Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал суманд 1967 оны 01 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мод зэрэглэгч сортлогч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар Сансрын 28 тоотод оршин суух хаягтай Бугат овогт Бүдсүрэн Тунгалагтуяа /РД:МЗ67011505/-гаас гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, хүсэлт гаргагч Б.Тунгалагтуяа нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн  Мандал суманд 1967 онд төрсөн. 1982 онд  сургуулиа төгсөөд Дарханы техникумд сурч байгаад болиод Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж             1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа дахь модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд анх ажилд орж туслах хөрөөчин, сортлогч, саалагч, нормчин зэрэг туслах ажлуудыг хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа дээрх ажлуудыг сольсон тухай тушаал бүрэн олдохгүйн улмаас 1990 он хүртэл ажилласан жилүүд тооцогдохгүй байгаа учир ажиллаж байсан мастер, туслах ажилчдын тодорхойлолт ажилд авсан тушаалууд  зэргийг харгалзан үзэж 1983 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан жилүүдийг тогтоолгох хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуяа нь Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа дахь Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд  1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд: Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа дахь модны үйлдвэрийн захиргааны даргын 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай “Ажилд томилох ба ажилд авах тухай” тушаал,  Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа дахь модны үйлдвэрийн захиргааны даргын 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай “ Ажилд түр ажиллуулах тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар архивын тасгийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 254 дугаартай архивын тодорхойлолт, 219436 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбарууд болон, төрөлтийн бүртгэлийн лавлагаа гэрчийн мэдүүлгүүд  

Гэрч Х.Батмөнхийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1982  онд Зүүнхараагийн модны үйлдвэрт 8 дугаар ангиа төгсөөд ажилд орж байсан. 1983 онд Б.Тунгалагтуяа нь тус үйлдвэрт нормчиноор ажилд орж байсан. Тухайн үед нэг цехэд нормчин хамт хийж байсан. Би 1985 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд тус үйлдвэртээ ажилд ороогүй УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэрт ажилд орсон. Тиймээс би Б.Тунгалагтуяатай 1983-1985 он хүртэл Зүүнхараагийн модны үйлдвэрт хамт нормчин хийж байсан гэх мэдүүлэг

Гэрч Д.Ганзоригийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1981 онд Зүүнхараагийн модны үйлдвэрт 10 дугаар ангиа төгсөөд ажилд орж байсан. Б.Тунгалагтуяа нь 1983 онд ажилд орж байсан. Тухайн үед Б.Тунгалагтуяа нь нормчин хийж байсан. Би тэр үед бригадын дарга, мастераар нь ажиллаж байсан учир сайн мэднэ. Тус үйлдвэр нь 1990 онд хувьд шилжсэн. 1999 он хүртэл би тасралтгүй Б.Тунгалагтуяатай хамт ажилласан гэх мэдүүлэг

Гэрч Б.Шугарын шүүхэд өгсөн мэдүүлэг: Намайг 1985 онд Зүүнхараагийн модны үйлдвэрт анх ажилд орж байхад Б.Тунгалагтуяа нь тус үйлдвэрт саалагчаар ажиллаж байсан. Б.Тунгалагтуяа нь  спорт, урлагт их авьяастай урлагийн үзлэг тэмцээнүүдэд их ордог байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар

Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуяа нь  Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл нормчноор  ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.Хүсэлт гаргагч Б.Тунгалагтуяагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Бугат овогт Бүдсүрэнгийн Тунгалагтуяа нь Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь модны үйлдвэрт нормчноор 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Б.Тунгалагтуяагаас гаргасан хүсэлт  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                     

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ