| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0711/Э |
| Дугаар | 761 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 761
2020 04 27 2020/ШЦТ/761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Г.С., түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,
шүүгдэгч Ц.Х., түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Ц.ийн Х.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2003 00123 0116 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1965 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ОСНААУГ-ын “Зүүн түгээх төв”-д машинист ажилтай, ам бүл 1, ял шийтгэгдэж байгаагүй, Ш. овогт Ц.ийн Х..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Х. нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08:25 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Е-Март худалдааны төвийн урд замд Тоёота Рав-4 маркийн 53-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс Г.С.гийн жолоодон явсан Тоёота Приус-20 маркийн 69-67 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч Г.С.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С. мэдүүлэхдээ: “Тэр өдрийн аваар ослоос болж миний эрүүл мэндэд хохирол учирсан. Би өвчтэй нөхөртэй, бага насны хүүхэдтэй тул таксинд явж амьжиргаа, нөхрийн эмчилгээ, хоол ундны мөнгөө залгуулдаг байсан. Ц.Х. нь намайг мөргөж, гэмтээснээр би эрүүл мэндээрээ хохирч, өвчүү, ахар сүүл, зүүн, баруун цавиндаа гэмтэл авч, мөн эд хөрөнгөөрөө бас хохирсон. Одоогийн байдлаар удаан явахаар хуруу, гарын мэдээ алдаж, суухаар нуруу өвдөж, салгалж чичирдэг, нүдний хараа, сонсгол муудсан. Цаашид би хичнээн төгрөгийн, ямар эмчилгээ хийлгэхийг хэлж мэдэхгүй байна. Ц.Х. нь над руу тоотой хэдэн удаа л ярьж байсан. Хүний урманд сэтгэл гаргаагүй. Би нөхөртөө болон өөртөө өвчин намдаах эм авахын тулд л хааяа нэг ярьж байсан. Миний хань ч гэсэн “өвчтэй, зовлонтой байгаа юм чинь хэл ам хийгээд юу хийх вэ, наад хүн чинь эмэгтэй хүн юм чинь бас чи бид хоёрын амьдралыг ойлгох байлгүй дээ” гэж байсан. Бид хоёр химийн тариа хийлгэх гээд унаа тэрэг байхгүй байхад Ц.Х. нэг л удаа гэрийн гаднаас ирж авч байсан. Тэгэхэд миний нөхөр баруун хөлөндөө өвдөгнөөс дээш ясны хагалгаанд ороод, гуяныхаа 2/3 хүртэл төмөр хадаастай, зүүн гартаа 2 удаа ясны хагалгаанд ороод, зүүн гараараа юм өргөж даахгүй, баруун гараараа таягаа тулаад, би гэмтчихээд цүнхээ ч үүрч чадахгүй явж байгааг Ц.Х. нүдээрээ харж л байсан. Тэгчихээд эмэгтэй хүн байж ямар ч өрөвдөх, нинжин сэтгэл байхгүй. Би бол Ц.Х.гээс илүү шунаж, мөнгө нэхэж байгаагүй. Өөрөө сэтгэл гаргаад эргэж тойрох болов уу гэсэн чинь нэг ч удаа манайд ирж байгаагүй. Унаа машингүй хэцүү байна гэхээр “би ч гэсэн унаа машингүй хэцүү байна” гээд урдаас нэг тиймэрхүү юм ярина, үл ойшоож харьцдаг. Би бол тэгж байнга, өдөр болгон ярьж, мөнгө төгрөг нэхэмжилж байгаагүй. Зайлшгүй шаардлагатай үед л хүн юм чинь өөрөө ярих байлгүй гэхээр ерөөсөө өөрөө ярихгүй. Хэрэв миний хохирлыг анх ярьж байснаараа барагдуулаад өгсөн бол миний нөхөр хүчил төрөгч, цусан хангамжийн дутагдалд орж, өвдөхгүй, бурхан болохгүй байх байсан. Уг нь би унаа машинтайгаа байхдаа нөхрөө өглөө агаар салхинд гаргаж, Туул голын хөвөөгөөр агаарладаг байсан. Хавдрын эмнэлэг дээр хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд явах ёстой байсан боловч тэрэнд тэр болгон такси бариад яваад байх боломжгүй байсан. Ц.Х. хэрэв хохирлоо барагдуулаад өгчихсөн бол миний хань үр хүүхдэдээ харагдаад, гэр бүл элэг бүтэн амьдарч байх байсан. Мөнгө төгрөгийн гачигдалтай тул нөхөртөө зохих эмчилгээг нь хийлгэж чадаагүй. Хэрэв би машинаараа таксиндаа явж байсан бол чадах хирээрээ нөхрийнхөө эмчилгээ, асаргаа, сувилгааг нь өөрийн болон ханийнхаа сэтгэлд хүртэл хийж чадах байсан гэж боддог. Би одоо Ц.Х.гээс цаашид гарах эрүүл мэндийн хохирлыг нэхэмжилнэ. Нэн түрүүнд миний машины хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14.500.000 төгрөгөөр авч байсан. Би тэр үед асаргааны хүнтэй байсан учраас Гэмтлийн эмнэлэг намайг эмнэлэгт хэвтэж, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж байсан. Гэвч ардаа асаргааны нөхөртэй, 2 бага насны хүүхэдтэй болохоор надад хэвтэж эмчлүүлэх боломж ерөөсөө байгаагүй. Тийм учраас би дандаа гэрээрээ эм тариа авч, өвчин намдаах төдийд л биеэ эмчлүүлж байсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11/,
- Хохирогч Г.С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08:25 цагийн орчим өөрийн унаж хэрэглэдэг Тоёота Приус маркийн 69-67 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гэрээсээ Гэмтлийн эмнэлэг орохоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Е-Март худалдааны төвийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн автомашин манай эгнээ рүү орж ирээд, миний машины зүүн урд талыг мөргөөд, миний машин баруун тал руугаа шидэгдэж, бродюр мөргөөд, явган хүний зам дээр зогссон. Би өөрийн талын хаалгаараа буух гэтэл хаалга онгойхгүй байсан чинь гадаа зогсч байсан залуу гаднаас хаалга онгойлгож өгөөд, аюулгүйн бүсээ тайлаад, урд хаалгаараа буух гэтэл бууж чадахгүй бие өвдөөд, цээж өвдөөд, бүсэлхий хэсгээр өвдөөд байхаар нь суудал дээрээ сууж байсан. Би 2 дугаар эгнээгээр явж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
- Гэрч Р.Байгалмаагийн өгсөн: “Е-Март худалдааны төвийн арын Улсын бүртгэлийн газрын авто зогсоол дээр машинаа байрлуулаад, буугаад алхаад явж байхад ард машин мөргөлдөх чимээ гарахаар нь хойшоо эргээд харахад урд талын зам дээр 2 машин мөргөлдсөн байсан. Би тэр 2 машин дээр ирэхэд Приус маркийн машины урд талын моторын хэсгээс утаа гараад байхаар нь шатах гэж байна гэж бодоод тэнд байсан эрэгтэй хүнд “энэ машин шатах гээд байгаа юм биш үү, дотор нь байгаа хүнийг нь гаргаач” гэж хэлэхэд тэр эрэгтэй хаалгыг нь онгойлгоод, тэр жолооч эмэгтэйг гаргах гэтэл тэр эмэгтэй хөдөлж чадахгүй байхаар нь би “боль, боль, хөдөлгөөд яах юм” гэж хэлээд орхиод байж байтал Рав-4 маркийн машиныг жолоодож явсан эмэгтэй машинаасаа буугаад ирсэн. Би өөрийн дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2067 тоот:
1. Г.С.гийн биед өвчүү яс, ахар сүүлний 2-р нугалмын далд хугарал, зүүн, баруун цавинд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,
- “Тод үнэлгээ” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 45-54/,
- “Бэст эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/,
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот: “Тоёота Рав-4 маркийн 53-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Х. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Тоёота Приус маркийн 69-67 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.С. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ц.Х. нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08:25 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Е-Март худалдааны төвийн урд замд Тоёота Рав-4 маркийн 53-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс Г.С.гийн жолоодон явсан Тоёота Приус-20 маркийн 69-67 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч Г.С.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Р.Байгалмаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2067 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Х.г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Х.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх хохирогч Г.С.гийн нэхэмжлэлээс эрүүл мэндэд учирсан хохиролд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн 989.680 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нэхэмжилсэн 558.269 төгрөг, нийт 1.547.949 төгрөг,
тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийн зардалд “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 7.110.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 260.000 төгрөг, нийт 7.370.000 төгрөг,
хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг,
хувиараа такси үйлчилгээнд явж, олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420.000 төгрөгөөр, 3 сарын хугацаагаар тооцож, 1.260.000 төгрөг, бүгд 11.177.949 төгрөгөөс шүүгдэгч Ц.Х.гийн төлсөн 1.395.000 төгрөгийг хасч, 9.782.949 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Т.С.д олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нь өөрийн нөхөр Г.Ч.гийн оршуулгын зардал, барьцаалан зээлдүүлэх газруудад эд зүйл барьцаалж, зээл авсан баримтуудыг гаргаж, нэхэмжилсэн нь энэ хэргийн хохирол хор уршигтай холбоогүй байх тул нэхэмжлэлээс хасч тооцов.
Шүүгдэгч нь хохирогчид 1.395.000 төгрөгийг төлсөн байна.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Ч. нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь түүний Нас барсан тухай 0000248493 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.С.д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Х.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Х. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. овогт Ц.ийн Х.г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Х.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Х.д оногдуулсан 1.000.000 сая төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Х. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Х.гээс 9.782.949 төгрөгийг гаргуулан хохирогч Зуутараг овогт Гомбын С. /РД:ОЭ75092001/-д олгосугай.
6. Хохирогч Г.С. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1139863 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.Х.д буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА