Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 0118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                      Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Б.Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 03 сарын 14-ний өдөр Ц.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 -Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Г бид хоёр 2017-2019 оны хугацаанд хамтран амьдарч байсан. 2020 оны 03 сарын 14-ний өдөр 20 цагийн орчим гэртээ байж байхад Г манай гэрт ирээд бид хоёр нэг шил архи, 1 лааз пиво хувааж уусан. Улмаар түүний найз охин Г манай гэрт түүнийг авах гэж ирснээс үүдэн хэрүүл маргаан гарсан. Г миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 28 хуудас/

Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Ц.О-ийн гэрийн хаалгыг тогшоод ортол Г байсан. Намайг ороход О, Г 2 их согтуу байсан бөгөөд тэр 2 хоорондоо зодолдоод байсан. О нь Г нүүрэн тус газар маажсан, үснээс нь зулгааж цохисон. Харин Г, Ц.О-ийн нүүрэн тус газар нь цохисон гэсэн мэдүүлэг /хх 29 хуудас/

2020 оны 03 сарын 16-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 293 дугаартай: Ц.О-ийн биед нүүр баруун нүдний алимны салст, дээд, доод уруулын дотор салст, баруун гарын бугуй, сарвууны ар хэсэг, зүүн гарын бугуйн дотор талд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх 18-19 хуудас/

-Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад би хуучин найз охин О-ийн гэрт очсон бид хоёр нэг шил архи тэгээд хоёр пиво хувааж уусан. Тэгээд бид хоёр ярилцаад би О-д эхнэртэй болсон эхнэр жирэмсэн одоо манай ээж, аав руу битгий залгаж байгаарай гэж хэлэх гэж уулзсан юм. Гэтэл хаалгыг нь тогшсон О хаалгаа онгойлгоход манай эхнэр Г зогсож байсан. Тэгээд О эхнэр чинь ирчихлээ яв гэсэн тэгсэнээ уурлаад хараагаад байхаар нь би О-тай маргалдсан гэтэл О намайг нүүрэн тус газарт маажиж, толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Манай эхнэр Г-ыг цохисон тэгэхээр нь би нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж барьцалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 45-46 хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 34 хуудас/

 -Б.Г-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44, 45-46 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч нь 2020 оны 03 сарын 14-ний өдөр Ц.О-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 03 сарын 14-ний өдөр Ц.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргадах явцдаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Г миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 28 хуудас/, гэрч П.Г “Г, Ц.О-ийн нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх 29 хуудас /, хохирогчийн биед нүүр баруун нүдний алимны салст, дээд, доод уруулын дотор салст, баруун гарын бугуй, сарвууны ар хэсэг, зүүн гарын бугуйн дотор талд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 293 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

прокуророос шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Хохирогч Ц.Октябрь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.