| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00863/И |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 25
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт оршин суух, 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, РД:ОЙ73070401, Тугтан овогт Хөхөөгийн Нарантуяагийн нөхөр Е.Бэлэгсайны ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Х.Нарантуяа нь Тайжууд овогт Ембүүгийн Бэлэгсайнтай 1992 онд гэр бүл болж 13 жил амьдрахдаа 3 хүүхэдтэй болсон. Нөхөр Е.Бэлэгсайн 2015 оны 10 дугаар сард нас барсан бөгөөд бидний бага охин Б.Буянхишиг /ОЙ05250506/ 9 настайдаа тэжээгчээ алдсан юм. Гэтэл нөхөр Б.Бэлэгсайны ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтууд байхгүй тул нийгмийн даатгалын сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэмж” авч чадахгүй байна. Нөхөр Б.Бэлэгсайны ажиллаж байсан жилийн тодорхойлолтыг архиваас шүүлгэж авсан. Иймд Б.Бэлэгсайны 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Е.Бэлэгсайн нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд бага охин нь 2005 онд төрсөн, 12 настай. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд аав Е.Бэлэгсайны ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа юм. Иймд Б.Бэлэгсайны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Баянгол бригадад 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал 2 жил, 3 сар малчнаар, 1990 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 1 жил, 2 сар, нийт 3 жил, 5 сар малчнаар ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү. Е.Бэлэгсайн нь 1988 оны 11 сараас 1990 оны 11 сар хүртэл цэргийн алба хаасан юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Нарантуяа нь нөхөр Е.Бэлэгсайны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар, 1990 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “…Е.Бэлэгсайн нарыг Баянгол бригадад ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Ембүүгийн Бэлэгсайны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал, 1990 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Итгэмжлэл, Н.Гантуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар,
4. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 108/002168 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ¹0000141367 нас барсны гэрчилгээний хуулбар, Е.Бэлэгсайны иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Сарантуяа, Б.Буянхишиг нарын төрсний гэрчилгээний хуулбар,
5. Гэрч Д.Дарьсүрэнгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1972 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Улиастай бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 онд тус нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Е.Бэлэгсайн нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд “Цог” нэгдлийн Баянгол бригадад илгээлтийн эзнээр мал маллаж 1991 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед бид зэргэлдээ хоёр бригадын малчид байсан бөгөөд, Е.Бэлэгсайн нэгдэлд ажиллаж байх хугацаандаа цэргийн алба хааж ирээд гэр бүлтэй болсон санагдаж байна. Түүний эхнэр Х.Нарантуяа нь тус нэгдлийн 4 дүгээр бригадын малчнаар ажиллаж байсан юм. Би Е.Бэлэгсайныг нэг нутгийн хүмүүсийн хувьд багаас нь таньж мэдэх бөгөөд түүний аав нь адуу малладаг, ээж нь насаараа нэгдлийн мал малласан хүмүүс байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ш.Оюунхүүгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1978 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Улиастай бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 онд тус нэгдэл тарах хүртэл ажиллаад 1993 оноос “Цог” ХК-д 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм. Е.Бэлэгсайн бид зэргэлдээ хоёр бригадын малчид байсан учраас түүнийг би багаас нь сайн таньдаг бөгөөд түүнийг 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг санаж байна” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Дарьсүрэнгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Ш.Оюунхүүгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 332 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Е.Бэлэгсайн нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь 0000141367 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Е.Бэлэгсайн нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар, 1990 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Ембүүгийн Бэлэгсайны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал, 1990 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.Дарьсүрэн, Ш.Оюунхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Е.Бэлэгсайны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал 2 жил, 3 сар малчнаар, 1990 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 1 жил, 2 сар малчнаар, нийт 3 жил, 5 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Ембүүгийн Бэлэгсайны Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сар малчнаар, 1990 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар малчнаар, нийт 3 /гурав/ жил, 5 /тав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР