| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00477/И |
| Дугаар | 473 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 473
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1979 онд 8-р анги төгсөөд Худалдааны ТМС-ийн худалдагчийн ангид элсэн суралцаж 1981 оны 6-р сард төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1981 оны 7-р сарын 1-нээс ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тус ангид хүнс, барааны дэлгүүрийн худалдагч, кассчны ажлыг 1986 оны 7 сарыг дуустал хийгээд 1986 оны 8-р сард аймгийн төвд шилжин ирж аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж эхэлсэн. Худалдаа бэлтгэлийн трестэд уг трестийг тартал буюу 1991 он хүртэл ажилласан.
Миний хөдөлмөрийн дэвтэр трестийн 22 хүний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэхэд үрэгдсэн бөгөөд бид тухайн үеийн албан тушаалтнуудын буруугаас болон хөдөлмөрийн дэвтэргүй болсон юм.
Одоо би хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гээд хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир архив шүүлгэлээ. Гэсэн ч намайг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд олдохгүй харин зарим нэг оны цалингийн баримт олдлоо.
Иймд намайг 1981 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1986 оны 8-р сарын 1 хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1986 оны 8-р сарын 1-нээс 1990 оны 1-р сарын 1 хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1990 оноос эхлэн улсаас нөхөн тооцуулсан учир 1989 оныг дуустал тогтоолгохыг хүсэж байна.
Мөн миний бие Улаанбаатар хотод оршин суудаг, биеийн байдал эрүүл мэнд сайнгүй учир очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байна. Энэ байдлыг минь харгалзан намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1986 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Д.******* 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар орсон, 1986 оны 08-р сарын 01-ний өдөр уг ажлаас гарсан талаар холбогдох ажилтны тушаал байхгүй байна.
Гэвч дээрх жилүүдэд ажиллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 11-р сарын 07-ний өдрийн ******* дугаартай цалингийн тодорхойлолт- оор нотлогдож байна.
Уг цалингийн тодорхойлолтод ...******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан *******гийн *******гийн 1984-1986 оны 1-12 сар бичигдсэн цалин хөлс тусгагдсан. 1981-1983 оны худалдаа бэлтгэлийн ангийн цалингийн картад холбогдох баримт олдохгүй байна. 1981-1986 оны тушаал манай архивт шилжигдэн ирээгүй байна... гэж бичигджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* 1986 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор ажиллаж байсан гэх бөгөөд энэ талаарх нотлох баримтаар аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/837 дугаартай цалингийн тодорхойлолт хэрэгт авагджээ. Мөн Завхан аймгийн Улиастай хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1998 оны 4-р сарын 7-ны өдрийн 25 дугаартай тушаалаар түүнд 4-р сарын 9-ний өдрөөс 3 сарын хугацаанд хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгосон байна. Уг тушаалын хуулбарыг аймгийн архив тасаг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн ...******* Социолизмын үед ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийдэг байсан юм. Би 1984 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж очоод 1998 он хүртэл ******* суманд ажиллаж байсан. Тэгэхэд худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийдэг л байсан. Яг хэзээ ажилд орж, хэзээ гарсныг нь мэдэхгүй юм... гэсэн,
гэрч Р.*******гийн ...Би Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн Улиастай зочид буудалд 1980 оноос тогоочоор ажиллаж эхэлсэн. ******* тус зочид буудалд 1986 оноос ажилд орж кассчинаар ажиллаж байсан. Бид хоёр хамт 5 жил ажилласан. 1990 он хүртэл хамт ажилласан. Тэр хугацаанд манайд кассчин, зөөгчөөр ажилладаг байсан. ...тэгээд 1990 онд хувьчлал явагдаж Худалдаа бэлтгэлийн трест татан буугдсан юм. Тэрнээс хойш би өөр ажилд ороод явсан юм. Тухайн үед худалдаа бэлтгэлийн трестийн даргаар ******* байсан. ...Өөр ярих зүйл байхгүй, бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г 1981 оны 07 дугаар сарын 01-нээс 1986 оны 08 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986 оны 08 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар 31-н хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1401 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ