Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00340

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар, /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 3-02 тоот хаягтай, /Регистрийн дугаар МБ:80030304, утас- 99307949, 99238296/ Сартуул овогт Тунгалагийн Баярмаад холбогдох 170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3-р багийн 1 дүгээр хэсгийн 3-2 тоот хаягт оршин суугч Сартуул овогтой Тунгалагын Баярмаа нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн газарт төмс хүнсний ногоо тарилах зорилгоор 200.000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 170.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2012 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 200.000 төгрөгний зээл авч 2012 оны 11 дүгээр сард эргэн төлөх нөхцөлөөр авсан. Үүнээс 30.000 төгрөг төлж үлдэгдэл 170.000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Тухайн үед зээлээ төлөх үед биеийн байдал муудсан байсан учир төлж чадаагүй. Одоо үлдэгдэл зээлээ төлж барагдуулахад татгалзах зүйл үгүй болно. 170.000 төгрөгөө төлж барагдуулна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Т.Баярмаагаас 170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Баярмаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Т.Баярмаагаас 170.000 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Баярмаа нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ