Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын  нэхэмжлэлтэй  

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Дээжийн 12-1 тоотод оршин суух 1957 онд төрсөн 59 настай Боржигон овогт Лувсанжамъянгийн  Эрдэнэбилэгт  холбогдох зээлээр улаан буудайн үр худалдан авсаны төлбөр 16488000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, хариуцагч Л.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Л.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн үрийн салбараас Монгол улсын засгийн газрын 2015 оны 154 дүгээр тогтоол, Шадар сайдын 2015 оны 52 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны “Маш нууц” 02 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 119 дугаар бүхий “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох” гэрээг ОБЕГ-ын Улсын нөөцийн газартай байгуулсан. Гэрээний дагуу 20 тонн үрийн улаанбуудайн нийт үнийн дүнгийн 30 хувь болох 4.800.000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 70 хувь болох 14 тонн улаанбуудайн үнэ 11.200.000 төгрөгийг гэрээ дуусгавар болох 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бэлэн мөнгөөр төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс Улсын нөөцөд байх үрийн улаанбуудайг нөхөн бүрдүүлэх боломжгүй болсон. Л.Эрдэнэбилэг нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүйгээс Онцгой байдлын ерөнхий газар нь Улсын санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээг тасалдуулаад байна. Иймд дээрхи иргэнтэй холбоотой авлагыг барагдуулж Улсыг хохиролгүй болгож өгнө үү. Иймд хариуцагч иргэн Л.Эрдэнэбилэг-ээс Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул зээлээр авсан буудайны үлдэгдэл үнэ, төлбөл зохих 7200000 төгрөг, Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 хэсэгт заасан алданги болох 9288000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатаас: .....Л.Эрдэнэбилэг гуайтай би биечилж уулзаж байсан. Уулзахдаа та энэ ондоо багтаагаад 7200000 төгрөгөө төлөөрэй. 2016 оны 11 дүгээр сарын 15-наас хойш Алданги тооцоод явна. Шүүх дээр шийдэгдэнэ тийм болохоор та ондоо багтаад 7200000 төгрөгөө төлөөрэй гэж хүссэн. Одоогийн байдлаар үндсэн төлбөр нь 7200000, алданга нь 9288000 байгаа. Алдангиа манайх татгалзахгүй гэв. Гэхдээ энэ ондоо багтаагаад 7200000 төгрөгөө төлнө гэх юм бол манайх алдангийн 9288000 төгрөгийг нэхэмжлэлд гаргасан дүнгээсээ хасаж болно гэв.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хаврын тариалалтанд 20 тонн буудайг 1 тонныг нь 800000 төгрөгөөр бодож нийт 16000000 төгрөг болсон. Үүний урьдчилгаа 30 хувь 4800000 төгрөгийг төлж үлдэгдэл 11200000 төгрөгийг 2015 оны хаврын ургацаар төлөхөөр гэрээ хийсэн боловч 2015 онд ургац алдаж төлж чадаагүй 2016 оны 03 дугаар сард 4000000 төлж үлдэгдэл 7200000 төгрөгийг төлж чадаагүй. 2016 онд 50 га-д рапс тарьсан боловч ургаагүй өрөө төлж чадахгүйд хүрсэн иймээс 7200000 төгрөгийг өөрийн бололцоогоор төлж 2016 оны 12 дугаар сараас өмнө 2400000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 4800000 төгрөгийг даруйхан төлж улсын нөөцийн үрийн салбарыг хохиролгүй болгоно. Жич 7200000 төгрөгний алданги болох 9288000 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

           

Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газар нь хариуцагч Л.Эрдэнэбилэгээс зээлээр улаан буудай худалдан авсаны үлдэгдэл өр 7200000 түүний алданги 9288000 төгрөг нийт 16488000 төрөг нэхэмжилжээ.Хариуцагч Л.Эрдэнэбилэг нь  2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох” гэрээг ОБЕГ-ын Улсын нөөцийн газартай байгуулсан. Гэрээний дагуу 20 тонн үрийн улаан буудайн нийт үнийн дүнгийн 30 хувь болох 4800000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 70 хувь болох 14 тонн улаан буудай нэг тонныг нь 800000 төгрөгөөр тооцон бүгд үнэ 11200000 төгрөгийг гэрээ дуусгавар болох  хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх үүрэг хүлээсэн гэрээг зохигчдийн хооронд хийжээ. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан ба хариуцагч Л.Эрдэнэбилэг 2016 оны 03 дугаар сард 4000000 төлсөн  үлдэгдэл 7200000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. 2015 онд байгаль цаг уур, гантай жил байснаас ургац алдаж, гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж тайлбарлана. Нэхэмжлэгч тал Л.Эрдэнэбилэг олон жил  харилцаж байгаа нь найдвартай харилцагч нарын нэг байсан ургац алдсан нь үнэн, ондоо багтааж үндсэн төлбөрөө төлчихвөл алданги хасч тооцох боломжтой гэж тайлбар мэдүүлнэ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулахдаа гэрээ байгуулахдаа хэлбэрийн шаардлагыг хангаж бичгээр байгуулсан боловч агуулгын хувьд .....иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан 263.2-д заасан гэрээний нөхцөлд заавал тусгах, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээг заасан атлаа түүнийг хэсэглэн төлөх, төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ тодорхойлоогүй нь, хуульд нийцээгүй худалдагч тал гэрээний нөхцлийг зөрчсөн байна. Гэрээний 4.2.8-д алданги тооцохоор тусгасан. Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, мэдүүлэг болон  хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгах нь үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлийн үндсэн төлбөр 7200000 төгрөгийг, алдангийг  1050000 төгрөгийг тус тус гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Боржигон овогт Лувсанжамъянгийн  Эрдэнэбилэгээс зээлээр улаан буудайн үр худалдан авсаны 7200000 төгрөг, алданги 1050000 төгрөг бүгд 8250000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газарт олгосугай.  

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү нэхэмжилсэн 8238000 төгрөгний шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Л.Эрдэнэбилэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 147430 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар Онцгой байдлын ерөнхий газрын гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөгдөхийг дурьдсугай.

5.Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         6.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ