Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 24

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, РД:ОЛ57032872, Шаазганууд овогт Үржитийн Гүнтэвсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1957 онд төрсөн, 59 настай. Би 21 настайгаасаа буюу 1978 оноос эхлэн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд малчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон учир бичиг баримтаа бүрдүүлэхэд нэгдэлд ажиллаж байсан баримтууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1978 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний овог Үржиг бөгөөд иргэний үнэмлэх солиход алдаа гарч Үржит гэж бичигдсэн байдаг” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэн нь Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Үржигийн Гүнтэвсүрэнд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 1978 оны 10 дугаар сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Үржигийн Гүнтэвсүрэнд 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Үржигийн Гүнтэвсүрэнгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 10 тоот хурлын протоколд “…Ү.Гүнтэвсүрэн нарыг охин борлонгоор шагнахаар тус тус шийдвэрлэв” гэж бичигджээ,

5. Гэрч О.Энхтайваны шүүхэд өгсөн: “Би 1987 оноос Увс аймгийн Сагил сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмчээр 2003 он хүртэл, 2003-2013 онд Сагил сумын Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажилласан. 1987 онд намайг Сагил суманд шилжиж ирээд ажилд ороход Ү.Гүнтэвсүрэн нь “Ялалт” нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсан бөгөөд тус нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос “Ялалт” ХК болоход үргэлжлүүлэн 1998 он хүртэл ажилласан юм. Би сумын хэмжээний малыг хариуцаж ажиллаж байсан учраас “Ялалт” нэгдлийн ажилчидтай ойр дотно ажиллаж байсан, мөн Ү.Гүнтэвсүрэнийн эхнэр нь малчнаар ажиллаж байсан учраас би тэднийг гэр бүлээр нь сайн таньж мэднэ. Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдлийн даргаар Ц.Давааням, намын даргаар Л.Тогоо нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч М.Оргодлын шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд тооцооны няраваар, 1980-1984 он хүртэл Зүүнговь сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор, 1984 оноос 1992 он хүртэл Сагил сумын санхүүгийн тасагт нягтлан бодогчоор, 1992 оноос 2002 он хүртэл “Ялалт” ХК-ийн туслах нягтлан бодогчоор тус тус  ажилласан. 1978 онд намайг Сагил сумын “Ялалт” нэгдэлд ажиллаж байхад Ү.Гүнтэвсүрэн дөнгөж цэргээс халагдаж ирээд “Ялалт” нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар ажилд орсон бөгөөд тус нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос “Ялалт” ХК болоход үргэлжлүүлэн 1998 он хүртэл ажилласан юм. Ү.Гүнтэвсүрэн сайн малчин байсан учраас ажиллах хугацаандаа Сумын аварга, байгууллагын аварга зэрэг олон шагнал урамшуулал авч байсныг санаж байна” гэх мэдүүлэг,

7. Гэрч О.Энхтайван, М.Оргодол нарын Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд ажиллаж байсныг тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.   

      Нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэн нь “Миний овог Үржиг бөгөөд иргэний үнэмлэх солиход алдаа гарч овог маань Үржит гэж бичигдсэн байдаг” гэж тайлбарласан ба Увс аймгийн Сагил сумын “Регистрийн дугаар авсан хүн амын бүртгэл”-ийн баримтад Үржигийн Гүнтэвсүрэн, Сагил Баянзүрх, РД:57032872 гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаартай тохирч байгаа тул түүний гаргаж өгсөн нотлох баримтууд болох Үржиг овогтой Гүнтэвсүрэн нэртэй хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.

       Нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэн нь Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь гэрч О.Энхтайван, М.Оргодол нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэнгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 11 жил, 2 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаазганууд овогт Үржитийн Гүнтэвсүрэнгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1978 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 11 /арван нэг/ жил, 2 /хоёр/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ү.Гүнтэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР