| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0059/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 61
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж шүүгч С.Цэрэнханд, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Иргэдийн төлөөлөгч Б.У,
Хохирогч Э.С ,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б ы Э эд холбогдох эрүүгийн 1915004800265 дугаартай, 163/2020/0059/Э индекстэй хэргийг 2019 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Б ..... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я овогт Б ы Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр 26-ны орой Булган аймгийн ...ийн нутаг “Х” гэх газарт өөрийн дүү Б.Б той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж, түлхэж унагаан модон орны толгой мөргүүлсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулж хүнийг алах гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр талийгаач нилээн согтуу ирээд унагатай ноцолдоод доогуур нь унаад байсан. Тэгээд манай эхнэрийг сохор гичий минь зайл гээд дайрахаар нь бачимдсандаа очоод цохиход дүү арагшаагаа дээшээ хараад унасан. Тэгээд талийгаачийг гэртээ харь гээд Б тэй хамт явуулахад эхнэр нь урдаас нь ирээд аваад явсан. Би архины шилээр цохиогүй. Үүрээр 5 цагийн үед С ирээд манай нөхөр ухаангүй болчихлоо гэхээр нь манайд агсам тавиад зүгээр байсан хүн яагаад ухаангүй болдог юм гэсэн. Хутгалж ална гэж яриагүй, харин С г гутлаар шидсэн нь үнэн. Бэлчээр булаацалдсан зүйл болоогүй. Дүүгээ ийм болсонд нь харамсаж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С гийн өгсөн: Мэдүүлэг өгч чадахгүй байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ярих боломжгүй байгаа тул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр авч өгнө үү. Энэ мэдүүлгийг үнэн зөв өгсөн. Сая орж ирэхдээ тайвшруулах эм уугаад орж ирсэн гэв.
1915004800265 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Э.С гийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сайн өдөр байсан учир манайх унагаа Э ахын гадаа аваачиж 15-16 цагийн үед тамгалсан. ...Нөхөр Б , найз Б 2 архи уусан гэхээр байдалтай халамцуу ирсэн. ... Э ахынх манайхаас 1 км орчим зайтай ойрхон байдаг. Тэгээд гэртээ хонио хураачихаад хоол хийгээд байж байтал Б ахын утаснаас миний өөрийн шинээр авсан ... дугаар луу 21 цагийн үед залгасан, намайг утсаа авахад цаана нь хүмүүс хашгиралдаад байсан. Харин надтай хүн ярихгүй дуугарахгүй байхаар нь юу болоод байгаа юм бол гээд яваад очтол манай нөхөр Б , хадам аав Б , ах Б нар Э ийн гэрийн гадаа байж байсан. Намайг очтол талийгаач өөрөө ирээд машинд суугаад “намайг Э ах авгайтайгаа зодлоо” гэж хэлээд уйлахаар нь шууд гэртээ харьсан. ...Гэртээ хариад Б “толгой өвдөөд байна” гэж хэлээд уйлаад байхаар нь толгойны эм авч өгөөд “эмч дуудах уу” гэж хэлсэн чинь “эмч хэрэггүй, ах, дүү хүмүүс муухай, унтаад гайгүй болчих байх” гэж хэлээд хувцастайгаа газраар ор засуулаад хэвтсэн. Унтахынхаа өмнө талийгаач өөрөө Улаанбаатар хотод байдаг Б ах руугаа залгаж “Ахаа намайг зодоод, дээрэлхээд байна” гэж хэлсэн чинь өөдөөс нь “хэн юм бэ?” гэж асуухад нь “мэдэхгүй байна” гэж Э ийн нэрийг хэлэлгүй уйлаад байсан. Талийгаачийн унтсан цагийг нарийн хэлж мэдэхгүй байна 21-22 цагийн үед унтсан байх. ...Би 2019 оны 09 сарын 26-наас 27-нд шилжих шөнө талийгаач унтах гэж хэвтээд дахиж сэрэхгүй байхаар нь үүрээр 04 цагийн үед дуудсан чинь сэрээгүй байсан, гэрт дандаа гэрэлтэй унтдаг учир харсан чинь аймаар их хөлөрсөн, нүүр, дух нь хөлөрч татаад сэрэхгүй байхаар нь Э ахынд үүрээр 04 цагиин үед очиж “Б сэрэхгүй байна, очоод үзээд өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э ах надад “чи нөхрөө өөрөө алчихсан юм биш биз дээ, танай хар нөхрийг нэг мөсөн орон дээр нь очиж хутгалж ална, чи манайхаас зайл гуйлгачин минь” гэж хэлээд над руу өөрийнхөө гутлыг шидсэн. Гутал нь намайг оноогүй. Гэрт нь хадам аав Б , эхнэр Б нар байсан. Харин Б ах нь гэрийн гадаа машинд унтаж байсан, Б ахтай ирсэн байх нэг танихгүй хүн гэрт унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Хадам аав талийгаачийг зодож цохисон талаар ямар нэгэн зүйл яриагүй, хэлэхгүй байснаа 2 эмчид хандаж Э архины шилээр цохих шиг болсон гэж хэлсэн. Надад бол хэн нь ч цохиж зодсон асуудлын талаар хэлээгүй.
Эмч нарт хадам аав “Э архины шилээр цохих шиг болсон” гэж хэлэхэд нь “та нар надад яагаад цохьсон талаар нь хэлээгүй юм бэ?” гэж асуухад юм дуугарахгүй байсан. Тэр үед нь Б нь хажууд ирээд эмчид хананы үдээр мөргөсөн, ширээний булан мөргөсөн гэх мэтийн зүйл яриад байсан. 4-5 жилийн өмнө Э ах нь талийгаачийг мөн зодож нүүрэнд нь сорвитой болгож байсан. Ах, дүү хүмүүс болохоор ямар нэгэн зүйл яриад байдаггүй байсан. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ архины шилээр цохьсон гэх асуудлын талаар хэлээгүй, яагаад гэвэл талийгаачийг сэргэчих байх, өөрөө сэргээд хэлнэ биз гэж бодоод хэлээгүй. Тэгээд эмч нар очиж үзээд их хүнд байна, хөдөлгөж болохгүй гэхээр нь хүлээж байгаад аймгаас эмч дуудаж үзүүлсэн, аймгийн эмч ирээд хүнд байна гэхээр нь эгч Э.С т хэлж Улаанбаатар хот руу авч яваад эмчилгээ хийлгэх хүсэлт гаргаж Улаанбаатар хот руу аймгаас ирсэн эмч Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой хүргэж өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой толгойны хагалгаанд орж, хагалгаанд орохын өмнө “хагалгаагаа даахгүй байж магадгүй, тархины гол судас тасарсан, тархи цууралттай байна гэж хэлээд нас барвал гомдол санал байхгүй” гэсэн баталгаа авч мэс засал хийгдсэн. Гэвч ухаан орохгүй байсаар байгаад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. ...Надад хэлэхдээ Э ах, бэр эгч Б хоёрыг зодсон гэж хэлээд уйлсан, мөн архины шилээр толгой руу цохих шиг боллоо Э , Б хоёрын нэг нь цохьсон гэж байсан, яг хэн цохьсон гэдгийг мэдэхгүй байна, нэг нь цохьсон гээд байсан. .... Талийгаачтай гэрт ирээд байж байхад талийгаач буцаж Э ахынд очъё, надад ямар нэгэн зүйл болвол чамайг алсан гэж хэлэх хүмүүс шүү гээд байсан. ...Харин хадам аав архины шилээр цохих шиг болсон гэж эмч нарт хэлэхэд манай сумын 2 эмч байсан, манай ээж Д байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-54 тал/,
Гэрч Б.Б-ийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос Э ахынд ирээд түүний унагыг тамгалж байхад дүү Б нь Б ын хамт ирсэн. ... Унага тамгалж байхад зэлэн дээр нэг шил архи задлаад түүнийгээ уугаагүй гэрт авч орсон. Тэр архийг Б , Б нар уусан. Тэр үед Б Б т хандаж “сохор гичий минь яах гэж энд буусан юм бэ” гэж бэлчээрийн маргаан ярьж эхлээд агсам тавьж, хэл амаар доромжлоод байхад нь Э ах Б ийг “боль” гээд гэрийн баруун хойморь хэсэг рүү түлхэж унагасан. Б унах үедээ толгойн ар хэсгээрээ орны толгой мөргөж унасан. Б ийг би авч гарсан бөгөөд С г дуудаж тэр хоёрыг машинд суулгаад явуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны 03 цагийн үед С ганцаараа Э ахын гэрт орж ирээд “Б сонин болчихлоо” гэж хэлэхээр нь аавын хамт гэрт очиход талийгаач ухаангүй байдалтай байсан учир түргэн дуудах гэхэд сүлжээ байхгүй, өглөө нь эмч дуудаж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-15 тал/,
Гэрч Ч.Б ы өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний хүү Э гүү тавьсан орой 20 цагийн үед Б , С , Э бид 4 айраг уугаад ярилцаад сууж байсан. Гаднаас Б зэлэн дээрээс гүү татчихаад орж ирээд бид нар 10 литр айраг, 1 шил архи уусан. Б нь Э ийн эхнэрийг доромжлоод элдвээр хэлээд байсан учраас Э уурлаад тэр хоёр босож ирээд барьцалдаад авсан. Э Б ийг түлхэхэд толгойгоороо орны толгой мөргөсөн. Б босож ирээд Э тэй муудалцаад байхаар нь авч гарсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16 тал/,
Гэрч Д.Д ын өгсөн: “...Би тухайн өдөр юу болсон талаар мэдэхгүй, харин 2019 оны 09 дүгээр сарын 27-ны үдээс хойш хүргэн Б ийн бие нь болохгүй сэргэхгүй байна гээд гэрт нь яваад очтол ухаангүй хурхирч байсан. Намайг очиход сумаас эмч нар очсон эмчилгээ хийж байсан. Ямар онош тавьж, ямар эмчилгээ хийж байсан талаар мэдэх зүйл байхгүй, гэхдээ харвалт өгсөн байж магадгүй гэж байсан. ... Яг хажууд нь тэр яриаг сонсоогүй, гэхдээ “архины шилээр цохьсон юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ?” гэж хоёр эмч хэлж байсан. Яагаад хэлээгүй нуусан юм бэ? гэж уурлаж байсан. Архины шилээр хэн, хэзээ, хэрхэн цохьсон талаар тодорхой сонсоогүй учир нарийн хэлж мэдэхгүй байна. ...Тухайн үед С уйлаад үймэрчихсэн байсан болохоор би дагаад уйлж сандарсан. Намайг очсоноос хойш талийгаач өмдөндөө дотоожиндоо шээчихээр нь тайлж памперс өмсүүлээд, дотоожийг нь угааж тавьсан. ...” гэх мэдүүлэг /1хх-63-64 тал/,
Гэрч Б.У-ийн өгсөн: “... С манай гадаа ирээд “Б нэг л эвгүй байна, очоод үзээд өгөөч сэрэхгүй байна” гэхээр нь Б бид 2 шууд гэрт нь яваад очсон. Гэтэл Б ах гэрийнх нь хойморт нь Б ийн гарыг барьчихсан сууж байсан. Б ид ил харагдах гэмтэл бэртэл юу ч байхгүй, унтаж байгаа юм шиг хурхирсан байдалтай, хуруу нь татсан, хөл нь жийсэн байдалтай байсан. Яагаад тийм болсон талаар надад мэдсэн зүйл байхгүй. Тэгээд л эмнэлэгт дуудлага өгч, эмч нар 09 цаг өнгөрч байх үед ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-65-66 тал/
Гэрч Д.Б ын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Бар өдөр буюу унага тамгалахад сайн өдөр байсан учир талийгаачийн унагыг Э ахын гэрийн гадаа хашаанд нь адуу хашиж байгаад хамт тамгалсан. ... Маргааш өглөө нь 07 өнгөрч 08 цаг дөхөж байх үед унага барьж байхад С зэлэн дээр ирээд “Б сонин болчихоод байна, очоод үзээд өгөөч” гэхээр нь би Уранчимэгтэй хамт гэрт нь яваад очтол гэрт Б ах байсан, талийгаачийн харин хөл, гар нь татсан, унтаж байгаа хүн шиг хурхираад байсан хэрнээ сэрэхгүй байсан. Тэгээд л эмч ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 69-73 тал/,
Гэрч Д.Б ийн өгсөн: “...Тэгтэл удалгүй Б манай нөхөр Э ийг та манай хаваржааны газрыг идчихлээ гээд манай нөхөр бид хоёрт агсраад байхаар нь би гэрийнхээ баруун талд айраг бүлээд сууж байхдаа Б ийг “тэр газар манайх бууж болдоггүй юм уу, танай мал идээд манай мал идэж болдоггүй юм уу” гээд хэлчихсэн чинь Б намайг “дөрвөн нүдэт сохор гичий минь чи манай ахаас салаад зайл” гэх мэтээр хэл амаар доромжлоод над руу дайраад байсан чинь манай нөхөр намайг өмөөрөөд миний урдуур ороод Б ийг түлхчихсэн чинь Б хойшоо уначихсан юм. ... Тэгээд бид нарыг гэртээ унтаж амраад байж байтал 2019 оны 09-р сарын 26-27-нд шилжих шөнө өглөөний 05:00 цагийн үед Б ийн эхнэр С ганцаараа манай гэрт орж ирээд Б татаад байх шиг байна та нар манай гэрт очиж хар гэсэн юм. Тэгээд манай хадам аав Б , Б , манай нөхөр Э гурав С тай хамт явсан ба удалгүй Батэрдэнэ, Э хоёр буцаж ирээд Б гайгүй юм шиг байна аав Б ийн гэрт үлдчихлээ гэж хэлсэн юм. Тэгээд өглөө 07:00 цагийн үед бид нарыг гэртээ байж байтал манай сумын 1-р багийн иргэн Б манай гэрт орж ирээд “аав чинь сая над руу утсаар ярьлаа Б.Б ийг татчихсан юм шиг байна гэнэ ээ” гэж хэлсэн чинь Б , Э хоёр Б тай хамт Б ийн гэр рүү явсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх 85-86 тал/,
Гэрч Ж.Б-гийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 08 цаг 10 минутын үед С эмч над руу утсаар яриад Б өчигдөр орой архи ууж унтаад тэрнээс хойш босож ирээгүй, хөл гар нь хөрсөн, татсан байдалтай байна гэж надад хэллээ, гялс яваад өгөөч гэхээр нь их эмч Б эмчид хэлээрэй гэж хэлээд 5 минутын дараа гэрээс гарч эмнэлэг орж яаралтай тусламжийн хайрцагаа аваад, Б эмчийг гэрээс нь аваад дуудлага өгсөн газарт 09 цагийн үед очсон. Цаг нарийн хараагүй. Бид нар шаардлагатай эм тариа авч очсон бөгөөд ер нь бол архи уугаад унтаад сэрээгүй гэхээр нь харвалт өгсөн байж магадгүй гэж таамаглаж байсан. Очиход гадна үзлэгээр гэмтэл, ил харагдах шарх байхгүй байсан. Талийгаачийн эхнэр хэлэхдээ “Э ахынх руу яваад унага тамгалж ирээд орой очиж аваад, толгой өвдөөд байна гээд уйлаад байхаар нь түргэн дуудах гэхэд хэрэггүй гээд толгойны эм уугаад унтсан” гэж ярьж байсан. Шөнө босгох гэсэн босохгүй байхаар нь Э ийнд очиж хэлсэн чинь “архи уусан хүн согтуу унтаж байгаа биз, зүгээр унтуул” гэж талийгаачийн эхнэрийг загнасан юм шиг байна лээ. Тэгээд үзлэг хийхэд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан учир тархины цус харвасан байж магадгүй гэж урьдчилсан онош тавьж цус тогтоох, хаван хөөх эмчилгээ хийж, аймаг руу мэдэгдэж зөвлөгөө авч байгаад би толгойн баруун талын чихний дээд хэсгээс хойшоо чиглэсэн нарийн улаан зураас 2 эгнээ гарсан. Нэг нь бүдэг, нөгөө нь арай урт байсан. Уртыг арай хэмжээгүй гэхдээ нэлээн урт дагзны арын төвгөр арай хүрэхгүй урттай байсныг хараад Б эмчид харуулаад “энэ юу юм бэ?” гэж ар гэрийнхнээс нь асууж ямар нэг зүйлээр цохисон уу? өөрөө ийм сорвитой юм уу? гэж хэлсэн чинь талийгаачийн аав Б гуай “манай С... архины шилээр цохьсон юм аа” гэж хэлсэн. С.. гэж талийгаачийн ахыг хэлдэг. ...” гэх мэдүүлэг /1хх 90 тал/,
Гэрч Б.Б-ын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 50 минутанд дуудлага ирж, надад 08 цагт мэдэгдэн эмч Б-ийн хамтаар 08 цаг 20 минутын үед дуудлага өгсөн газар луу явж Б ийнд 09 цагт очсон. Намайг очиход Б.Б гэрийнхээ хоймор хэсэгт ухаангүй шүд зуулттай, 2 хөл хөдөлгөөнгүй, 2 гараа эмх замбараагүй хөдөлгөөнтэй, маш их хөлөрч таталт өгсөн байдалтай байсан. ...Хариу үйлдэл үзүүлэхгүй, асуултанд хариулахгүй байсан. ...Аймаг руу дуудлага өгчихөөд удаагүй үзлэгээ үргэлжүүлээд байж байтал толгойн хойд хэсэгт үсэн дотор баруун чихний ар дээд хэсэгт 2 эгнээ, 4 см орчим урт, хоорондоо 1 см орчим зайтай нарийн зураас улаан өнгөөр гарсан, хуйх гэмтэлгүй, үзүүртэй зүйлээр урсан гэхээр байдалтай гарсан байсан. Тэгээд Б ийн эхнэрээс “зодоон хийсэн юм биш үү” гэж асуухад Б гуай өөрөө “архины шилээр С.. цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудлагын эмч рүү залгаж “энэ хүн харвалт биш юм шиг байна. Гэмтлийн гаралтай юм шиг байна” гэсэн чинь “дуудлага гарсан, очихоор нь мэдрэлийн эмчдээ сайн хэлээрэй” гэсэн. Эмчилгээ хийлгээд сууж байхад аймгаас эмч ирэхэд Б гуай болон Б , Э нар орж ирээд зодоон хийсэн, гэхдээ архины шилээр цохиогүй, ширээ мөргөсөн байх, хананы толгой мөргөсөн байх гэх мэтийн зүйл ярьж байсан. Хамгийн эхэлж нууцлаж байсан. Ер нь бол Б гуайгаас асуугаагүй, С гаас зодоон хийсэн юм биш үү гэж асуухад Б гуай өөрөө С гийн өмнөөс “С... архины шилээр цохьсон” гэж хэлсэн болохоор нь үнэн байх гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /1хх 93-94 тал/,
Гэрч Э.Ж-ын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б ахын бие муу байна гэхээр нь очсон. Намайг очиход сумаас эмч нар очсон байсан. Б ах ухаангүй, ямарч мэдрэлгүй, эмчилгээ хийлгэж байсан. Б ахыг эмч үзээд толгойн баруун хойд хэсэгт 2 ширхэг зурагдсан, улайсан байхыг хараад энэ яасан бэ гэж асуухад Б гуай өөрөө “С... ах нь архины шилээр цохьсон” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. ... Толгойн баруун хойд хэсэгт гарсан зураасыг хараад эмч асуухад Б гуай архины шилээр цохьсон гэж хэлсэн болохоор нь толгойн ар хэсэг рүү архины шилээр цохьсон юм байх гэж би ойлгосон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97 тал/,
Гэрч Б.Б-ийн өгсөн: “... Намайг талийгаачийн гэрт ирэхэд ямарч ухаангүй, хөдөлгөөнгүй, сумын эмч нар ирчихсэн эмчилгээ хийж байсан. Мөн аймгийн төвөөс эмч нар дуудсан байсан учир хүлээж байгаад үзүүлээд Улаанбаатар хот руу яваад шууд ГСҮТ-д хүргэж өгсөн. ГССҮТ-д хүргэж өгсөн орой тархины хагалгаанд орсон. Ухаан орохгүй байсаар 3 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. Тархинд их хэмжээний цус хурсан, судас задарсан гэсэн оноштой хагалгаанд ороод нас барсан. Тархины цус хуралт, судас задарсан асуудал нь Э ийн эхнэрийг талийгаач согтуу загнаж, сохор, доголон гэх мэт хэл амаар доромжилж агсам тавихаар нь Э талийгаачийг боль гэж түлхэж унагаад ийнхүү унахдаа ширээ, орны толгой руу мөргөж унасан гэж Э надад ярьж байсан. Талийгаач 2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой над руу ярихдаа нэлээд согтуу байдалтай “миний ахыг байхгүй болохоор эд нар чинь дээрэлхээд байна шүү дээ” гэж хэлээд согтуу орилоод байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 99-101 тал/,
Гэрч Б.Н-ийн өгсөн: “...Э ийнд очиж гэрт нь орж аяга айраг уучихаад шууд зэлэн дээр очиж унага тамгалсан. Унага тамгалж байхад талийгаач Б нутгийн нэг танихгүй залуутай хамт мотоцикльтой ирсэн. Ирэхдээ нэлээн согтуу байсан. ...Унага тамгалж байгаад гэрт ороод Э 0.5 л хэмжээтэй экс нэртэй архи задалж тэр архийг гэрт уусан. Би тэр архинаас нэг уучихаад Б Э ийн эхнэрийг “сохор гичий” гэх мэтээр хэлээд Э эхнэрээ өмөөрч Б той маргалдаад байхаар нь би гараад машиндаа суучихсан. ...Б намайг “гэрт ор” гэхээр нь яваад ортол гэрийн баруун хойморт орны залгаа хананд тулгаж тавьсан ширээг Э ийн эхнэр тэгшилж байсан, мөн ширээний урд газар архины шил унасан харагдаж байсан. Гэрт задалсан Экс нэртэй архины шил байсан байх. Тэгээд Э ийн гэрт айраг ууж байгаад унтсан. Бт шөнө сэрээгүй, өглөө сэрэхэд Б аавтайгаа хамт Б ийн гэрт очсон гэж ярьж байсан. Б ухаан орохгүй байна гэж байсан. Намайг гэрт нь ороход гэрийнх нь хоймор ор зассан байдалтай, эмч нар ирж байгаа гэж байсан. Жаахан сууж байгаад эмч нарыг ирэхээр нь гэрээс гараад дахиж ороогүй. ...” гэх мэдүүлэг /1хх 103 тал/,
Гэрч Б.У-гийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед С над руу утсаар яриад “нөхөр Б ямарч хөдөлгөөнгүй хачин болчихоод байна, та хүрээд ирээч” гэхээр нь яваад очиход сумын эмч нар ирчихсэн байсан. Эмч нар үзээд тархиндаа харавсан байж магадгүй гээд шингэн хийгээд байсан. Өөр ямар эмчилгээ хийж байсан талаар мэдэхгүй. Талийгаач тухайн үед ямарч хөдөлгөөнгүй, ухаангүй байдалтай байсан бөгөөд эмчилгээ хийлгээд сэргээгүй, Улаанбаатар хот руу аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 хуудас/,
Гэрч Ц.Ц-гийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуудлага аваад Гурванбулаг суманд очсон. Үзлэг хийхэд Б нь ухаангүй, хөхөрч халуурсан байдалтай, биеийн байдал хүнд, комын байдалтай, амнаас нь эхүүн үнэртэж байсан. Юу болсон талаар асуухад тэнд байсан нэг эмэгтэй ах дүү нараараа архи ууцгааж хоорондоо муудалцаж Б ийг түлхэж унагасан. Б унахдаа авдар мөргөсөн гэх зүйл ярьсан. Тухайн үед тархины гэмтлийн шалтгаант, тархины цус харвалт ухаангүй байдалтай гэсэн онош тавьж эмчилгээ хийсэн. ... Сумын эмнэлэгт ажилладаг хохирогчийн хамаатан гэх эмэгтэй Улаанбаатар хот руу хүргээд өгөөч, шатахууныг нь хийгээд өгье гэхээр нь зөвшөөрч Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэж өгсөн. Тухайн үед онош зөв тавьсан эсэхийг харах гээд компьютер томограф хийхэд нь хамт орсон чинь гэмтлийн гаралтай тархины цус хуралт гэмтэл мөн байсан учир хүлээн авах дээр хүргэж өгөхөд шууд хагалгаа хийлгэх шаардлагатай гээд бэлтгэл ажил хийж байсан учир би буцаад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 245-246 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2125 дугаартай:
1.Талийгаач Б.Б ийн биед тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун чамархайн хатуу бүрхүүлийн цусан хураа, тархи дарагдалт дагз ясны хугарал, тархины хатуу хальс дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
5.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6.Талийгаач нь ГССҮТ-д 3 хоног эмчлэгдсэн тул согтууруулах болон мансууруулах нэр төрлийн эмийн бодис, эм тариа хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.
7.Талийгаачийн цус нь OI бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 119-113 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн 1401 дугаартай шинжээчийн:
1. Ч.Б нь дасан зохицохын эмгэг, сэтгэл гутрал сунжирсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.Б ы дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно.
2. Ч.Б нь 2019.09.26-ны орой гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
3. Ч.Б нь хэргийн талаар зөв тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Ч.Б нь 2019.09.27-ны өдөр амь хохирогч Б.Б ийг ах С нь архины шилээр цохисон гэж эмч нарт ярьсан байгаа нь сэтгэцийн өөрчлөлт хямрал, өвчинтэй холбоотой болсон асуудлыг гуйвуулж худал ярих, ойлгоогүй андуурсан байх боломжгүй байна. Ч.Б нь дасан зохицохын эмгэг, сэтгэл гутрал сунжирсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэгийн үед өөрийгөө удирдан хянах чадвартай ба мэдүүлэг өгөх чадвартай болно гэх мэдүүлэг /2хх-94 тал/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 21-24/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зураг /1хх-ийн 29-35/, гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 41-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 43-45/, орны толгойнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 46-49/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 115-116/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 133-181, 198, 218, 219/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 217/, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /1хх-ийн 183-193/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /2хх-ийн 100/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Булган аймгийн .... гэх газар Б.Э ийн гэрт 2019 оны 09 дүгээр 26-ны орой Б.Б нь согтуугаар Б.Э ийг “хаваржааны газрыг малдаа идүүллээ” гэснээс үүдэлтэй Б.Э , Б.Б , Д.Б нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч маргалдах явцад Б.Б нь биедээ “тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун чамархайн хатуу бүрхүүлийн цусан хураа, тархи дарагдалт дагз ясны хугарал, тархины хатуу хальс дээрх цусан хураа” бүхий хүнд гэмтэл авч 2019 оны 09 дүгээр 27-ны өдөр Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2019 оны 09 дүгээр 30-ны өдөр нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нар нь хэргийн зүйлчлэл дээр маргаж, амь хохирогчийн хууль бус үйлдлээс санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас түүний амь биед халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хэрэгт амь хохирогч Б.Б ийг архины шилээр цохьсон үйлдэл нотлогдоогүй гэж мэтгэлцжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн нөхцөл байдлыг хянан үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.С гийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр 26-ны орой Э ахын гадаа очиход талийгаач өөрөө ирээд машинд суугаад “намайг Э ах авгайтайгаа зодлоо” гэж хэлээд уйлахаар нь шууд гэртээ харьсан. ...Гэртээ хариад Б “толгой өвдөөд байна” гэж хэлээд уйлаад байхаар нь толгойны эм авч өгөөд “эмч дуудах уу” гэж хэлсэн чинь “эмч хэрэггүй, ах дүү хүмүүс муухай, унтаад гайгүй болчих байх” гэж хэлээд хувцастайгаа газраар ор засуулаад унтах гэж хэвтээд түүнээс хойш сэрээгүй Улаанбаатар орж хагалгаанд ороод нас барсан. ...Хадам аав талийгаачийг зодож цохисон талаар ямар нэгэн зүйл яриагүй, хэлэхгүй байснаа хоёр эмчид хандаж С /Э / архины шилээр цохисон гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч Д.Д ын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 27-ны үдээс хойш Б ийн гэрт очиход сумаас ирсэн эмч нар ...“архины шилээр цохисон юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ?, ...яагаад хэлээгүй нуусан юм бэ гэж уурлаж байсан”-ыг сонссон тухай мэдүүлэг, гэрч Э.Ж ын: “...Б ахыг эмч үзээд толгойн баруун хойд хэсэгт 2 ширхэг зурагдсан, улайсан байхыг хараад энэ яасан бэ? гэж асуухад Б гуай өөрөө “С /Э / ах нь архины шилээр цохьсон” гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч Ж.Б-ийн өгсөн: “...тархины цус харвасан байж магадгүй гэж урьдчилсан онош тавьж цус тогтоох, хаван хөөх эмчилгээ хийж, аймаг руу мэдэгдэж зөвлөгөө авч байгаад би толгойн баруун талын чихний дээд хэсгээс хойшоо чиглэсэн нарийн улаан зураас 2 эгнээ гарсан байсныг Б эмчид харуулаад “энэ юу юм бэ?” гэж ар гэрийнхнээс нь ямар нэг зүйлээр цохисон уу? өөрөө ийм сорвитой юм уу? гэж хэлсэн чинь талийгаачийн аав Б гуайн “манай С..Х архины шилээр цохисон юм аа” гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч Б.Бямбадуламын өгсөн: “...аймаг руу дуудлага өгчихөөд удаагүй үзлэгээ үргэлжлүүлээд ...Б ийн эхнэрээс “зодоон хийсэн юм биш үү” гэж асуухад Б гуай “архины шилээр С цохисон” гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч Ц.Ц гийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуудлагаар Гурванбулаг суманд очсон. Үзлэг хийхэд Б нь ухаангүй, хөхөрч халуурсан байдалтай, биеийн байдал хүнд, комын байдалтай, амнаас нь эхүүн үнэртэж байсан. Юу болсон талаар асуухад тэнд байсан нэг эмэгтэй, ах дүү нараараа архи ууцгааж хоорондоо муудалцаж Б ийг түлхэж унагасан унахдаа авдар мөргөсөн гэж ярьсан тухай мэдүүлэг, гэрч Б.Б ийн: “...Б Б т хандаж “сохор гичий минь яах гэж энд буусан юм бэ” гэж бэлчээрийн маргаан ярьж эхлээд агсам тавьж, хэл амаар доромжлоод байхад нь Э ах Б ийг “боль” гээд гэрийн баруун хойморь хэсэг рүү түлхэж унагасан. Б унах үедээ толгойн ар хэсгээрээ орны толгой мөргөж унасан” тухай мэдүүлэг, гэрч Б.НямС гийн өгсөн: “...Б нь нутгийн нэг танихгүй залуутай хамт мотоцикльтой ирэхдээ нэлээн согтуу байсан. ...Б Э ийн эхнэрийг “сохор гичий” гэх мэтээр хэлээд Э эхнэрээ өмөөрч Б той маргалдаад байхаар нь гараад машиндаа суусан. ...Б ийг гэрт ор гэхээр нь яваад ортол гэрийн баруун хойморт орны залгаа хананд тулгаж тавьсан ширээг Э ийн эхнэр тэгшилж байсан, мөн ширээний урд газар архины шил унасан харагдаж байсан тухай мэдүүлэг, гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн: “...Талийгаач нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой ярихдаа нэлээд согтуу байдалтай “миний ахыг байхгүй болохоор эд нар чинь дээрэлхээд байна шүү дээ” гэж хэлээд согтуу орилоод байсан тухай мэдүүлэг, гэрч Ч.Б ы өгсөн: “...Б нь Э ийн эхнэрийг доромжлоод элдвээр хэлээд байсан учраас Э уурлаад тэр хоёр босож ирээд барьцалдаж авсан. Э Б ийг түлхэхэд толгойгоороо орны толгой мөргөсөн. Б босож ирээд Э тэй муудалцаад байхаар нь авч гарсан тухай мэдүүлэг, гэрч Д.Б ийн өгсөн: “...Тэгтэл удалгүй Б манай нөхөр Э ийг та манай хаваржааны газрыг идчихлээ гээд манай нөхөр бид хоёрт агсраад байхаар нь би гэрийнхээ баруун талд айраг бүлээд сууж байхдаа Б ийг “тэр газар манайх бууж болдоггүй юм уу, танай мал идээд манай мал идэж болдоггүй юм уу” гээд хэлчихсэн чинь Б намайг “дөрвөн нүдэт сохор гичий минь чи манай ахаас салаад зайл” гэх мэтээр хэл амаар доромжлоод над руу дайраад байсан чинь манай нөхөр намайг өмөөрөөд миний урдуур ороод Б ийг түлхчихсэн чинь хойшоо унасан тухай мэдүүлэг, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “...Нас барсан шалтгаан болсон гэмтэл нь ар дагзаараа унах, түлхэж юм мөргөх, ямар нэгэн хатуу зүйлээр цохих аль алинд нь үүсэх боломжтой. ...Архины шилний аль хэсгээр цохисон, шил хагарсан эсэх зэргээс шалтгаалан архины шилээр цохиход язрах, урагдах гэмтэл үүсч болно, үгүй ч байж болно. ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд талийгаач Б.Б ийн биед учирсан гавал тархины гэмтэл нь шүүгдэгч Б.Э ийн цохьсон, түлхсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас Б.Б ийн амь хохирч хүнд хор уршиг учирсан байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэдэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан” болохыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нарын өгсөн мэдүүлгээр Б.Э ийн эхнэр Д.Б ийг “дөрвөн нүдэт сохор гичий, чи манай ахаас салаад зайл” гэх мэтээр хэл амаар доромжилж дайрсан хохирогчийн хууль бус үйлдэл тогтоогдож байгаа боловч үүнээс үүдэлтэй Б.Э , Б.Б нарын хооронд үүссэн маргаан тодорхой хугацаанд үргэлжилж, барьцалдаж авсан зэрэг байдлаас үзэхэд хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд түүний санаа сэтгэл гэнэт цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-т заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрдэг хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргээс ялгагдана
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний амьд явах эрхийн эсрэг хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Э ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Э.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн 5 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Б.Э ийг төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин шүүхийн хэлэлцүүлэг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э ийн хүнийг алсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Э ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э эд 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э ийн цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Б ы Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э эд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.С нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э эд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНХАНД
Ж.ДЭЛГЭРМӨРӨН