Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар  хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн 1989 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улирлын чанартай ажил хийдэг, М.А

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.А нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 4 тоотод эхнэр Э.Уыг “...эцэг, эхийн дугаарыг блок хийсэн...” гэх шалтгааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... эхнэр ******* миний аав ээж хоёрын дугаарыг блок хийсэн байсан тэрнээс болж хэрүүл маргаан хийсэн, би яаж байгаа юм гэхэд танай аав, ээж 2 дандаа хүн муулдаг гэж янз бүрийн юм ярьсан мөн миний урдаас загнасан тэр үөд би эцэг, эх хоёроо өмөөрсөн. Тэгээд би орон дээрээс хөлөөрөө жийж унагаасан тэгтэл эхнэр хүүхдийн тоглоом нь машин авч намайг цохих гэж ирэх үед нь би гараараа алгадсан  гарын төвгөр яс таарч нүдийг нь хөхрүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30/

            Хохирогч Э.Уын мөрдөн байцаалтад өгсөн

           … 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор сумын 4-4-5 тоотод гэртээ байхад манай нөхөр М.А ээжтэйгээ утсаар ярьсны дараа уурлаж босож ирсэн, ээжийн утасны дугаарыг блок хийсэн байна гэж  ямар санаатай блок хийсэн гэж хэлээд үсдэж чирч орноос буулгаж толгой, гар, мөр хэсэгт дэвссэн үг хэлээр доромжилж гэрээс зайл гэж хөөсөн тэр үед миний зүүн нүдэнд хөлөөрөө цохиж миний нүд хэсэг хавдаж хөхөрсөн,...зүүн талын нүд, мөр, баруун талын мөр, гуя хэсэгт хөхөрсөн тэр хэсэгт хөндүүрлэж өвдөж байна, зүүн гар хөдөлж өгөхгүй байгаа, надад учирсан гэмтлийг манай нөхөр Алтаншагай цохиж учруулсан...цочир ууртай, бусдын үгээр үг хийж намайг зоддог ... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн № 122 дугаар шинжээчийн

1. Э.Уын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, баруун мөр, бугалга, зүүн шуу, баруун гуянд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.... гэх дүгнэлт /хх-ийн 11/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 25-26/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 70,/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/,  депозит дансны хуулгууд /хх-ийн 45-65/, гэрлэлтийн лавалгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 67-69/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 32/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 14-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.А нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод эхнэр Э.Уыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч М.Агийн... би орон дээрээс хөлөөрөө жийж унагаасан тэгтэл эхнэр хүүхдийн тоглоом нь машин авч намайг цохих гэж ирэх үед нь би гараараа алгадсан  гарын төвгөр яс таарч нүдийг нь хөхрүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30/

           хохирогч Э.Уын… үсдэж чирч орноос буулгаж толгой, гар, мөр хэсэгт дэвссэн, миний зүүн нүдэнд хөлөөрөө цохиж миний нүд хэсэг хавдаж хөхөрсөн... гэх мэдүүлэг ... гэх мэдүүлэг / хх-ийн 5-6 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн № 122 дугаар шинжээчийн,...Э.Уын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, баруун мөр, бугалга, зүүн шуу, баруун гуянд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 11/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч Э.У, шүүгдэгч М.А нар нь “...эцэг, эхийн дугаарыг блок хийсэн...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн үсдэх, толгой, гар, мөр хэсэгт дэвсэх, зүүн нүдэнд хөлөөрөө цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч М.А нь хохирогч Э.Уын нүүр хэсэгт гараараа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхи, баруун мөр, бугалга, зүүн шуу, баруун гуянд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдсон гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 11/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч М.А, хохирогч Э.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч , хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Э.У нь М.Агийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.У нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 05-06/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Агийн эзэмшлийн “... Оппа маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Ад буцаан олгож, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 4,   36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Аг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Аг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч М.Ад оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 5 сарын хугацаанд сар бүр 140.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч М.Агийн эзэмшлийн “... Оппа маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Ад буцаан олгосугай.

7. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАЙГАЛМАА