| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 159/2017/0024/З |
| Дугаар | 159/ШШ2018/0004 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 159/ШШ2018/0004
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дугаар 35 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал дугаар 35 тогтоол гаргасан. Уг тогтоолоор манай компанид 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус сумын *******, Ороох, Золбихон, Цагаан хуст, Зээрэн, Барчин, Жаргалантын ам, Гурван ховил, Моностойн даваа гэх газарт “Эрчимжсэн мал аж ахуй, суурин маллагааны бүсээр “*******” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлүүлсүгэй” гэсэн дугаар 26 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосугай гэсэн байдаг.
1. Газрын тухай хуулийн дагуу тухайн газрын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй.
2. Сумын Засаг даргатай газар ашиглах гэрээ байгуулаагүй.
3. “*******” ХХК нь иргэдийн хадлан бэлчээрийг дур мэдэн хашаажуулсан.
4. Тус хурлын 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Суурин маллагааны бүсээс иргэдийн хадланг чөлөөлөх тухай 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй.
5. Тус хурлын 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мэдээлэл хэлэлцэх тухай 24 тоот тогтоолын 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор тариалан талбай тойруулж ухсан нүхийг булах тухай заалтыг биелүүлээгүй.
6. Тус хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “*******” ХХК-ийн хагас жилийн тайлан, цаашдын зорилтын талаар хэлэлцэх тухай 92 дугаар тогтоолын тариан талбайг тойруулж ухсан шуудуйг бүрэн булж дуусгах тухай заалтыг биелүүлээгүй.
7.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 174 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт “*******” ХХК-ийн үйл ажиллагаа нь Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Амьтны тухай хуулийг тус тус зөрчсөн тухай заасан байдаг.
8. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/239 тоот гэсэн байдаг.
Манай компанид эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал дугаар 35 тоот тогтоолын дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1.Газрын тухай хуулийн дагуу тухайн газрын хэмжээг тогтоогоогүй гэдэг нь огт худал юм. Манай компани 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргахдаа эзэмших газрынхаа хэмжээ, төлөвлөгөө барих бүтээн байгуулалтыг агуулсан кадастрын зургийг хавсаргаж өгсөн бөгөөд уг зургийн дагуу манай компанид газар эзэмшүүлэх 26 тоот захирамж гарсан байдаг. Мөн уг зургийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг.
2.Сумын Засаг даргатай газар ашиглах гэрээ байгуулах гэж удаа дараа хандсан боловч танай компанийн ашиглаж байгаа газраас төлбөр авдаггүй, тэгэхээр байгуулах шаардлагагүй, танай ашиглаж байгаа газрыг кадастрын зургаар баталгаажуулсан гэдэг.
3.Манай компани өөрийн эзэмшиж байгаа тариалангийн талбай болон эрчимжсэн мал аж ахуй, суурин мал, маллагааны бүсийг хулгай болон бусад асуудлаас урьдчилан сэргийлж хамгаалж хашаа барьсан. Өөрийн эзэмшээгүй газрыг хашаажуулсан асуудал огт байхгүй.
4.2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Суурин маллагааны бүсээс иргэдийн хадланг чөлөөлөх тухай 08 дугаар тогтоол, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн мэдээлэл хэлэлцэх тухай 24 тоот тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “*******” ХХК-ний хагас жилийн тайлан цаашдын зорилтын талаар хэлэлцэх тухай 92 дугаар тогтоолыг манай комданид огт мэдэгдэж байгаагүй. Манай компанид зөвхөн өөрсдийн хуулийн дагуу эзэмшиж байгаа талбайн хэсгээ л хулгайн болон бусад асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж Иргэний хуулинд заасан эзэмшигчийн эрхийнхээ хүрээнд хашаажуулсан бөгөөд бид өөрсдийн эзэмшээгүй талбайг хашаажуулсан, хамгаалалтанд авсан асуудал байхгүй.
5.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 174 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт “*******” ХХК-ний үйл ажиллагаа нь Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Амьтны тухай хуулийг тус тус зөрчсөн тухай заасан байдаг гэжээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 174 тоот албан бичигт дээрх хуулиудыг зөрчсөн тухай ямар ч заалт байхгүй бөгөөд шинэчлэн баталсан хуулиудад нийцүүлж ажиллах тухай бичсэн байдаг. Мөн уг бичигт хуулиудад нийцэхгүй байгаа дурдсан бөгөөд хуулийн ямар заалт зөрчигдсөн тухай нэг ч өгүүлбэр бичигдээгүй байхад зөрчсөн гэж тогтоол гаргаад байгаа иргэдийн Төлөөлөгдчийн хурлын үйлдэл, үйл ажиллагаа нь ойлгомжгүй байна.
6.2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 26 дугаар тогтоол гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.3, Газрын тухай хуулийн 52.4 дэх заалтыг барьсан бөгөөд дээрх заалтууд нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал газар хүчингүй болгох эрх олгосон заалтууд биш юм.
2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 26 дугаар тогтоол гарч манай компанид 13.297 га газар эзэмшүүлсний дараа бид тухайн газарт олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, хэдэн зуун худаг гаргаж, олон хүнийг ажлын байртай болгож, эх орондоо эрүүл хүнс, тариа будааг бий болгох, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж, улсын төсөвт мх хэмжээний татвар төлсөн. Өөрсдийнхөө гаргасан тогтоолыг хуулинд байхгүй огт худал үндэслэл заан хүчингүй болгож байгаа үйлдэл нь өөрт байгаа эрх мэдлээ давуу тал болгон хувийн хэвшлийг хууль бус аргаар хохироох гэсэн үйлдэл гэж үзэж байна.
Иймээс манай компаний зүгээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, уг хууль бус тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Цаашлаад хууль бус тогтоол гаргасан албан тушаалтнуудаас Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулинд заасны дагуу учирсан хохиролоо нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч Н.Барамсай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1. Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 26 дугаар тогтоолд Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх суурин маллагааны бүсээр тус сумын нутаг *******, Ороох, Золбихон, Цагаан хуст, Зээрэн, Барчин, Жаргалантын ам, Гурван ховил, Моностойн даваа гэх 9 байршил тогтоосон боловч газрын тухай хуулийн 52.6 дахь заалт газрын хэмжээ болон ашиглуулахтай холбогдсон журам байхгүй. Уг газрын хэмжээ төлөвлөгөө, кадастрын зураг хавсаргаж өгсөн бол тогтоол дээр тусгагдаж хавсралтаар баталгаажсан байх ёстой боловч хавсаргасан материал байхгүй болно.
2.Газрын тухай хуулийн дагуу сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй өнөөдрийг хүрсэн нь хууль зөрчиж байгаа бөгөөд тухайн үеийн Засаг дарга Л.Амарсайхан 2017 оны 06 дугаар сарын 30-ны хуралдаан дээр оролцогчоор сууж 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 26 дугаар тогтоолоор олгосон суурин маллагааны бүсийн газрын хэмжээ тодорхой бус гэрээ байгуулах хүсэлтээ өгч байсан боловч “*******” ХХК-ийн тогтоол гарсан учраас ирж байгуулаагүй гэж хэлж хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.
3. Хурлын ажлын албанд өнөөдөр малчин, мал бүхий иргэдийн 39 хүний хадлан бэлчээртэй холбоотой өргөдөл, гомдол ирсний дагуу ажлын хэсэг байгуулагдаж тухайн ажлын хэсэг 2010 оноос хойш гарсан хурлын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилт, биелэлтийн талаар сумын байгаль орчин, газрын албатай хамтран газар дээр нь явж танилцсан.
“*******” ХХК нь Түшиг суманд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жилийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас гарсан тогтоол шийдвэрүүдийг биелүүлдэггүй 2007 онд олгосон үтрэм барих зориулалттай 2.2 га газар өнөөдрийн байдлаар 25 болж нэмсэн зэрэг асар их зөрчил гарган ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сар хүртэл Нам даваанаас Барчин, Зээрэн хүртэл иргэдийн хадлангийн талбай, ан амьтаны сэлгэн нүүдэллэх жим, уст цэг, мал амьтны хужир мараг дур мэдэн хашаажуулж 3.5 метр зайтай 4-5 үе өргөст торон хашаа барьж хашааны нийт урт 35.972 метр мөн 2009-2014 хүртэл тариалангийн талбайг хамгаалах нэрээр ухсан шуудуйны хэмжээ 1-1.5 метр өргөнтэй, 1.5-2.2 метр гүнтэй нийт 10.601 га атар газар ухаж хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг байгуулсан тогтоол, Түшиг сумын Байгаль Орчны Улсын байцаагчийн илтгэх хуудсыг баталгаажуулж хавсаргав.
4. Тус хурлын 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Суурин маллагааны бүсээс иргэдийн хадланг чөлөөлөх тухай” 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй. Тухайн хуралд “*******” ХХК-ийн захирал Л.Чинбат утсаар мэдэгдсэн боловч оролцоогүй. Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлийг баталгаажуулж хавсаргав.
5. Тус хурлын 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдээлэл хэлэлцэх тухай” 24 дүгээр тоот тогтоолын 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор тариан талбай тойруулж ухсан нүхийг булах тухай заалтыг биелүүлээгүй. Тухайн хуралд “*******” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн биеээр оролцож илтгэл тавьж хэлсэн үгнүүд нь хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байдаг. Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлийг баталгаажуулж хавсаргав.
6. Тус хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “*******” ХХК-ийн хагас жилийн тайлан, цаашдын зорилтын талаар хэлэлцэх тухай” 92 дугаар тогтоолын тариан талбайг тойруулж ухсан шуудууг бүрэн булж дуусгах тухай заалтыг биелүүлээгүй. Тус хуралд “*******” ХХК-ийн Түшиг сумыг хариуцсан дарга Б.Эрдэнэдаваа өөрийн биеэр оролцсон. Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлийг баталгаажуулж хавсаргав.
7. “*******” ХХК нь сумын малчин, мал бүхий иргэдийн хадлангийн маргаан жилээс жилд хурцдаж төрийн байгууллагын ажилчид, албан хаагчдын тавьсан албан шаардлага өөрсдийн барьсан хашааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор барьж байна гэсэн тайлбар өгдөг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 147 тоот хариуд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Амьтны тухай хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэсэн хариу ирсэн.
8. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/239 тоот шалгалтаар “*******” ХХК-д хугацаатай албан тоот өгсөн бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол гарсан боловч газрыг ашиглуулахтай холбогдсон журам тогтоон гэрээ байгуулаагүй гэсэн хариу тоот ирсэн гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрэлийн гэрээндээ: Талууд дараах нөхцлүүдийг харилан хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрэлийн гэрээг байгуулж байна.
1.”*******” ХХК нь эрчимжсэн мал, аж ахуйн бүсэд барьсаннам давааны эхээс замын зүүн талын хашаа хуучин гүүр, карьертай энгэр хүртэлх хашааг 2018 онд багтааж буулгах,
2.”*******” ХХК нь Ороохын амыг төв замаас 100 м хааж хашаа татах, Ороохын хашаанаас доош тугалын байрны жалганы урд талын хашаа хүртэл 2-3 давхар хашааг 2018 онд багтааж буулгана,
3.Барчин уулын араас Сүүл толгойн эх, Хужирт, Хүйтэн орчмын тариан талбайг тойруулж ухсан нүхийг 2018 онд багтааж булах,
4.Зөвшөөрөлгүй ухсан нүх, карьерийг 2018 онд булж, нөхөн сэргээлт хийх,
5.Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 35 тоот тогтоолыг хүчингүй болгож, Эрчимжсэн мал аж ахуйн бүсийн хилээр “*******” ХХК нь эзэмшүүлэх, ашиглуулах,
6.”*******” ХХК нь эрчимжсэн мал, аж ахуйн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн малчдын үүлдэр угсааг сайжруулах, махны үйлдвэрт орон нутгийн малчдын махыг худалдан авч, эдийн засгийн хувьд дэмжих эхний гурван жилийн хугацаанд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолын хоёрт заасан саналуудыг тусгаж орон нутагтай харилцан тохиролцож нийгмийн хариуцлагын гэрээ 2018 оны 01 дүгээр улиралд багтаан байгуулах,
7.Түшиг сум нь “*******” ХХК, түүний салбар нэгжүүдийг эрчимжсэн мал аж ахуйн бүсэд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, саад болохгүй байх, холбогдох бичиг баримтуудыг хуулийн дагуу гаргаж өгөх,
8.Түшиг сумын иргэдийн Төлөөлөгдчийн Хурал нь 0-18 дугаартай 53 га польны доод хэсгээс цагаан даваа тал руу замын баруун талд иргэдийг хадлан хийлгэж болно, замын зүүн тал руу хадлан хийлгэхгүй,
9.Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрчимжсэн мал аж ахуйн бүсэд журам гарган хэрэгжүүлэх,
10.”*******” ХХК нь эрчимжсэн мал аж ахуйн бүсэд эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа хашаа барихгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Захиргааны хэрэгт талууд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Эвлэрэлийн гэрээ” байгуулж байх тул талуудын эвлэрэлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дугаар 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, бусад нөхцлүүдийг тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан тул талуудын эвлэрэлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дугаар 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардалага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА