| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0715/Э |
| Дугаар | 745 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 745
2020 04 23 2020/ШЦТ/745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шинжээч эмч Н.Туяа,
шүүгдэгч Ж.Б., түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт Ж.ийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02144 0740 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тархины хорт хавдар өвчний улмаас группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадваргүй, О. овогт Ж.ийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б. нь 2019 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Элизабет” хотхонд байрлах писи тоглоомын газар иргэн Э.Э.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би “Хаан” банкны тусгай активын газар зээлийн байцаагч ажилтай. 2019 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд найз Энхбаттай хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхоны арк дотор нэр хаяггүй писи тоглоомын газар луу Нямбаяр гэх ажлын газрын хүнтэй уулзах гэж орсон. Манай найз писи тоглоомын газар тоглож байсан тул удах шинжтэй болохоор нь Энхбат бид хоёр хажууд нь 2 компьютер асаагаад суугаад 10 минут орчим болоод, гэр лүүгээ харихаар шийдээд, тухайн компьютерийг унтраагаад, би Энхбат, Нямбаяр нарт хандан “больё, явъя” гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас Ж.Б. гэх хүн Нямбаярт хандан “хэн энэ хоёр хүнд тоглох эрх өгсөн юм, асууж суудаггүй юм уу” гэж хэлэхээр нь би хажуу талаас нь тооцоог нь хийнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Ж.Б. гэж хүн уурлаж эхэлсэн бөгөөд надад хандан “чи муу юу гээд байгаа юм” гэж хэлэхээр нь би тус газраас гарахаар үүд хэсэгт очсон. Тэгтэл араас над дээр ирээд миний цээж рүү 2-3 удаа гараараа цохисон. Ингээд би газар унасан ба “зодоон цохион хийгээд хэрэггүй, одоо больё” гэж хэлтэл Ж.Б. гэх залуу миний үгийг сонсохгүйгээр миний нүүрний зүүн хэсэг буюу зүүн нүдний доод хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь манай найзууд хажуу талаас Ж.Бат-Эрдэнийг салгаад болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 99-100/,
- Гэрч Э.Тэмүүжингийн өгсөн: “Би тус өдөр хуурай ах Ж.Бат-Эрдэнийн хамт ажлын байр болох “Элизабет” хотхоны 1 давхрын байранд Ж.Б. ахтай байж байсан. Ингээд би Ж.Б. ахтай онлайнаар тоглож байтал шөнө Энхбат гэх залуу 2 найзын хамт тус газар орж ирсэн. Ингээд Энхбаттай явж байсан үл таних 2 залуу асуухгүйгээр компьютер асаагаад суухаар нь Ж.Б. ах “зөвшөөрөл авахгүй сууж болохгүй, яасан дураараа юм бэ” гэж хэлтэл үл таних залуугийн нэг нь “яасан сүртэй юм, мөнгийг нь төлөөд сууя” гэж хэлсэн. Тэгтэл Ж.Б. ах “энэ газар мөнгө төлж суудаг газар биш, хувийн газар” гэж хэлэхэд нөгөө залуу нь тус газраасаа босоод өөр газар суун дахин компьютер асаасан. Тэгтэл Ж.Б. ах дахин уурлаад “бос” гэж хэлтэл үл таних залуу “сүртэй пизда вэ” гэж хэлсэн бөгөөд тэр хоёр маргалдаж эхлэн бие биенээ түлхэлцэж байсан. Ж.Б. ах үл таних залуу хоёр байх газар түжигнэж, чимээ сонсогдсон. Нэг мэдэхэд Энхбатын найз үл таних залуу “нүд өвдөөд байна” гэж орилж байсан. Нөгөө залуу “цагдаагаа дууд” гэж хэлж орилсон. Ингээд удалгүй Энхбат хоёр найзын хамт гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- Гэрч Б.Энхбатын өгсөн: “Тус өдөр Э.Э., Нямбаяр гэх хоёр найзтайгаа гадуур явж байсан бөгөөд покерын тэмцээнд орохоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхонд байрлах сургалт руугаа очсон. Ингээд тус газар ортол Ж.Б. болон түүний дүү гэх залуу, мөн тус газар тоглодог Шарка гэх залуу байсан бөгөөд бид гурав компьютер асаагаад покер тоглож эхэлсэн. Тэгтэл Э.Э. хожигдсон ба “өө, бүтэхгүй юм байна, явъя” гэж хэлэн босоод, үүдний хэсэгт очоод зогссон. Тэгтэл Ж.Б. гэх хүн босч ирээд Э.Э.д хандан “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлэн Э.Э. дээр очоод гараараа нүүр хэсэгт нь үгийн зөрүүгүй цохичихсон. Тэгэхээр нь би суудлаасаа босоод Ж.Б.д хандан “хүн хэлээрээ, мал хөлөөрөө шүү” гэж хэлэн Ж.Бат-Эрдээн дээр очоод гэдсээр нь тэврээд “боль” гэж хэлэн хойш нь татсан. Тэгтэл Ж.Бат-Эрдэнийн дүү гэх залуу босч ирээд Э.Э. дээр очин нуруу хэсэгт нь өшиглөсөн бөгөөд тэр үед нь Э.Э. нүүрээ дарсан байдалтай “нүүр лүү битгий цохиорой” гэж хэлж байсан. Тэгтэл Ж.Б. намайг тавиулаад Э.Э. дээр очоод нүүр хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би дахин Ж.Б. гэх хүн дээр очоод салгасан. Э.Э.ийн нүдний доод хэсгээс нь цус гарч хавдсан бөгөөд тус гэмтлийг Ж.Б. гэх залуу өшиглөж учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4106 тоот:
1. Э.Э.ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 32/,
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 332 тоот:
1. Ж.Б. нь хэрэг үйлдэх үедээ F04. органик ойгүйдлийн хам шинж, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй байсан байна.
2. Ж.Б. нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвар султай байсан байна. Ж.Б. нь мэдүүлэг өгөх чадваргүй байна.
3. Ж.Б. нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвар султай байна.
4. Ж.Б. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.
5. Ж.Б. нь цаашид асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамж, хараа хяналтанд байх шаардлагатай байна гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ж.Б. нь 2019 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Элизабет” хотхонд байрлах писи тоглоомын газар иргэн Э.Э.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Э.ийн мэдүүлэг, гэрч Э.Тэмүүжин, Б.Энхбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4106 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 332 тоот дүгнэлт, Ж.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Э.Э.ээс “Натур” эмнэлэгт толгойн томограф оношлогоо хийлгэсэн 120.000 төгрөгийн, шүүх эмнэлэгийн үзлэгийн 8000 төгрөг, “Окулопластик” эмнэлэгт 25.000 төгрөгний үзлэг хийлгэсэн баримтууд хэргийн 41, 42 дугаар хуудсуудад авагдсан байх тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс 153.000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно”, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно” гэж тус тус заажээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 332 тоот дүгнэлтээр Ж.Б. нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвар султай байсан, мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвар султай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, цаашид асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамж, хараа хяналтад байх шаардлагатай гэж дүгнэжээ.
Шүүгдэгч нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах чадвар “сул” байсан гэх боловч органик ойгүйдлийн хам шинжтэй /шинжээчийн дүгнэлтээр/ бөгөөд түүний хэрэг хариуцах чадваргүй байдал гэмт хэрэг үйлдсэний дараа бий болоогүй, тархины хорт хавдар өвчний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 69%-иар тогтоосон буюу сэтгэц, эрүүл мэндийн уг нөхцөл байдал нь өмнө илэрч байсан гэж үзэхээр байх тул гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Ж.Б. нь тогтмол эмчийн хяналтад байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд хууль ёсны төлөөлөгч Э.Баттулгын хүсэлтийг харгалзан шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчид нь халамжлуулахаар шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О. овогт Ж.ийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр түүний хууль ёсны төлөөлөгч О. овогт Ж.ийн Баттулга /РД:УП89071657/-д халамжлуулахаар шилжүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттулгаас 153.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Энхтайваны Э. /РД:НТ83011418/-д олгосугай.
4. Хохирогч Э.Э. нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА