| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0049/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т, Н.О
Шүүгдэгч Ц.Ц, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Ц, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд терсен, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дезайнер мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Ц.Ц,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод терсен, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажиллаж байсан, ам бүл 5, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн, 8 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Г овогт М.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06 сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ний ... дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын ... дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 09-ний өдөр Ч гэх өвөр Монгол эмэгтэй над руу ярьсан, тэгээд чи драгон төвөөс надаас ирээд ачаа аваад вокзал дээр хүргээд өгөөч гээд гуйхаар нь за гэсэн. Удалгүй Б над руу яриад нөгөө ачаагаа аваад ир гээд одоо аваад аваачаад өгье гээд хүргэнээ дагуулж яваад хүргэнээрээ өгүүлсэн тийм л зүйл болсон гэв.
Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 09-ний өдөр гэртээ байж байх үед 15-16 цагийн үед миний ... дугаарын утас руу залган, би тухайн өдөр худууд ирээд уусан сууж байсан болохоор дугаарыг нь санахгүй байна. Ч гэх эмч мэргэжилтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр монгол эмэгтэй утсаар яриад би Б-с ирж байна Драгоны урд талын буудал дээр би хүлээж байя, энд хүрээд ир гэсэн. Тэгээд би хүргэн З, охин Э-г аваад хүргэний автомашинаар хамт хүний юмыг хүргээд өгье гээд явсан. Гарахын өмнө Ч-г ярьсаны дараа вагоны продник гэх эмэгтэй миний ... дугаарын утас руу залгаад хүн юм өгч явуулна, та яасан гэхээр нь надтай ярьсан би авах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Драгон төвийн замын урд талд буудлаас наад талд зам дагуу Ч ганцаараа, 2 хайрцагтай эд зүйлтэй зогсож байсан. Тэгээд би очиж уулзаад охин Э, хүргэн хүү З хоёр хайрцагтай эд зүйлийг аваад машиныхаа багаажинд хийгээд яваад намайг Баянгол дүүргийн 8 дугаар хороо ... тоот гэрт хүргэж өгөөд охин, хүргэн хоёр маань хүний эд зүйлийг хүргэж өгөхөөр явсан. Манай гэрт худууд байсан болохоор би гэртээ хүргүүлсэн. 17 цаг өнгөрч байх үед Вагон вокзал руу продник эмэгтэй рүү хүргэж өгөхөөр явсан, тэгээд 19 цагийн үед эргэж ирсэн...Би тухайн өдөр очиж авахдаа асуухад тан, хувцас хунар байгаа, өөр зүйл байхгүй гэж хэлсэн. Би уг эд зүйлийг нь задалж үзээгүй. Өмнө нь эд зүйл өгч явуулж байгаагүй гэв./хх-ийн 11-12/
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хувиарийн дагуу Улаанбаатараас Эрээн хотын чиглэлд явсан. Тэгээд Эрээнд очоод зорчигчоо буулгаж дуусаад, вокзалаас гараад зээл орсон, буцаад 14 цагт вокзал ороод байж байсан чинь нэг Өвөр монгол ирээд Монголоос 6 ширхэг зөгийн бал аваад ирээч гэж гуйхаар нь 6 ширхэг зөгийн бал гайгүй юм чинь гэж бодоод, зөвшөөрсөн. Тэгээд холбогдох дугаараа өгчих гэхээр нь ... гэсэн дугаараа өгсөн. Тэгээд буцаад Монголд ирээд ажлаасаа буугаад 2019 оны 06 сарын 09-ний өдөр нэг Хятад дугаараас мессеж ирсэн байхаар нь би тэр дугаар луу буцаагаад залгаад хэн бэ? гэхэд чи надад дугаараа өгсөн би чамайг нөгөө 6 ширхэг зөгийн бал өгч явуулах гэсэн Хятад байна гэсэн. Тэгээд чи энэ дугаар луу яриад аваад яваарай гэхээр нь за гээд би тэр өгсөн дугаар луу нь ярьсан ачаа өгөх ёстой юм бол уу гэсэн чинь аан заа гээд орой суудал татаж ирэхэд нэг туранхай өндөр залуу ирээд энэ ачааг хаана хийх үү гээд 2 хайрцагтай зүйл барьсан асуухаар нь амралтын өрөөний орны доор хийчих гэсэн. Тэгээд шөнө 3 цагийн үед ээлжээ солиод харахад хар уутанд боосон зүйлүүд байсан би чихэр өвс гэж бодсон. Овор хэмжээ нь арай их байсан болохоор салгаад нуусан гэв.
Шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 09-ний өдрийн 13 цагийн үед ... дугаарын утаснаас нэг эмэгтэй залгаад 2 хайрцаг ачаа байна, ногоон эм, Монгол тан байгаа Эрээн өртөөнд очиж А гэх Хятад хүнд өгнө гэхээр нь нөгөө үйлчлэгчээс асууж байгаад хариу хэлье гэсэн.. 18 цагийн үед ... дугаарын утас руу залгаад вокзал дээр аваад ир гэж хэлсэн. 2 хайрцагтай тан гэх эд зүйлийг вагоны гадна хүмүүсээ оруулж байх үед авч ирэхээр нь би оруулаад тавьчих гээд ... дугаар вагоны амралтын өрөөнд тавиулсан. 2019 оны 06 сарын 10-ны 03 цаг 40 минутын үед ээлж солиод хайрцагтай зүйлийг задалж үзэхэд хар уутанд хийж скочидсон нэг нь 1 кг орчим 22 ширхэг эд зүйл байсан, хар уутыг нь задалж үзээгүй, тэгээд ажлын өрөөний сандлын доод талд 6 ширхэгийг, топикны ард 5 ширхэгийг, үлдсэнийг нь цагаан хэрэгсэл хийдэг бохирын уутанд 11 ширхэгийг хил, гаалиас нуух гэж хийсэн. Эрээний вокзалын арын дэлгүүрийн үүдэнд зогсоод байж байдаг А гэх хятад хүн над руу утасдаад ... гэдэг утаснаас нэг хүн ачаа өгч явуулна тэрийг аваад ирээрэй 600 юань ирэхээр чинь өгнө гэхээр нь 200,000 төгрөг болох юм байна. 2 хүүхдэдээ юм авъя гэж бодоод тэр барааг нь авчихсан юм. Бараа тээш авч явах нь миний буруу дикриттэй байж байгаад дөнгөж ажилдаа орсон, мөнгөний хэрэгтэй байсан болохоор авчихсан юм гэжээ. /хх-ийн 105-106/
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон тогтоол болон Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шижилгээний дүгнэлт зэрэгтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны Монгол орны ховор ургамлын жагсаалт батлах тухай 165 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 350 дахь заалтад Дэрэвгэр жиргэрүү ургамлыг оруулсан байдаг. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг тутамд 50,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр өсгөж тооцож нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа учраас гэм буруутай этгээдээр экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Суудлын вагон депод 1 дүгээр вагон буюу ... дугаар вагонд ажилдаа ирэхэд нөгөө үйлчлэгч Б вагоноо хүлээгээд авсан байж байсан... Би ажиллаж байгаад 2019 оны 06 сарын 10-ны 03:30 цагт Б-тэй ээлжээ солиод амарсан. Тэгээд өглөө 08:00 цагт би боссон, тэгээд хил, гаалийн шалгалтан дээр Б-н хамт хоёулаа ажиллаж байсан,тэгээд гаалийн шалгалт орж ирээд шалгаад Б ажилчдын өрөөний эсрэг талын тампар буюу нарийн кордиорын бохирын уутыг асгаж байсан би тэгэхээр нь очиход бохирын уутны доор хар жижиг ууттай скочидсон зүйлүүд байсан. Гаалийн хүн нь утсаар зургийг нь аваад цааш нь мэдэгдээд мэргэжлийн хяналтын байцаагч орж ирээд намайг дагуулаад бүх юмаа шалгуул гээд шалгаж эхлэхэд ажлын өрөөний местний суудал доороос 6 ширхэг хар ууттай скочидсон зүйл гарч ирсэн. Гаалийн хүмүүс өөр байгаа юу гэхэд Б гал түлдэг топикний ард 5 ширхэгийг нуусан байснаа гаргаж ирсэн. Энэ талаар надад хэлээгүй байсан. Шөнө ээлж солиод намайг унтаж байх үед Б ажлын өрөөний суудлын доод талд 6 ширхэгийг, топикний ард 5 ширхэгийг, бохирын уутан дотор 11 ширхэгийг хийсэн байсныг гаалийнхан илрүүлсэн. Б 2019 оны 06 сарын 09-ний өдөр над руу хүн ярьсан, 2 хайрцаг юм явуулъя гэж асуусан гэж хэлсэн, би хил гаалийн хориотой эд зүйл гэж мэдээгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ажилдаа гарахдаа зааварчилгаа аваад гарын үсэг зураад гардаг, тухайн өдөр танилцаад гарын үсэг зураад ажилд гарсан. Өдөр дутмын зааварчилгааны 9-р заалтад зорчигчоос болон гадны хүнээс дайвар ачаа, элдэв хориотой эд зүйл авахгүй, бусдаас шан харамж авахгүй байх. 10-р заалтад Вагоны эд ангид хил гаалийн хориотой бараа нууж, вагоныг нуувч болгож ашиглахыг хатуу хориглоно гэсэн заалтуудтай танилцаж, гарын үсэг зурж ажилд гарсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/
Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Драгон төвийн замын урд талын автобусны буудлын ойролцоо ээж Ц зогс гээд зогсоход ээж бууж очиж уулзаад би бууж 2 хайрцагтай эд зүйлийг авч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Веросса маркийн тээврийн хэрэгслийн багажинд хийгээд хороололд байх ээжийн гэр рүү явсан, тэнд байж байгаад 19 цагийн үед байх ээж эхнэрт нэг утасны дугаар өгөөд энэ рүү холбогдоод вагоны үйлчлэгчид аваачиж өгнө гэсэн. 20 цагийн үед би эхнэрийн ... дугаарын утаснаас залгаад хэддүгээр вагонд аваачиж өгөх талаар асуухад 1 дүгээр вагон дээр гэсэн. Нүхэн гарцаар гараад 1 дүгээр вагон дээр очоод байж байтал эхнэр араас ирээд наадахаа хурдан оруул гэж байна гэхээр нь би орох явцдаа вагоны үйлчлэгч эмэгтэйгээс хаана оруулах вэ? гэж асуухад ажлын өрөөнд хурдан оруул гэсэн би тэгэхээр нь ажлын өрөөнд оруулж 2 хайрцагтай эд зүйлсээ тавьчихаад шууд гарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ээж энд зогсчих гээд Драгон төвийн замын эсрэг талд байрлах МТ клонкийн харалдаа зогссон. Тэгээд ээж буугаад нэг эмэгтэйтэй уулзаад манай нөхрийг 2 хайрцагтай эд зүйлийг машиндаа оруулчих гээд нөхөр З машины багажинд хийсэн.Ээж орой 20 цагийн үед вагонд аваачиж өгнө гээд надад ... гэсэн дугаарыг өгөөд энэ хүнд аваачаад өгчих би наад хүнийг чинь танихгүй гэж байсан. УБТЗ-ын вокзал дээр очоод тэндээ хүлээж байгаад уг дугаар руу залгаж хаана аваачиж өгөх талаар асуухад 20 цаг 15 минутад 1 дүгээр вагон дээр авчирч өг гэсэн, би тэгэхээр нь нөхөртөө 1 дүгээр вагон дээр аваачиж өг хэлсэн гэх мэдүүлэг./1-р хх-ийн 85/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34/
2019 оны 07 сарын 04-ний өдрийн “Уг ургамлын дээж нь манай оронд тархсан М овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 20/
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 01-ний өдрийн 379 дугаартай “Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол /2-р хх-ийн 131-133/
Шүүгдэгч Ц.Ц, М.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 122, 142/
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны Засаг даргын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн шүүгдэгч М.Б-н оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /1-р хх-ийн 125/
Шүүгдэгч Ц.Ц-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г овогт М.Б нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд УБТЗ-ын Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын ... дугаар галт тэрэгний ... дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон түүж бэлтгэхийг хориглосон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ажлын өрөөний суудлын доод талд 6 ширхэг боодлыг, топикний ард 5 ширхэг боодлыг, бохирын уутан дотор 11 ширхэг боодлыг нууж, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Монгол Улсын Засгийн газрын 2004 оны Монгол орны ховор ургамлын жагсаалт батлах тухай 165 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 350 дахь заалтад Дэрэвгэр жиргэрүү ургамлыг оруулсан байдаг. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг тутамд 50,000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр өсгөж тооцож нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаа учраас гэм буруутай этгээдээр экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/, гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б ажилчдын өрөөний эсрэг талын тампар буюу нарийн кордиорын бохирын уутыг асгаж байсан би тэгэхээр нь очиход бохирын уутны доор хар жижиг ууттай скочидсон зүйлүүд байсан. Гаалийн хүн нь утсаар зургийг нь аваад цааш нь мэдэгдээд мэргэжлийн хяналтын байцаагч орж ирээд намайг дагуулаад бүх юмаа шалгуул гээд шалгаж эхлэхэд ажлын өрөөний местний суудал доороос 6 ширхэг хар ууттай скочидсон зүйл гарч ирсэн. Гаалийн хүмүүс өөр байгаа юу гэхэд Б гал түлдэг топикний ард 5 ширхэгийг нуусан байснаа гаргаж ирсэн. Энэ талаар надад хэлээгүй байсан. Шөнө ээлж солиод намайг унтаж байх үед Б ажлын өрөөний суудлын доод талд 6 ширхэгийг, топикний ард 5 ширхэгийг, бохирын уутан дотор 11 ширхэгийг хийсэн байсныг гаалийнхан илрүүлсэн. Б 2019 оны 06 сарын 09-ний өдөр над руу хүн ярьсан, 2 хайрцаг юм явуулъя гэж асуусан гэж хэлсэн, би хил гаалийн хориотой эд зүйл гэж мэдээгүй" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/, гэрч Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “19 цагийн үед байх ээж эхнэрт нэг утасны дугаар өгөөд энэ рүү холбогдоод вагоны үйлчлэгчид аваачиж өгнө гэсэн. 20 цагийн үед би эхнэрийн ... дугаарын утаснаас залгаад хэддүгээр вагонд аваачиж өгөх талаар асуухад 1 дүгээр вагон дээр гэсэн. Нүхэн гарцаар гараад 1 дүгээр вагон дээр очоод байж байтал эхнэр араас ирээд наадахаа хурдан оруул гэж байна гэхээр нь би орох явцдаа вагоны үйлчлэгч эмэгтэйгээс хаана оруулах вэ? гэж асуухад ажлын өрөөнд хурдан оруул гэсэн би тэгэхээр нь ажлын өрөөнд оруулж 2 хайрцагтай эд зүйлсээ тавьчихаад шууд гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 20/, 2019 оны 07 сарын 04-ний өдрийн “Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч С.Т-н шүүх хуралдаанд гаргасан “миний үйлчлүүлэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэсэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06 сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ний ... дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг 48-12 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Шүүгдэгч Ц.Ц нь Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэж яваа гэдгээ мэдээгүй, Ч гэх Өвөрмонгол эмэгтэйгийн гуйлтаар 2 хайрцагтай эд зүйлсийг өөрийн хүргэн Д.З-н ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явж Д төвийн замын эсрэг талд байрлах ... клонкийн харалдаа машинтай очиж аваад хүргэн Д.З-р Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний ... вагоны үйлчлэгч М.Б-т хүргэж өгсөн болох нь Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Драгон төвийн замын урд талын автобусны буудлын ойролцоо ээж Ц зогс гээд зогсоход ээж бууж очиж уулзаад би бууж 2 хайрцагтай эд зүйлийг авч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Веросса маркийн тээврийн хэрэгслийн багажинд хийгээд хороололд байх ээжийн гэр рүү явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/, гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ээж энд зогсчих гээд Драгон төвийн замын эсрэг талд байрлах МТ клонкийн харалдаа зогссон. Тэгээд ээж буугаад нэг эмэгтэйтэй уулзаад манай нөхрийг 2 хайрцагтай эд зүйлийг машиндаа оруулчих гээд нөхөр З машины багажинд хийсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/ зэргээр нотлогдож байгаа болно.
Энэ нь гэмт хэргийн сувьектив талын шинжийг агуулаагүй байна. Уг шинж нь түүж бэлтгэхийг хориглосон ургамал гэдгийг мэдсэн байж, зориуд санаатай тээвэрлэх санаа сэдлийг агуулсан байх ёстой. Гэтэл шүүгдэгч нь ямар бараа тээвэрлэж байгаа гэдгээ мэдээгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Ц-д Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр, нуун далдлах аргаар үйлдсэн, гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Байгаль Орчин, Аялал Жуучлалын Сайдын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүүг /Saposhnikovia divapicata /Turz/ Schischk устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хоригложээ.
Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг тутамд 50,000 төгрөгөөр тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 23 кг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг нийт 1,150,000 төгрөгөөр үнэлж, иргэний нэхэмжлэгч Ц.Ц гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ. Шүүгдэгч М.Б нь уг ургамлыг өөрөө түүж бэлтгэж байгаль экологид гэм хор учруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б-н үйлдэл, байгаль экологид гэм хор учруулсан хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Шүүгдэгч М.Б нь бусдын түүж бэлтгэсэн 23 кг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь нотлогдож байх тул 23 кг Дэрэвгэр, Жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ нийт 1,150,000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Ц, М.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 1,150,000 төгрөгний үнэлгээтэй 23 кг ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүүг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялын доод ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.О нь шүүгдэгчид торгох ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь торгуулийн хэмжээ бага учир нэн даруй биелүүлэх боломжтой байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан түүхийг хориглосон ховор ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,150,000 /нэг сая, нэг зуун тавин мянга/ төгрөгний үнэлгээтэй ховор ургамал болох 23 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хурааж улсын орлого болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийн шаардлага ховор ургамлын нөхөн төлбөр 1,150,000 /нэг сая, нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч Ц.Ц, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц