| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0103/э |
| Дугаар | 0125 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 0125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Урьд ял шийтгэл эдэлж байсан С.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Одонгэрэлийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, довтлон хүзүүнд нь зүүлттэй байсан мөнгөн гинжийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн, согтуугаар ийм зүйл хийсэндээ гэмшиж байна гэв.
-Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... “..2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим ажлаа тараад найз Т гэрт очсон. Т-ийн найз О гэх залуу Н-ын хамт 750 граммын архитай гаднаас орж ирсэн. Авчирсан архийг нь Т хундагалаад байж байтал Н гэх залуу би ийм юмаар уудаггүй шоронд стаканаар уудаг гэхээр нь стаканд хийгээд өгтөл амсаад буцаагаад өгсөн. Удалгүй Н намайг хоёулаа гараад уулзаадахъя гэхээр нь би дагаад гэрээс гартал миний зүүж явсан гинжийг сонирхъё гээд тайлж авах гэхээр нь чамд яахаараа гинжээ өгөх ёстой юм гэж хэлээд бие рүү нь түлхтэл Н “миний хүзүүнд байсан гинжийг тасдаж аваад чамайг ална шүү гээд миний толгой руу нэг удаа гараараа цохисон. Би Т-ийн гэр рүү гүйж ороод энэ залуу чинь “миний гинжийг тасдаж аваад намайг цохчихлоо” гэсэн чинь О, Т хоёр гэрээс гарсан, О, Н-т хандаж “гинжийг нь өг би чамд мөнгө өгье” гэсэн чинь өгөхгүй гээд О-той маргалдаад байсан. Н-ыг арай гэж гэрт оруулсан чинь миний гинжийг оймсныхоо түрүүнд нуучихсан гаргаж өгөхгүй байсан. Т-ийн эхнэр миний гинжийг Н-аас авч өгөх гэтэл чи яасан өлөн нүдтэй юм гээд үсдэж аваад гараас нь миний гинжийг булааж аваад зугтаасан гэх мэдүүлэг /хх 6 хуудас /
Гэрч Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:.. “..намайг гэртээ байхад гаднаас манай нөхрийн найз О, нэг залуугийн хамт орж ирсэн. Н гэх залуу О-ийг хоёулаа гараад уулзаадахъя гээд дагуулаад гарсан. Хэсэг хугацааны дараа О найз чинь миний гинжийг авчихлаа гээд орж ирэхээр нь О би гараад аваад өгье гээд гарсан боловч Н гэх залуу гинжийг нь гаргаж өгөхгүй байсан .. Н гинжийг нь аваад нуучихсан байсныг нь би хараад өг гэж хэлсэн, тэгээд газарт унасан гинжийг авсан. Н надад уурлаж миний үснээс татаад миний гарт байсан О-ийн гинжийг аваад зугтаасан гэх мэдүүлэг /хх 8-9 хуудас/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... “..Би Н-ын ээж нь байна. Хохирогч гэх хүний данс руу хохирлын мөнгө 100.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5096288159 тоот данснаас шилжүүлсэн..” гэх мэдүүлэг/хх 50-51 хуудас/
Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..О-той хамт ирсэн залуу О-ийг дагуулаад гараад явсан. Удалгүй О орж ирээд найз чинь миний гинжийг өгөхгүй байна гэж хэлсэн. О нөгөө найзынхаа хувцсыг шалгахад мөнгөн гинж гарч ирсэн. Манай эхнэр Л гинж нь унаад ирлээ гээд газраас авсан чинь яадаг гичий вэ гээд үснээс нь зулгаасан. Тэгээд гараад явсан. О гаднаас орж ирэхэд хамар, амнаас нь цус гарчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх 53-54 хуудас/
“Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2019 онь 12 сарын 19-ний өдрийн 192 дугаартай шинжээчийн “..эрэгтэй хүний мөнгөн гинжийг 100.000 төгрөгөөр үнэлэв..” гэх дүгнэлт /хх 12 хуудас/
-Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр би найз О болон түүний дүү гэх залуугийн хамт архи уусан байсан, тэгээд бид гурав О-ийн найзынд очихоор болсон ба О дүүгийнхээ хамт түрүүлээд найзынх руугаа Дэнж баг руу явсан, харин би араас нь такси бариад явсан юм. О тэр айлд орохдоо 750 граммын архи авсан байсан түүнийгээ уухаар болсон ба тухайн айлд 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан, тэр байсан хүмүүс нь согтуу байсан байх бид бүгдээрээ тэр архийг уусан тэгтэл нэг мэдэхэд би гадаа гарчихсан байсан, яагаад гадаа гарсан гэдгээ санахгүй байна, би их согтсон байсан. Тэгээд намайг тал талаас цохиж зодоод байсан. Надаас гинж гаргаж өг гээд нэг залуу нь намайг цохиод байхаар нь би гинж аваагүй гээд гэрт нь ороод ямар ч байсан гутлаа тайлаад нэгжүүлсэн. Тэгээд би тэр айлаас гараад гудамжинд явж байхад эргүүлийн цагдаа машинтай ирсэн чинь О, нэг хүүхний хамт сууж байсан, надаас О чи тэр гинжийг нь гаргаад өгчих гээд байсан, эд зүйлийн үнэлгээгээр гарсан 100.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх 35-36 хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 64 хуудас/
-С.Н-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30,31-34 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.О-ийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, довтлон хүзүүнд нь зүүлттэй байсан мөнгөн гинжийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн ялыг нэмж нэгэтгэн нийт 3 жил 3 сар 21 хоногийн хорих ял оногдуулах санал гаргаж гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, 44 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 1 удаагийн үйлдэл зэргийг харгалзан үзэж хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Ял эдлэх дэглэмийн талаар ямар нэгэн саналгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.О-д хүч хэрэглэж хүзүүнд нь зүүлттэй байсан мөнгөн гинжийг дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “..Н миний хүзүүнд байсан гинжийг тасдаж аваад чамайг ална шүү гээд миний толгой руу нэг удаа гараараа цохисон...гэсэн мэдүүлэг /хх 6 хуудас/, гэрч нарын мэдүүлэг, “Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 192 дугаартай шинжээчийн “..эрэгтэй хүний мөнгөн гинжийг 100.000 төгрөгөөр үнэлэв..” гэх дүгнэлт /хх 12 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н нь хохиролд 100.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Н нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 44 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.