Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 475

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт оршин суух Анжгай овгийн Лхагварагчаагийн Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 12-р сарын 19-нд төрсөн одоо 52 настай. Би 1981 оны 09-р сарын 01-нээс 1983 оны 07-р сарын 1 хүртэл Завхан аймгийн Барилгын ТМС-д цахилгаан монтёрийн ангид суралцаж төгсөөд 1983 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ТТБТ-ийн цахилгааны бригадад монтёроор ажиллаж байгаад 1985 оны 10-р сарын 15-ны өдрөөс Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад 1991 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл мал малласан.1991 оны 12-р сарын 16-наас 1993 оны 12-р сарын 30 хүртэл Алдархаан сумын Партизан Чойбалсан ХК-д мал маллаж байсан. Иймд миний 1983 оны 7-р сараас 1993 оныг дуустал ажилласан жилүүдийг тогтоожөгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.Оюунцэцэг нь 1983 оноос 1993 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Лхагварагчаагийн Оюунцэцэг 1983 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймаг дахь ТТБТ-ийн цахилгааны бригадад монтёроор ажиллаж байсан болох нь Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1985 оны 05-р сарын 13-ны өдрийн 93, 1985 оны 10-р сарын 15-ны өдрийн 226 дугаартай тушаалууд, 1983 оны 06-р сарын 25-ны өдөр нээлгэж 1981 оны 09-р сарын 01-нээс 1985 ны 10-р сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан талаар бичилт хийсэн 040292 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр, 1985 оны 10-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад малчнаар, 1991 оны 12-р сарын 16-наас 1993 оны 12-р сарын 30 хүртэл Алдархаан сумын Партизан Чойбалсан ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн А/863 тоот лавлагаа, Л.Оюунцэцэгийн 1986 оны 10-р сарын 13-ны өдөр нээж 1985 оноос 1989 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, мөн 1990 оноос 1993 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Сэргэлэнгийн ...Оюунцэцэг 1985 онд айлын эхнэр болоод Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад мал маллаж байсан. Нөхрийг нь Төмөрбаатар гэдэг. Түүнээс хойш одоо хүртэл мал дээр л байгаа... гэсэн, гэрч Ч.Зэсэнжавын ...Би Оюунцэцэгийг 1985 оноос хойш мал дээр байхыг нь сайн мэднэ. 1985 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад аав ээжтэйгээ эм хонь маллаж байсан. 1990 оноос 1993 онуудад Баянбүрд компаний малчин байсан.. ... гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарЛхагварагчаагийн Оюунцэцэгийг 1983 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймаг дахь ТТБТ-ийн цахилгааны бригадад монтёроор, 1985 оны 10-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Аргалант бригадад малчнаар, 1991 оны 12-р сарын 16-наас 1993 оны 12-р сарын 30 хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ