийг болон ээжийг нь сайн таньж мэднэ. Мөн түүний нөхөр Тулгаа нь нэгдлийн малчнаар ажиллаж байсан одоо ч малаа маллан амьдарч байгаа. Ш.Онжилмаа ажиллах хугацаандаа баярын бичиг, сашаалын үнэмлэх зэрэг шагнал авч байсан, ажилдаа их сайн хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч М.Чулаагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1968 оноос Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажилд орж 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм. Ш.Онжилмаа нь 1982 оноос эхлэн 1990 оныг дуустал саальчнаар ажилласан юм. Тухайн үед манайх Тариалан сумын 3 дугаар бригадад амьдарч байхад Ш.Онжилмаа нь ээжийн хамт манай бригадад мал маллан өссөн, сүүлд Тулгаатай гэр бүл болоод 3 дугаар бригадад мал дээр ажиллаж амьдарцгаасан хүмүүс байгаа юм. Би Ш.Онжилмааг хар багаас нь таньж мэдэх бөгөөд бид нэг баг, бригад, нэг нэгдэлд олон жил айл хоршоо амьдарсан, одоо ч сумын төв дээр хөрш амьдарч байна. Тухайн үед нэгдлийн даргаар Г.Баазар, н.Цэндсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Н.Хулнайгийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 182 тоот шийдвэр, цалингийн тодорхойлолтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, М.Чулаагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ш.Онжилмаа нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Шавганцын Онжилмаагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шагнуулсан сайшаалын үнэмлэх, гэрч Н.Хулнай, М.Чулаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Онжилмаагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Онжилмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бурд овогт Шавганцын Онжилмаагийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Онжилмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР