| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0558/Э |
| Дугаар | 648 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Ф.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал
Хохирогч С.Төгстуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ф.Бд холбогдох эрүүгийн 2003 00199 0124 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ф.Б, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, барилгын заслын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн, 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-434 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Ф.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 12 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Шинэ буудал” төвийн зүүн талын уулзварын замд “Тоёота Приус” маркийн 48-51 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Төгстуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ф.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дарь эхийн хойноос урагшаа чиглэлд 10 дугаар хороолол орох санаатай явж байсан. Урд талын машин улаан гэрэл ассан гэрлэн дохио дээр зогсоод ногоон гэрэл асахад урагшаа хөдөлсөн чинь гэнэт хүн гарч ирээд зогсож чадалгүй мөргөсөн. Тэгээд хүн мөргөчхөөд зогсоод түргэн дуудах гээд 2-3 удаа залгаж байхад хойноос түргэний машин ирж байхаар нь зогсоогоод хохирогчийг гэмтлийн эмнэлэг рүү явуулаад дараа нь цагдаа дуудсан. Хохиролд 1.172.134 төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид гарах зардлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогч С.Төгстуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад нөхөртэйгээ хамт дэлгүүрээс хүнсээ авах гэж явж байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Ф.Бы машин нэлээн зайтай харагдаж байхаар нь ногоон гэрлээр нөхөр бид 2 гарцаар гарсан. Гарцаар гараад явган хүний зам руу гарахын хооронд шүүгдэгч Ф.Б ирээд намайг мөргөсөн. Хохиролд 1.172.134 төгрөгийг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.
Хохирогч С.Төгстуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шинэ буудлын уулзвар дээр ирээд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт алхаад явж байхад ертөцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэлд нөхөр бид хоёр давхар мөргүүлсэн. Ингэхдээ би нөхрийнхөө зүүн талд явж байсан бөгөөд манай нөхөр эхэлж мөргүүлээд тэр машины копуд дээр унаж байхыг харсан түүнээс хойш зүйлийг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн би зам дээр хэвтэж байсан бөгөөд өндийх гэсэн би босож чадахгүй хамар, амнаас цус гарч байсан бөгөөд зүүн гар тасарсан юм шиг их өвдөж байсан. Бид хоёр гарцан дээр ирээд харахад явган хүний ногоон гэрэл асаж байсан тэгэхээр нь алхаад гарцаар гарч явахад мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч Б.Оргилболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шинэ буудлын уулзварын зам дээр ирээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт явган хүний гарцаар гараад явж байхад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэлд бид хоёр мөргүүлсэн. Мөргөх үедээ эхлээд намайг мөргөөд миний зүүн талд явж байсан эхнэрийг мөргөөд бид хоёр зам дээр унасан. Би машины барууун урд хэсэгт унасан, эхнэр машины урд хэсэгт унасан байсан. Бид хоёр гарц руу орох гээд явган хүний гэрлийг харахад зөвшөөрсөн ногоон өнгийн гэрэл асахаар гарцаар гараад алхсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2896 дугаартай дүгнэлт:
1. С.Төгстуяагийн биед зүүн атгаал ясны хэсгийн сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамар, хоёр нүдний дотор булан, хоёр талын хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,цус хуралт, дээд уруулын шарх, доод уруул, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 53/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №8053 дугаартай дүгнэлт:
1. Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцагны ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүэ, зогсоолын тоормос, зүүн талын хол ойрын гэрлийн тусгал зэрэг стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруу хойд талын оврын гэрлийн бүрхүүл хагарсан, улсын дугаарын гэрэл асахгүй, урд буфер доод хэсгээрээ хагарч хонхойсон, галын хор, эмийн сан байхгүй, баруун гар талын хол ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, урд хойд тэнхлэгийн 4 дугуй нь зуны улирлын байгаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
2. Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун хойд талын оврын гэрлийн бүрхүүл хагарсан, улсын дугаарын гэрэл асахгүй, урд буфер доод хэсгээрээ хагарч хонхойсон, галын хор эмийн сан байхгүй, баруун гар талын хол ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, урд хойд тэнхлэгийн 4 дугуй нь зуны улирлын байгаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
3. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын хол ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь харанхуйд харагдах орчинг хязгаарлаж осолд нөлөөлж болох хэдий ч зам орчны гэрэлтүүлэг автотээврийн хэрэгслийн хурд зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй, мөн уг автотээврийн хэрэгслийн урд хойд тэнхлэгийн 4 дугуй нь зуны зуны улирлын байгаа нь /зам тээврийн осол нь өвлийн улиралд болсон учир/ тоормос гишгэхэд тоормосын замыг уртасгаж, зогсох боломжгүй байдлаар уг зам тээврийн осолд нөлөөлж болох хэдий ч замын нөхцөл байдал, автотээврийн хэрэгслийн хурд, цаг агаарын нөхцөл байдал зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй.
4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд стандартын шаардлага хангаж байсан.
5. Уг тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгат ABS тоормосны мөр зам дээр үүснэ.
6. Уг автотээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байсан ба ажиллахгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй байдлаар осолд нөлөөлнө. гэх дүгнэлт /хх-ийн 58-62/,
Яллагдагч Ф.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 12 минутын орчим өөрийн унаж хэрэглэдэг эзэмшлийн Тоёота приүс маркийн 48-51 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дарь-эхийн ганцийн буудлын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 01 дүгээр эгнээгээр яваад уг Шинэ буудлын уулзвар дээр зогсож байгаад зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь хөдлөөд явж байхад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд гэнэт хоёр хүн урдуур гараад ирэхээр би тоормосоо гишгээд машинаа зогсоох гэсэх боловч тэр хоёр хүний наад талд нь явж байсан эрэгтэй хүнийг мөргөөд тэр хүн мөргүүлээд унахдаа хажуудаа явсан эмэгтэй хүнийг дараад газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2895 дугаартай дүгнэлт /хх-ийн 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 91/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ф.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 12 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Шинэ буудал” төвийн зүүн талын уулзварын замд “Тоёота Приус” маркийн 48-51 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Төгстуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Төгстуяагийн: “...шинэ буудлын уулзвар дээр ирээд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт алхаад явж байхад ертөцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэлд нөхөр бид хоёр давхар мөргүүлсэн. Ингэхдээ би нөхрийнхөө зүүн талд явж байсан бөгөөд манай нөхөр эхэлж мөргүүлээд тэр машины копуд дээр унаж байхыг харсан түүнээс хойш зүйлийг би мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Оргилболдын: “...шинэ буудлын уулзварын зам дээр ирээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт явган хүний гарцаар гараад явж байхад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэлд бид хоёр мөргүүлсэн. Мөргөх үедээ эхлээд намайг мөргөөд миний зүүн талд явж байсан эхнэрийг мөргөөд бид хоёр зам дээр унасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ф.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ф.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч С.Төгстуяад 1.172.134 төгрөгийг нөхөн төлснийг дурдав.
Мөн хохирогч С.Төгстуяа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ф.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн цалин орлого болон хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ф.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т зааснаар Ф.Бд оногдуулсан торгуулын ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ф.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, жолоочийн №820654 дугаартай үнэмлэхийг Ф.Бд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ф.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 1.172.134 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Төгстуяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ф.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР