Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 343

 

Б.Гэрэлтуяа, Э.Булган нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа, Э.Булган,

Хариуцагч “Могул Скай” ХХК-д холбогдох,

 

Орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн төлөөлөгч А.Энхмэндийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гэрэлтуяа нь “Могул скай” ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 1А/12 тоот гэрээ болон 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1А/12-Н нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү 1А/12 тоот гэрээ болон 1А/12-Н тоот нэмэлт гэрээгээр 166 835 800 төгрөгийн үнэ бүхий 117.49 м.кв талбай 3 өрөө орон сууц, 16 000 000 төгрөгийн ГГ-24 тоот авто зогсоолыг худалдан авахаар тохиролцсон болно.

Дээрх 1А/12 тоот гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 129 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 31 268 500 төгрөгийг, мөн 1A/12 тоот нэмэлт гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 300 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 700 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг “Могул Скай” ХХК-ийн дансанд төлсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл захиалсан орон сууц, .автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна. Орон сууц болон автомашины зогсоолын гэрчилгээг хүлээж авахаар “Могул таун” хотхон болон Хан-Уул дүүрэгт байрлах компанийн оффисоор очиход эзгүй, бүх утаснууд нь холбогдох боломжгүй байна.

Б.Гэрэлтуяа нь “Могул скай” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих,  ёсоор биелүүлсэн тул “Могул скай” ХХК-иас Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 203 тоотод орших 3 өрөө орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч Д.Жигмэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь төрлийн шинжээрээ мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний хэлбэртэй байх тул худалдагч “Могул скай” ХХК худалдан авагч Б.Гэрэлтуяад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул хариуцагчаас олгосон итгэмжлэлийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэх, эсхүл эвлэрэн хэлэлцэх боломжтой болохоор мэдэгдэж байна гэжээ.

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Могул Скай” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай №ЗГ0001/110727 тоот “Зээлийн гэрээ”, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №ЗНГ0001/111124(1) тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, нийт 3 476 493 640 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗБГ0001/110727 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун, /17025/ Ар Зайсангийн гудамж, 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун, Ар Зайсангийн гудамж, Г97 тоот автомашины зогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт тус тус барьцаалсан. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулагдсантай холбогдуулан 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗБГ0002/111124 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун /17025/ Ар Зайсангийн гудамж, Г95 тоот автомашины зогсоолын зориулалттай барилгын 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан.

Зээлдэгч “Могул Скай” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг гэрээнд заасан зээл төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас төлбөрийн зөрчил үүссээр 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Ийнхүү Улаанбаатар хотын банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн Иргэний хэргийн шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагч “Могул Скай” ХХК-иас 2 055 460 140 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун хотхоны 17025, Ар Зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот, автомашины зогсоол, Г95 тоот барилга зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэлд хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Зээлдэгч “Могул Скай” ХХК нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй байна.

Б.Гэрэлтуяа, Э.Булган нарын нэхэмжлэлийн зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж 98, 1А байрны 203 тоот, ГГ24 тоот автомашины зогсоол нь “Могул Скай” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарч байна. “Могул Скаи” ХХК нь банкны зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, ашиг олох зорилгоор иргэн Б.Гэрэлтуяатай 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” болон 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар банкинд огт мэдэгдээгүй болно. “Могул Скай” ХХК-ийн энэхүү үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Зээлийн барьцааны гэрээний 5.4-т тус тус заасан барьцааны зүйлийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл авах хуульд заасан журмыг зөрчсөн.

Нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа, Э.Булган нарын "Могул Скай" ХХК-тай байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор хариуцагчийн зөвшөөрлөөр Б.Гэрэлтуяа, Э.Булган нарын өмчлөгчөөртогтоох маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор тухайн нэхэмжлэлийн зүйл болох “Могул таун” хотхоны 1A байрны 203 тоот 3 өрөө орон сууц, автомашины зогсоолд ногдуулсан барьцааны үүрэг дуусгавар болохгүй бөгөөд ипотекийн эрх нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хамт шилжих талаар хуулиар зохицуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалагч нь гуравдагч этгээдэд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгөөс өмнөх барьцаалуулагчийн үүргийг хангуулахаар шаардах эрх хуулийн дагуу үүснэ. Иймд “Могул Скай” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид гаргах банкны хуульд заасан эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 203 тоотод орших 117.49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, автомашины ГГ-24 тоот автозогсоолын өшлөгчөөр Б.Гэрэлтуяа, Э.Булган нарыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 992 129 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Могул скай” ХХК-иас 992 129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа, Э.Булган нарт олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн төлөөлөгч А.Энхмэнд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд ипотекийн суурь зарчмын дагуу барьцааны эрх нь эд хөрөнгийн хамт шилжих талаар дүгнэлт гаргасан атлаа тухайн дүгнэлтээ үгүйсгэн, нэмэлт тайлбар хэлбэрээр тухайн заалтыг өөр хэлбэрээр буруу тайлбарлаж, банкны барьцааны эрхийг хөндөж байгаад гомдолтой байна. Мөн Улаанбаатар хотын банкны барьцааны эрхийг шууд хөндөж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зохигч нарт илтэд ашигтайгаар буруу тайлбарласан нь цаашид тус хуулийн дагуу барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор банкны шаардлага гаргах эрхийг хууль бусаар хязгаарлаж байна.

Шүүхээс “Могул Скай” ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Гэрэлтуяатай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд орон сууц, авто зогсоолыг шилжүүлэхдээ барьцааны эрх үүсэх үнийн дүнг тусгайлан тодорхойлоогүй тул банкнаас Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзвэл “Могул скай” ХХК нь нэхэмжлэгчид худалдаалж буй хөрөнгөө барьцаанд байгаа талаар иргэдэд мэдээллээгүй, банкинд огт мэдэгдээгүй байгуулсан тул захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд барьцааны эрхийн талаар тусгах боломж огт байхгүй тул дээрх үндэслэлээр банкны барьцааны эрхтэй холбоотой шаардлага гаргах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Цаг хугацааны хувьд “Могул скай” ХХК-иас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг байгуулсан нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний өмнө байх тул хожим банкинд огт мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон орон сууц, автомашины үнийг зээлийн барьцааны гэрээнд тусгах хууль зүйн боломж банкинд байхгүй байхад тус нөхцөлийг тусгах шаардлагатай байсан гэх хууль бус шаардлагыг тавьж байгаа нь банкны хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх байдлаар хуулийг буруу тайлбарласан нь цаашид Улаанбаатар хотын банкнаас барьцааны эрхтэй холбоотой шаардлага гаргах эрхийг хязгаарлах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд, шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг хоёр өөр байдлаар тайбарласан нь шүүхээс гарсан дүгнэлт хоорондын агуулга зөрчилдөж, гуравдагч этгээдийн зүгээс аль дүгнэлтийг үндэслэн өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах нь тодорхойгүй, хоёрдмол утгатай шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байдлыг алдагдуулж байна гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гарах шийдвэртэй холбоотойгоор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг оролцуулсан боловч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын талаар болон тухайн шийдвэр гуравдагч этгээдэд ямар эрх зүйн үр дагавар үлдээж байгаа талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдаагүй, үндэслэх хэсэгт дурдсан агуулга нь хоёрдмол утгатай, ойлгомжгүй, үүнээс хамааран гуравдагч этгээдийн эрх ашиг хожим зөрчигдөх буюу түүний хувьд уг шийдвэрээс үүсэх үр дагавар тодорхойгүй зэргээс тус шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага зөрчигдөж байна.

 Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хоёрдмол утгатай дүгнэлт гаргасны улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул гуравдагч этгээд Улаанбаатар хотын банкны хууль ёсны эрх ашгийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа, Э.Булган нар хариуцагч “Могул скай” ХХК-д холбогдуулан 3 өрөө орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Гуравдагч этгээд нь уг орон сууц болон автозогсоолын барьцааны эрхийг хөндөхгүй байх талаар тайлбар гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа, Э.Булган нар хариуцагч “Могул скай” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай” 1А/12 дугаар гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээ тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 203 тоот 117,49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ГГ-24 тоот авто зогсоолын хамт захиалж, 182 835 800 төгрөгийн төлбөрийг төлсөн, хариуцагч нь орон сууц, автозогсоолыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

            Дээрх гэрээг байгуулагдахаас өмнө хариуцагч “Могул скай” ХХК нь өмчлөх эрхийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй 3564 м.кв талбай бүхий 98 дугаартай орон сууцны барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй үед уг 30 хувийг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт “Улаанбаатар хотын банк” ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ.

            Нэхэмжлэгч  Б.Гэрэлтуяа, Э.Булган нар гэрээний үүргээ биелүүлсэн боловч 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний 4.1-д “орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц Захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна” гэсэн харилцан тохиролцоо хэрэгжээгүй, өмчлөх эрхээ шилжүүлэн баталгаажуулж чадаагүй эрх нь зөрчигдсөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй, хариуцагч нь өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.    

Иймд шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгч нарыг 3 өрөө орон сууц болон авто зогсоолыг өмчлөх эрхтэйг тогтоосон нь хуулийн холбогдох зохицуулалт, талуудын гэрээний тохиролцоонд нийцсэн байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-ийн иргэдтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг “хүчин төгөлдөр бус” хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, 98 дугаар орон сууцны барилгаас бүхэлд нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагчаас нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний дагуу гэрээнд заасан тоо, хэмжээгээр тооцож орон сууц, авто зогсоолыг шилжүүлэхдээ барьцааны эрх үүсэх үнийн дүнг тусгайлан тодорхойлоогүй тул гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК нь орон сууц, авто зогсоолын үнийн дүнгийн хэмжээгээр шаардлагаа хангуулахаар нэхэмжлэгч нарт шаардлага гаргах, нэхэмжлэгч нар өмчлөн авсан орон сууц, авто зогсоолын үнийн дүнгийн хэмжээгээр шаардлагыг хангах үүрэггүй” гэж дүгнэсэн нь барьцааны зүйлийг өмчлөгч солилцоход барьцаа хэвээр хадгалагдах зарчмыг зөрчсөн тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн” гэж 2 удаа бичсэн техникийн алдааг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06563 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Улаанбаатар банк” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ