Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 30

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1-11 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ76052771, Борлууд овогт Баатарын Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуульд холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Пүрэвсүрэн нь 1997 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуульд багшаар ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа аймгийн болон улсын олон уралдаан тэмцээнд оролцож сургуулийнхаа нэрийг гаргаж байсан. Миний бие тус сургуульд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ цаг тухайд нь хийж гүйцэтгэж нэг ч удаа сахилгын шийтгэл гаргаж байгаагүй болно. 2016 оны 11 дүгээр сарын 26-29-ний хооронд Монгол үндэсний спорт авиралтын холбооны “Спорт авиралтын Улсын аварга шалгаруулах” тэмцээн болж би уг тэмцээнд оролцохоор сургуулийн захирал Н.Бүрэнгээс ажлын 8 хоногийн чөлөө хүссэн өргөдөл гаргасны дагуу надад цалинтай чөлөө олгосон. Ингээд миний бие Улаанбаатар хот руу явж уг тэмцээнд оролцоод мөнгөн медаль авсан. Улмаар ажилдаа эргээд иртэл захирал Н.Бүрэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/44 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж, намайг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Уг сахилгын арга хэмжээ авахдаа надад урьдчилан мэдэгдээгүй бөгөөд гэнэт л “Чамайг ажлаас халсан, нарийн бичиг дээрээс тушаалаа ав” гэсэн. Надад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод  журмын 11.4 дэх заалтыг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Миний бие дээрх үндэслэлүүдийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/44 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, намайг тус сургуулийн Биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам нар 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Миний бие Увс аймгийн Цогцолбор 1 дүгээр сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Тус сургуулийн шинээр томилогдсон захирал Г.Цэрэндулам нь намайг урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эргүүлэн авахаар болж бид эвлэрч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

     Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам би биеийн тамирын багш Б.Пүрэвсүрэнтэй харилцан зөвшилцөж, түүнийг урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эргүүлэн томилохоор бид эвлэрсэн тул хэргийг шүүх хурал хийхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургууль /захирал Г.Цэрэндулам/ нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Цогцолбор 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор тохиролцсон болох нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулиас 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургууль /захирал Г.Цэрэндулам/ нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Цогцолбор 1 дүгээр сургууль нь Б.Пүрэвсүрэнг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 35.100 /гучин таван мянга нэг зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

       3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР