Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 763

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         04          27                                       2020/ШЦТ/763

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Б.А. түүний өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Б.ийн А.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 0863 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш. овогт Б.ийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн нутаг дэвсгэрт байрлах “Бурхан хошуу” гэх дэлгүүрийн үүдэнд иргэн С.Н.тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, унасан байхад нь толгойн тус газар нь чулуу болон гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Н.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн фермийн тэнд мотоцикльтэй явж байхад зүс таних Б.А. “Бурхан хошуу” гээд дэлгүүрийн үүдэнд нэг хүнтэй пиво уугаад сууж байхаар нь би хажуугаар нь өнгөрсөн чинь над руу чулуу шидэхээр нь би зогсоод “та яагаад чулуу шидээд байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Б.А. миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, миний хамрыг хугалсан. Тэр үед би газар унахад миний дээрээс чулуугаар бас цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4250 тоот:

1. С.Н.н биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун зулайд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хоёр хацар, хамарт зулгаралт, баруун хацар, зүүн дух, зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

- Б.А.ын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн нутаг дэвсгэрт байрлах “Бурхан хошуу” гэх дэлгүүрийн үүдэнд иргэн С.Н.тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, унасан байхад нь толгойн тус газар нь чулуу болон гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.А.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Б.А. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн нутаг дэвсгэрт байрлах “Бурхан хошуу” гэх дэлгүүрийн үүдэнд иргэн С.Н.тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, унасан байхад нь толгойн тус газар нь чулуу болон гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Н.н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4250 тоот дүгнэлт, Б.А.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.А.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 37/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.А.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш. овогт Б.ийн А.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА