| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00344/И |
| Дугаар | 00010 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 00010
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 4 дүгээр байрны ¹ 05 тоотод оршин суух, 1982 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Шарнууд овогт Бат-Очирын Есөн-Эрдэнийн нэхэмжлэлтэй /РД: МБ82012410/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 4 дүгээр байрны ¹ 05 тоотод оршин суух, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, Хорчин овогт Чогровын Нд холбогдох /РД: МБ80100127/
гэрлэлт цуцлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Е, хариуцагч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ч.Нтэй 2004 онд танилцаад 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Охин Е.Ялгуун 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, хүү Е.Хурцхад 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Ч.Н бид хоёр 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг гэрт хамт амьдарсан. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ч.Н нь Улаанбаатар хотод эчнээгээр дээд сургуульд сурахаар яваад гэр бүлийн харьцаа хөндийрч эхэлсэн. Энэ хугацаанд би араас нь хөөцөлдөж хоёр хүүхдээ бодооч гэж их явсан боловч эргэж ирээгүй. Надтай хамт амьдрахгүй, чамаас сална, хоёр хүүхдээ чи ав, би чамаас юу ч авахгүй гэж хэлдэг байсан. Би тухайн үед ажил төрлөөсөө гараад араас нь зөндөө явсан боловч ерөөсөө ойлгохгүй улам цаашаа сэтгэлтэй болсон. Хоёр хүүхэд маань энэ хугацаанд өвчин зовлон тусах гээд хүндрэл зовлон надад их байсан боловч даван туулсаар ирсэн. Тэгээд сүүлийн 2 жилд би аргагүйн эрхэнд хамтран амьдрагчтай болоод хамт амьдарч байна. Н бид хоёрт буцаад хамт амьдрах эвлэрэх боломж байсан боловч энэ хүн тэгэхийг хүсээгүй. Шүүх биднийг гэрлэлтийг цуцлахыг урьтал болголгүй эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч бид эвлэрээгүй. Одоо бид цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул шүүхэд хандсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Етэй 2006 онд гэр бүл болсон. Бид 07 жил хамт нэг гэрт амьдраад 2013 онд би Улаанбаатар хот руу дээд сургуульд суралцахаар явсан. Сургуульд явснаас хойш намайг өөр хүнтэй явдаг болсон гэж агсан согтуу тавьдаг болсноос хойш бид салах болсон. Өмнө нь ч гэсэн бидний гэр бүлийн харьцаа таарамжгүй байсан. Би тэр үед их тэвчдэг байсан. Гэтэл сүүлдээ бидний харьцаа улам муудсаар 2013 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би хоёр хүүхэдтэйгээ байнга холбоотой байсан. Би 3 удаа нийлэх гэж очсон боловч намайг чи тэгсэн ингэсэн гээд дарамталдаг байсан. Одоо би ч гэсэн өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүхдээ эцгийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрнө. Надад өөрийн гэсэн орон байр байхгүй тул өөрийнхөө асрамжинд авах боломжгүй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Е, хариуцагч Ч.Н нар нь 2006 оны 05 дугаар сард гэр бүл болж 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Е.Ялгуун, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүү Е.Хурцхад нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийг бүртгэсэн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас буюу 2013 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд Б.Е, Ч.Н нар нь өөр хүнтэй гэр бүлийн хамтын амьдралтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Б.Е, Ч.Н нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрэх, гэр бүлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авахыг зохигч нарт даалгасан боловч үр дүнд хүрээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Есөн-Эрдэнийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдээ хэний асрамжинд үлдээхээр тохиролцсон болон хүүхдээс асуухад гаргасан санал зэргийг харгалзан охин Е.Ялгуун, хүү Е.Хурцхад нарыг эцэг Б.Есөн-Эрдэнийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Бат-Очирын Е, Хорчин овогт Чогровын Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Е.Ялгуун, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Е.Хурцхад нарыг эцэг Б.Есөн-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ед олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Баянгол сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.