Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 65

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Ө.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ө-ийн Ч т холбогдох 2015000820048 эрүүгийн дугаартай, 163/2020/0063/Э индэкстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Б аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ө.Ч.

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Ч  нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас шинэс төрлийн 7.03м3 хэмжээтэй түлшний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө **-** БУЛ улсын дугаартай Hyundai porter загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Булган сум руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ч ын өгсөн: Мөрдөн шалггах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000820048 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Ө.Ч ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний хооронд Булган аймгийн Бугат сумын “Н” гэх газраас мод бэлтгэсэн. Тэгээд бэлтгэсэн модоо өөрийн ...-... БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад дүү Эрдэнэбулганы гадаа аваачиж тавиад маргааш өглөө нь үүрэр очиж машинаа аваад Булган сумын төв орж зарах зорилготой яваад замын цагдаад баригдсан. Тухайн модыг ганцаараа бэлтгэсэн.  ...-... БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Хохирол төлбөрийг төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 85-86 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Э-ны өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн ...ийн иргэн Г нь 14 цагийн үед мод бэлтгэх эрхийн бичиг авъя гээд татвар төлсөн баримтаа авч ирсэн. Би “Н” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Надад мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүй мод бэлтгэх, тээвэрлэж явахдаа Булган сумын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаад баригдсанаа хэлэхгүйгээр надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Цагдаагаас над руу ярихад би худал хэлж мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар мэдсэн. ... Байгаль экологид учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 24-25 тал/,

Гэрч А.Ч-ийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 05 цаг 30 минутын үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн урд үзлэг шалгалт хийж байхад ...-... БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр мод ачсан жолооч Ч ыг шалгахад мод, модон бүтээгдэхүүн тээвэрлэх эрхийн бичиггүй байсан. ... Зохих зөвшөөрлийн бичиг байхгүй гэх хариулт өгсөн. Ийм учраас тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 34-35 тал/,

Гэрч М.Г-ийн өгсөн: “... Тухайн үед ах Ч  нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой манай гэрийн гадаа өөрийн эзэмшлийн ...-... БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр мод аччихсан ирсэн. Ах нь маргааш авна гээд явсан. Маргааш өглөө нь 06 цагийн орчимд машинаа авч явсан бөгөөд Булган аймаг орж зарна гэхэд нь би группын ажилтай байсан учир хамт явъя гээд суугаад явсан. Бид 2 Булган аймгийн төв рүү орж Нэгдсэн эмнэлгийн урд намайг буулгах гээд явж байгаад замын цагдаа нарт баригдсан. Журмын хашаа руу машиныг минь хийхээр нь сандарсандаа Бугат сумын байгаль хамгаалагч Эрдэнэчулуунаас татвар төлсөн баримт өгч мод бэлтгэх гэсэн юм гээд худлаа яриад мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 36-37 тал/,

Гэрч Ө.Э-ийн өгсөн: “... Манай ах Ч  нь цагаан сар болох гэж байна, мөнгөний хэрэгцээ байна гээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой цагийг нь сайн санахгүй байна, харанхуй болсон байхад ирсэн. ... Би та хаанаас мод хийсэн юм бэ гэхэд “Н” гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн. ... Маргааш өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 05 цагийн орчимд ирсэн. Ах модоо Булган аймаг руу оруулж зарна гэсэн чинь манай эхнэр группын хуралтай гээд хамт суугаад явсан. ... Манай гэрийн гаднаас мод бэлтгээгүй, ах Ч  өөрөө мод бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 40-42 тал/,

Гэрч Ц.Ц-ийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 07-08 цагийн хооронд байх цагийг нь сайн санахгүй байна. Эмнэлэг дээр байна, мод авч явж байгаад цагдаад баригдчихлаа гэж манай нөхөр Ч  хэлсэн. Би ингэж мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 43-45 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 200043 дугаартай: “... ...-... БУЛ улсын дугаартай Huyndai porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоох хэрэгт шинжээчээр ажилласан. Шинжээчийн дүгнэлт гарахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судлаж, дахин боловсруулалт хийж үнэлгээний дүгнэлтийг 2.200.000 төгрөг гэж тус тус дүгнэж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 47-51 тал/,

Хууль бусаар бэлтгэсэн гэх модын үнэлгээг тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай:

1.Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна.

2.Уг мод нь түлшний мод байна.

3.Тухайн 1.4 метрийн урттай 56 ширхэг модны нийт эзэлхүүн 7.03м3 байна. ... Уг модны нийт төлбөр 200.355 төгрөг байна.

4.Булган аймгийн Бугат сумын “Н” гэх газарт мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 58 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 200044 дугаартай: “... Уг гэмт хэргийг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажилласан. Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судлаж, дахин боловсруулалт хийж үнэлгээний дүгнэлтийг 72.000 төгрөг гэж тус тус дүгнэж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 71-75 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 3-6/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 7-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 10-11/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-н 12-13, 14-15/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 16-17/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтууд /хх-н 55-56, 64-65, 68-69, 76-77/, хохирлын үнэлгээ тооцсон тухай баримт /хх-н 67/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх- 79-80/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 83-86/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 90-92/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 94/, ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /хх-н 98/, мод бэлтгэх талбайг сонгосон тухай акт, түүнтэй холбоотой баримтууд /хх-н 99-102/, тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-н 103/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-н 113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Ч  нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас шинэс төрлийн 7.03м3 хэмжээтэй түлшний мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө ...-... БУЛ улсын дугаартай Hyundai porter загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Булган сум руу тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт нотлогдож, тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан бодит байдалтай нийцсэн байх учир нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзэж байна.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч Ө.Ч т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Ө.Ч ыг дээрх хууль зүйн факт буюу үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх учир түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж байна.

Шүүгдэгч Ө.Ч т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ө.Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгчид  байгаль, экологид хохирол, хор уршиг учирсан бөгөөд хохирол төлбөрт 601.100 төгрөг төлсөн байх учир хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Ч  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд үүний дагуу түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж, торгуулийг хуульд заасан хугацаанд төлөх саналтай байгааг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Ч ын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 56 ширхэг  буюу 7.03м3 мод, 2200000 төгрөгөөр үнэлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл, 72000 төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгч Ө.Ч аас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Т овогт Ө-ийн Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Ч ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар  2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 56 ширхэг  буюу 7.03м3 мод, 2200000 төгрөгөөр үнэлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл, 72000 төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгч Ө.Ч аас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

4. Шүүгдэгч Ө.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч торгуулийн ялыг хуулийн хугацаанд төлөхөө илэрлхийлсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНДУЛАМ