Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 159/2018/0004/З

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Цэлмэгт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хяналтын прокурор: А.Ариунзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан дүгнэлттээ: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Цэлмэгийн “Ц.Одончимэг нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн талаар 24 цагийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй” гэх зөрчилд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 221 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянавал Ц.Одончимэг нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлж,  иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Э.Цэлмэг нь зөрчил гарснаас хойш 6 сар 7 хоног өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар

зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 221 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив  гэжээ.

 

            Харицагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Цэлмэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Цэлмэг би Хушаат сумын 2 дугаар баг, Хөдөө хаягт оршин суугч Цолмонгийн Одончимэгээс иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлээд 24 цагийн дотор бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй, түүнчлэн “Иргэний үнэмлэхийн дүрэм”-д заасан хугацааны дотор иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлт, өргөдөлөө гаргаагүй зөрчлөө өөрөө илчилж, албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 05 минутад хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

            Дээрхи шийдвэрийг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Ариунзаяа хянаад зөрчил гарснаас хойш 06 сар 07 хоног өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

            Би өөрийн хянан шийдвэрлэсэн зөрчлийн 221 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг дахин хянаад прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

            Миний бие нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байгаа бас дурдсан хугацаанд гадаад улсад зорчих шалтгаанаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй тул тус захиргааны хэргийг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ  нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлснийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дараахь зүйлүүд тогтоогдож байна.

            Иргэн Ц.Одончимэг нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн талаар 24 цагийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй гэх зөрчилд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 30000 / гучин мянга / төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нь зөрчил гарснаас хойш 06 сар 07 хоног өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 06 сар өнгөрсөн” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон улсын байцаагчийн 221 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

            Хэрэгт цугларсан баримтаар иргэн Ц.Одончимэг нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний үнэмлэхээ гээгдүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргасан болох нь Ц.Одончимэгийн өргөдөл, улсын бүртгэлийн байгууллагын зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр хангалттай тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгосугай.

2.Иргэн Цолмон овогтой Одончимэг /РД:БЕ-96021509/-т торгуулийн төлбөрт төлсөн 30.000 төгрөгийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.Хэргийн оролцогч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР