Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 64

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Б.Б , Э.Л , тэдгээрийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Л  нарт  холбогдох эрүүгийн 1915003410052 дугаартай, 163/2020/0061/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүү нарын хамт Б ...  оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Э-ын Л.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Б ...........  тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б  овогт Б-ын Б.

Шүүгдэгч Э.Л  нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ...ы нутагт хохирогч С.С тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ...ы  нутагт хохирогч Э.С тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Л  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Эрүүгийн 1915003410052 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч С.С ын өгсөн: “...Тэгсэн хамт явсан найзууд нь “манай найзыг та нар зодлоо” гээд орилж хашгираад байхаар нь бид 3 яваад очиход С ыг 5-6 залуучууд газар унагаачихсан тал талаас нь зодож байсан. Тэгээд “та нар больцгоо, яаж байгаа юм” гээд салгах гэсэн бид дөрвийг дөрвөн тийш нь салгаад дундаа хийж байгаад зодсон. Намайг 3 хүн зодсон ба Т  гэж хүний хүүхэд намайг “та яагаад байгаа юм” гэхээр нь “чи зүгээр цаанаа байж бай” гээд түлхчихсэн чинь өөр нэг залуу элэг рүү өшиглөөд би элгээ тэврээд газар хэвтчихсэн юм. Тэгсэн хатуу ултай гутлаар миний зүүн талын эрүүрүү 2 удаа өшиглөөд эрүү сонин болчихоор нь нүүрээ дараад доошоо хараад хэвтээд байсан. Тэгсэн дээрээс өшиглөөд дэвсээд зодсон. Цаанаас Б  босож ирээд “та нар больцгоо” гэсэн нөгөө залуучууд зугатаагаад мотоцикпио асаагаад явсан. Босоод иртэл миний зүүн талын эрүү нэг их сонин зуунгатчихаад байсан ба хугарсан бололтой хавдсан. ...гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,

Хохирогч Э.С ын өгсөн: “...Тэр хүүхдүүдийн дотор манай аавын төрсөн дүүгийн хүүхэд Б.П  сууж архи уучихсан байхаар нь би очоод тэр дүүгээ “юунд архи дарс уугаад байгаа юм” гээд 1 алгадчихаад цааш нь дагуулаад “битгий архи дарс уугаад бай” гээд яриад байж байтал манай дүүтэй хамт явсан Б  гэх залуу ирээд миний нүүрлүү гараараа 1 удаа цохиод унагаачихсан ба дээрээс 3-4 хүн шаваад л хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсон. Би гараараа нүүрээ дараад хэвтсэн гарыг маань татаж нүүрийг маань ил гаргаж байгаад нүүрлүү өшиглөж зодсон. Тэгж байгаад л мотоцикпио асаагаад зугтаагаад явцгаасан ба босоод ирсэн нөгөө хэдийг маань бас зодсон байсан. Тэгээд бид нар харихаар явж байхад цагдаагийн ногоон хашааны тэнд явж байгаад тэр залуучуудтай дахиж таарсан. Тэгсэн тэд нар 7-8-улаа явж байгаад бүгдээрээ нийлээд С , Б  бид нарыг дахиж зодсон. Тэд нар бүгдээрээ гар гартаа чулуу мод барьчихсан явж байгаад түүгээрээ цохиж зодсон. ...Ингэж зодуулсаны улмаас миний биед хамарын яс хугарсан, зүүн нүдний ухархай яс цөмөрсөн, хүзүүний зүүн талд 1 нь хазсан байсан ба тэр нь эдгэрчихсэн, банзаар цохиулсанаас болж зүүн нүдний хөмсөг духны хэсгийн хамар язарч түүндээ 8 оёдол тавиулсан. Одоо бол толгой л хааяа нэг эргэж, хамар битүүрэх зовиур байна. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 тал/,

Гэрч Г.Г ын өгсөн: “... Тэгээд бууж ирээд “архи байна уу” гээд асуухаар нь байхгүй дуусчихсан гэсэн. Тэгсэн С  ах П ын хамаатан ах юм билээ. Тэгээд дүүгээ “яагаад архи дарс уугаад байгаа юм” гээд гараараа П ын нүүрлүү 2-3 удаа цохисон. Тэгсэн С , О  нар тэр хоёрыг буруугаар ойлгосон уу яасан П луу О , С  нар нь томроод маргалдаад байсан. Тэгсэнээ С  нь “40 хүрч яваа миний санааг та нар гүйцэхгүй шүү” гээд явчихаар нь би араас нь хараад байсан машин дээрээсээ лоом аваад буцаад ирэхээр нь би тосож очоод “та юу бариад яваа юм” гэхэд модны ард тавьсанаа эргэж харангуутаа лоомоо бариад авахаар нь Л  “хүн аллаа шүү дээ лоомоор яах гэж байгаа юм” гээд С  ахыг араас нь бариад авахаар нь би лоомыг нь булааж аваад машин доогуур нь хийчихсэн. Тэгсэн Л  С  ахыг гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би Л ын хамт нөгөө хэд дээр очиход С  ах Б ийг доороо хийчихсэн ганцаараа зодож байсан. Тэгсэн Э  , Н  2 ирээд С  ахыг хоёулаа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд тэнд бөөнөөрөө зодолдож байсан О  ах уу С  ах уу гүйж очоод 31 машин асаагаад бид нарыг хөөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 55-57 тал/,

Гэрч Б.П ын өгсөн: “...С  ах намайг “гэртээ хариач, архи дарс уулаа” гээд шанаа руу 2-3 удаа цохисон. Тэр хооронд С  ахтай хамт явсан найзууд нь манай нөгөө найзууд руу агсраад бужигнаад байхаар нь очиход зодолдож байсан. Тэгээд би хамаатны ах байсан болохоор зодолдоогүй салгаж явахад Б ийг доороо хийчихсэн О , С  нарын аль нэг нь С тай хамт зодолдож байсан. Тэгээд С  ах лоомдож ална гээд машин руугаа яваад эргээд ирэхэд нь Г , Н  хоёр гартаа барьсан байсан лоомбыг нь булааж аваад машиных нь доогуур нууж тавьсан. Тэгээд С  ах хашгираад явж байхад нь Л  очоод тэр хоёр зодолдоод байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн хэн зодолдож байгааг сайн хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 62 тал/,

Гэрч Т.Э  ын өгсөн: “...Тэгсэн Б , С  ах 2 эхнэрийнх нь талаар хамаардаг гэх юм яриад байх шиг байсан ба О  ах ирээд П той “энэ мангар бацааныг цохиод хаячих уу” гээд яриад маргалдаад байсан. Тэгэхдээ бол бид нараас жаахан зайтай байсан ба энэ үед С  ах машины хаалга онгойлгоод лоом бариад ирж явахыг нь харсан ба өөдөөс нь очсон лоомоо модны ардуур тавьчихаар нь би очоод манай хажуу талд байдаг болохоор нь би “агаа та лоомоор яах гээд байгаа юм бэ” гээд байж байсан. Л  ирээд С  ахыг гараараа нүүрлүү нь цохих шиг болсон, Г  бид 2 лоомыг нь татаж булааж авсан. Тэгээд С  ах газар унасан ба би түүний ар нурууруу нь 2-3 удаа өшиглөөд Л  мөн С  ахын нүүр цээжрүү нь бас өшиглөөд 2-3 удаа өшиглөөд авсан. Г  тэгэхэд хамт байсан ба Г  яасныг бол хараагүй. Энэ үед С  ах газар баруун талаараа хэвтээд гараараа толгойгоо хамгаалаад атийгаад хэвтчихсэн байсан. Тэгээд бид цаашаа яваад очтол С  Б  2 зодолдсон бололтой Б  нь ухраад явж байхдаа намайг шаачихлаа гээд байсан. Тэгээд байж байсан О  ах С  ах 2 лоом юм уу мод юм уу гартаа 1 нэгийг барьчихсан бид нарыг хөөхөөр нь бид нар тараад зугатаасан чинь С  нь 31 машинаа асааж бид нарыг дайрах гэж хөөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 65-67 тал/,

Гэрч Ц.Т  ын өгсөн: “...Манай хүү Э   “алах гэж байна” гээд уйлчихсан хүрээд ирсэн. Тэгээд яасан талаар асуухад болсон асуудлаа хэлээд тэгээд С ын гэрийн үүдэнд Э   бууж үлдээд эхнэр том хүү бид 3 цаашаа машинаараа гэрэлтүүлээд дан байраар хайж яваад буцаад гараад ирсэн “Х” гэсэн гудамжинд манай хүүхэдтэй хамт явсан найзууд, нөгөө мод барьсан 3 нөхөр гээд тэд нар уулзчихсан бүгдээрээ зодоон хийж байсан. ...Тэгэхдээ С ын гэмтчихсэн зургыг авчихсан харуулаад явсан. Харахад С ын духанд л яз цохигдсон юм уу гэмээр харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 72 тал/,

Гэрч Э.Н гийн өгсөн: “...Тэгсэн С  ахыг Л  унагаачихсан байж байхдаа гэдэс рүү нь өшиглөөд зодож байсан ба Э   мөн гараараа цохиж зодоод байсан. Л  тэр ахын эрүүрүү нь 1 удаа өшиглөчихсөн. Ингэхэд нь Г  бид 2 лоомыг нь салгаж авах гээд зогсож байхад ийм юм болсон. Тэгээд цаашаа яваад харсан Б  ахыг С  газар унагаачихсан зодож байсан ба би П ын дүү Т рүү явчихсан байсан. Т  мотоцикльтойгоо тэр газраас нэлээд зайтай зогсож байсан. Тэгсэн хэн нь юм нэг нь машинаа асааж бид нарыг “дайрч ална пиздаануудыг” гээд бид нарыг хөөсөн ба С  нь мөн лоом барьчихсан давхар хөөгөөд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 74-75 тал/,

Гэрч Э.Т ын өгсөн: “...Тэгээд О ыг газар унагаачихсан Б , Э  , Н  3 өшиглөөд зодож байсан ба манай нөхрийг Л  гэх залуу заамдчихсан, Э ын аав Т , ээж нь болох Т  эгч, төрсөн ах нь У  гэх 3 хүн ирчихсэн хүүхдээ салгаж авах гээд байгаа бололтой зууралдаад хүүхэд нь дийлдэхгүй байсан. Б  бас тэд нартай маргалдаад зогсож байсан. Н , Г  2 гартаа чулуу атгачихсан, Л , Э   нар гартаа прүүс мод барьчихсан байсан. Тэгээд салгах гэсэн намайг зодооны үед баруун мөрөн дээр цохисон ба хэн нь цохисонийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 78 тал/,

Гэрч Ц.Д ын өгсөн: “...Манай нөхөр орой утсаар ярихдаа нэг их согтуу биш байсан ба өглөө ирэхдээ бол эрүүл ирсэн. Тэгээд би эрүүл байж яасан юм гэхэд аймар дайраад бид нарыг зодсон, тэгээд гудамжинд зодоон хийгээд С гын гэрт очиход нь гэрийнх нь гадуур тойрч алхаад чулуу шидэж барьсан гэж хэлсэн. Ийм л зүйл мэднэ. Тэр шөнө манай гэрт ямар нэгэн хүн орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 82 тал/,

Гэрч Б.Б ийн өгсөн: “...Манай нөхөр гэртээ ирэхдээ юм яриагүй ба Э   орж ирчихээд “танай нөхөр намайг зодчихлоо” гээд л хашгичаад байсан. Маргааш өглөө нь босоод ирсэн манай нөхрийн эрүү аймар хавдчихсан байсан ба Туул эмчид үзүүлсэн ячинь Орхон аймаг явж үзүүл гээд Медипаст эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуул гэсэн шүд хамарсан эрүү хугаралтай байна гэсэн. Тэгээд шүдэндээ аппарат зүүсэн. Юм идэж болохгүй 1 сар шингэн бантан идэж байгаад саяхан аппаратаа авахуулсан ба сайн эдгэхгүй хавдаад байна. Буглаад байгаа бололтой л байна. Хоол ундаа сайн идэж чадахгүй л байна. ...” гэх мэдүүлэг /хх 89 тал/,

Шинжээч эмч М.Мөнх-Оюуны өгсөн: “...Хохирогч С т учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С ын биед учирсан зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын цус харвалт, эвэрлэгийн гэмтэл, духанд оёдол бүхий шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн шанаа, хүзүү, баруун чихэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Мохоо зүйл гэдэгт банз мод орно. ...” гэх мэдүүлэг /хх 127 тал/,

Шүүгдэгч Э.Л  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд П ыг өмөөрч С , С  ах нартай муудалцсан. С  ах өөрөө бид нар руу лоом бариад дайрнаас болж энэ асуудал болсон. С  ахад гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, ойлгосон, надад дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. С  ахад учруулсан гэмтлийг би учруулсан. Би хохирол төлөөгүй байгаа, цаашид би нэхэмжилсэн мөнгийг төлнө, ажил хийгээд төлнө. Хохирлын асуудал дээр маргах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 160 тал/,

Шүүгдэгч Б.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд хохирогч С  ахын нүүрэн тус газарт банз модоор 1 удаа цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Би голын эрэг дээр зодуулсан уурандаа С  ахын гэрт нь очиж банз модоор цохиж гэмтэл учруулсан. Би дүгнэлттэй танилцсан, ойлгосон, санал хүсэлт байхгүй. Хохирогч С т учруулсан хөнгөн гэмтэл нь миний үйлдлээс болж учирсан. ...Цаашид хохирол барагдуулна. Одоо дулаарч байгаа болохоор барилга дээр ажиллаад төлнө. ...” гэх мэдүүлэг /хх 165 тал/,

Булган  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээчийн 2019 оны  07 дугаар сарын  22-ны өдрийн 220 тоот:

1. Магадлуулагч С.С ын биед доод эрүүний хугарал, хамар яс болон таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт /хх 101 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаартай:

1. Магадлуулагч Э.С ын биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын цус харвалт, эвэрлэгийн гэмтэл, духанд оёдол бүхий шарх, зүүн шанаа,  хүзүү, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Магадлуулагч нь Э.С ын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 106 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-24/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 103, 116, 121/, яаралтай тусламжийн хуудас /хх 107-115, 119-120/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 128, 139/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи баримт /хх 129-131, 140-144/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 134-138, 172-184/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч Э.Л  нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ...ы нутагт хохирогч С.С тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

     Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ...ы  нутагт хохирогч Э.С тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.     

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Л , Б.Б  нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч нарын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүхээс шүүгдэгч Э.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь нар нь гомдолтой эмчилгээтэй холбоотой болон бусад холбогдох зардлыг нэхэмжилнэ гэх бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлөхийг илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Э.Л , Б.Б  нарын буруутай үйлдэлийн улмаас хохирогч С. С , Э. С ын эрүүл мэндэд гэм хор, хор уршиг учирсан ба хэрэгт авагдсан  хохиролын баримтыг судлахад  медипаст эмнэлэгт компьютр томографт толгойн зураг авахуулсан 150000 төгрөг, эмийн  үнэ 80000 төгрөг бүгд 230000 төгрөгийг шүүгдэгч Э.Л аас гаргуулж хохирогч С.С т, нэхэмжлэлийн шаардлагаас хоол, хүнсний зүйлийн үнэ 24400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,  медипаст эмнэлэгт компьютер томографт толгойн зураг авахуулсан 150000 төгрөг, үзлэгийн 30000 төгрөг, бензины 10000 төгрөг  бүгд 205000 төгрөгийг шүүгдэгч Б.Б оос гаргуулж хохирогч Э. С т олгохоор тус тус шийдвэрлэв.

Харин хохирогч С..С , Э.С  нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Э.Л , Б.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөрөнгө орлого олох боломж, хэргийн зүйлчлэл ялын төрөл хэмжээний талаар прокурорын гаргасан саналыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг байдлыг  харгалзан  торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Л , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92 см урттай, 12.5 см өргөнтэй, 1.9 см зузаантай банзны хугархай 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргуулахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э ын Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай хохирол учруулсан,

Шүүгдэгч Б овогт Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см урттай, 12.5 см өргөнтэй, 1.9 см зузаантай банзны хугархай  мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Баасандоржид даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Б , Э.Л  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Л аас 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Хангал сумын ...од оршин суух хохирогч С.С-т олгож, шүүгдэгч Б.Б оос 205000 /хоёр зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Малчдын 7-703 тоотод оршин суух хохирогч Э.С-т тус тус олгох, хохирогч С ын нэхэмжлэлийн шаардлагаас 24400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хохирогч С.С , Э.С  нар нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирлоо  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Э.Л  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Э.Л  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ