Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 344

 

А.Хэрлэнзоригийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01132 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг,

Хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Капитал банкны гүйцэтгэх захирлын 553 дугаар тушаалаар “Бага тойруу” салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр албан тушаалыг өөрчилж, Капитал банкны Чингэлтэй тооцооны төвийн захирлаар томилсон. Гэтэл Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 тоот тушаалаар захиргааны санаачилгаар “Чингэлтэй тооцооны төв”-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийм учраас Капитал банкны Хүнсний 4 салбарын харьяа, Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 тоот тушаалаар А.Хэрлэнзоригийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнд сахилгын шийтгэлийг давхардуулсан зүйл байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан зөрчил, ажлаас чөлөөлсөн тушаал дээрх зөрчил бол 2 тусдаа юм.

Ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэлийг маш тодорхой дурдсан байдаг. Тухайлбал, зээлийн хорооны даргын үүргийг хангалтгүй биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа газрыг барьцаалаагүй байх гэх мэт зөрчил гаргасан байсан. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулах тухай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1998 тоот тушаал дээрх хяналтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлээгүй гэдэгт газрыг давхар барьцаалаагүй үндэслэл байхгүй бөгөөд 12 дугаар сард дотоод аудитын шалгалт хийгээд маш олон зөрчлийг илрүүлсэн байдаг.

Эдгээр зөрчлүүдтэй холбогдуулан А.Хэрлэнзоригийг салбарын захирлын хувьд хангалтгүй ажилласан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг тушаалтай А.Хэрлэнзориг танилцаад гарын үсэг зурсан бөгөөд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Хэрлэнзоригийг урьд эрхэлж байсан ажил буюу Капитал банкны Хүнсний 4 салбарын харьяа, Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 7 606 104 төгрөгийг хариуцагч Капитал банкнаас гаргуулж, нэхэмжлэгч А.Хэрлэнзоригт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Хэрлэнзоригийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Капитал банкинд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Капитал банкнаас 136 647 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийи 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тодорхой заасан байдаг.

А.Хэрлэнзоригийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Капитал банкны гүйцэтгэх захирлын тушаал нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын хүрээнд гарсан байгаа тул А.Хэрлэнзоригийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан А.Хэрлэнзоригийг Чингэлтэй тооцооны төвийн захирлаар томилогдон ажилласнаас хойш дахин зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үндсэн цалинг 1 сарын хугацаатай, 20 хувь бууруулах шийтгэл авч байсан талаар маргаагүй бөгөөд Капитал банкны зүгээс 2 дахь сахилгын зөрчилтэй холбоотой баримт буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэр, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээл, барьцааны гэрээ болон Зээлийн үйл ажиллагааг зохицуулах ерөнхий журмыг нотлох баримтаар гаргаж, хэрэгт хавсаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 553 дугаар тушаалаар тус байгууллагын Чингэлтэй дүүргийн Бага тойруу салбарын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1198 дугаар тушаалаар тус банкны Чингэлтэй тооцооны төвийн захирлаар томилогдсон, талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, улмаар гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 дугаар тушаалаар Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон, талууд энэ талаар маргаагүй. /хх 38-43/

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 362 дугаар тушаалын үндэслэлийг ажилтан А.Хэрлэнзориг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа газрыг барьцаалаагүй зээлийг баталж, зээл олголтод хяналт тавих  салбарын захирлын үүргээ биелүүлээгүй, зөрчлийг арилгуулахаар өгсөн үүргийг биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 Ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь /хх 74-81/ А.Хэрлэнзоригийг салбарын захирлын хувьд хяналт тавих үүргээ зөрчсөн гэдгийг шууд нотлохгүйгээс гадна түүнийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажил үүргийг гүйцэтгэхдээ салбарын захирлын хувьд арилгах алдаа зөрчлийг арилгаагүй гэж буруутгах боломжгүй юм.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч байгууллагын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 дугаар тушаал үндэслэлгүй болжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалингийн хэмжээгээр тооцож олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ