Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 474

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Юра нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.Юрагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух Мянган овгийн Балчигийн Юра шүүхэд гаргасанхүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Балчиг овогтой Юра би 1956 онд Завхан аймгийн Шилүүстэй сумд төрж улмаар эцэг эхийн гар дээр өсөж 1965 онд бага сургуульд орж 1972 онд 7-р анги төгсөж МХЗЭ-ийн Төв хорооны 9924 тоот илгээлт авч Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн Хөгжил бригадад малчнаар тэмээний суурьт очиж тэмээ маллаж байгаад 1974 онд цэрэгт явсан билээ. Манайх тэмээчин баатар Бумбаатай айл байдаг байсан. Би тэдний суурьт аавтайгаа хамт тэмээ маллаж байсан. Иймд миний илгээлтээр гарч 2 жил мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Юра нь 1972 оноос 1974 онуудад Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Балчингийн Юра 1972 оны 06-р сарын 10-ны өдрөөс 1974 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болох нь МХЗЭ-ийн Төв хорооноос олгосон хүндэд илгээлтийн хуудас, гэрч О.Лхагвасүрэнгийн ...1972 онд бид 2 8-р анги төгсөөд илгээлтээр Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил бригадад хөдөө тэмээ хариулдаг байсан. Тэгээд 1975 онд билүүдээ цэрэгт явсан. Цэрэгт явтлаа мал малласан... гэсэн, гэрч Ш.Жамъянмядагийн ...Дунд сургуульд сурч байгаад 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав ээжийн хамт тэмээ хариулдаг байсан. Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил бригадад 1972 онд илгээлтээр гараад 1974 он хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд аймгийн төвд сууришсан. Юу хийж байсныг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед Хөгжил бригадын мал аж ахуйн бригадын дарга хийж байсан. ... гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарБалчигийн Юраг 1972 оны 06-р сарын 10-ны өдрөөс 1974 оны 06-р сарын 01 хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ