Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй С.А

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ж.Я зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/

            Хохирогч Ж.******* мөрдөн байцаалтад өгсөн

      … 2019 оны 12 дугаар сарын 17-ны найз М.******* уулзаад байж байхад түүний утас дуугарч ажлын газрын залуу байна гэж утсаар ярьсан. Тэгээд удалгүй машин ирсэн М.******* машинд сууж би буцаж явах гэхэд жолооч залуу гарч ирээд муу машин юм байгаа биз гэж хэлээд намайг миний хамар орчимд мөргөсөн би тухайн үед явсан. Тэгсэн “ *******” шатахуун түгээх газар тэнд миний араас ирж намайг барилцаж авсан би тухайн үед харилцан барилцаж автал М.******* салгаж бид хамт явсан нарийн гудамжаар гартал бид хоёрын урд ирсэн машинаар сигналдаад зогсож байсан тэгтэл хоёр гөлөг минь та хоёрыг ална шүү гэж хэлээд орилоод ирсэн М.******* миний урдуур орж тэр залууг салгасан тэгсэн газраас чулуу авч намайг С.А гэх залуу толгой руу чулуугаар цохьсон хөмсөгний дээд хэсэгт хагарсан,...Намайг чулуугаар миний баруун хөмсөг дээд хэсэгт цохиж хагарч тэр хэсгээс цус гарсан өөрөөр цохиж зодоогүй сүүлд би намайг цохьсон чулуу байгаа газарт очиж цохьсон гэх чулууг хайсан боловч байхгүй байсан олон хүн явдаг гудамж байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 5-7/

            Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 12 дугаар сарын 17-ны би найзуудтайгаа нийлж караокед орсон тэгээд би караокеноос гарч С.******* очсон тэнд М.******* гэх залуу байж байгаад бид нартай хамт гарч яваад ХӨХ толгойн тэнд үлдсэн байсан. Тэгээд утсаар ярьж хүрч ирээд аваадах гэсэн очиход ******* хамт найз гээд залуу байсан тэр залууг машинд суучих гэхэд би ийм хогийн машинд суухгүй гэж хэлээд хаалга саваад яваад өгсөн. Тэр үед С.А уурласан араас очиж зодоон хийх гээд байхаар нь салгаж болиулсан. Тэгтэл М.******* машинаас бууж найзтайгаа хамт яваад өгсөн араас С.А бид нар машинтай явж байгаад нарийн гудамжинд таарсан С.А шууд нарийн гудамж руу орсон би араас нь ороход тэр залуутай барилцаж авчихсан зогсож байсан С.А чулуу авч шидээд тэр танихгүй залуугийн толгойг хагалчихсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 8 /

            Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... би Есөн-Эрдэнэ захаас дээш алхаж явахдаа Ж.Ядамжавтай уулзсан тэр үед надтай хамт пиво ууж байсан С. өөр хоёр залуугийн хамт машинтай хүрч ирсэн машинд суух гэж би нөгөө талаар нь тойрч суухад С. миний машин хуучин байж болно гэж хэлээд Ж.Ядамжавтай маргалдсан. Би тэр үед машинаас бууж Ж.Я авч цааш явсан. Гандангийн гудамжинд байх нарийнаар гарч ирэх үед бид хоёрыг урдаас С.А хүрч ирсэн хамт явсан хүмүүстэй бууж ирсэн С.А нэг чулуу авч шидсэн Ж.Я оносон гараараа дарж байснаа явлаа гэж хэлээд явсан ..гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 30 дугаар шинжээчийн

1. Ж.******* биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.... гэх дүгнэлт /хх-ийн 12-13/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 21-22/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 41,/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, депозит дансны хуулгууд /хх-ийн 45-48/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 31/, шүүгдэгчийн оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ж.Я зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Агийн ...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/

хохирогч Ж.*******… Намайг чулуугаар миний баруун хөмсөг дээд хэсэгт цохиж хагарч тэр хэсгээс цус гарсан өөрөөр цохиж зодоогүй ... гэх мэдүүлэг ... гэх мэдүүлэг / хх-ийн 5-7 /

 гэрч Б.*******... С.А чулуу авч шидээд тэр танихгүй залуугийн толгойг хагалчихсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 8 /

 Гэрч М.*******гийн... С.А нэг чулуу авч шидсэн Ж.Я оносон...гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар шинжээчийн.... Ж.******* биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 12-13/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Ж.Ядамжав , шүүгдэгч С.А нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн толгой тус газарт чулуугаар цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч С.А нь хохирогч Ж.******* толгой тус газарт чулуугаар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 12-13/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор ….тус тус зохицуулжээ.

Уг хэргийн улмаас шүүгдэгч С.А, хохирогч Ж.Ядамжав нарын хоорондын зүй бус харилцааны улмаас бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ж.Ядамжав нь С.Агийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.Ядамжав нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 23-24, 65/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Аг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Агийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Ад буцаан олгож, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Аг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 125000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Агийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Ад буцаан олгосугай.

7. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.БАЙГАЛМАА